Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагагүй гэж үзэв
2017.05.18
Хууль, эрх зүй

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.18/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81,2 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан бөгөөд хэд хэдэн маргаантай асуудал хэлэлцсэн. Эдгээр санал дотор "Төслийн 6,1 дүгээр зүйлийн доор дурдсан агуулгатай 5 дахь хэсгийг хасах" гэсэн санал гаргажээ. Тодруулбал, 

"Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хэргийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна" гэж байгаа юм. 

Уг саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан бөгөөд байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцдаа Б.Пүрэвдоржийн саналыг дэмжихгүй гээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд энэ саналаа оруулсан байдаг.

Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн олонх прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. 

Гэвч байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үеэр саналын томьёоллыг өөрчилж, "Төслийн 6,1 дүгээр зүйлийн доор дурдсан агуулгатай 5 дахь хэсгийг хасах" гэж оруулж иржээ.

Өөрөөр хэлбэл Хууль зүйн байнгын хорооны гишүүд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагагүй гэж үзэж байна. 

Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг саналын томьёоллоор санал хураахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нар байнгын хорооны саналыг эсэргүүцэж үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэмжиж үг хэллээ. Тэд УИХ дээр олонхийн дэмжлэг авсан саналыг байнгын хороо унагааж байгааг ихээхэн шүүмжлэл, Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба яагаад байх ёстой талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа байнгын хорооны саналаар санал хураахад 52 гишүүнээс 37 гишүүн зөвшөөрч, 71,2 хувийн саналаар Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба шаардлагагүй гэж үзсэн юм.  

О.Баасанхүү: Цагдаагийн албан тушаалтнууд хэрээс хэтэрч байгаа

Хоёр асуудал байна. Прокурорт давуу байдал олгохгүй байя эсвэл цагдааг цагдаагаар нь, прокурорыг прокуроор нь шалгуулдаг байхаар тогтож болно. Сүүлийн үед цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэг ёсондоо хэрээс хэтэрч байна.

Би энд Орхон аймгийн 13 цагдаад тохиолдсон явдлыг жишээгээр дурдаж болно л доо. Өнөөдөр яг одоо энд тодорхой субьектийн хэргийг хэн, яаж мөрдөх гэдэг нь гол асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл усгай субьектийг хэнээр шалгуулах вэ гэдэг асуудал. УИХ-ын дэргэдэх мөрдөн байцаах байгууллага болох Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийг хэн шалгах вэ, хэнд гомдол гаргахыг хэлээд өгөөч. 

Ё.Баатарбилэг: Цагдаагийн албан хаагч ёс зүй, хариуцлага алдах нь олонтаа байдаг

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзээд байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжээгүй.

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байх нь зүйтэй гэж үзэж байгаагийн гол шалтгаан нь хөдөө, орон нутагт цагдаагийн албан хаагчидтай холбоотой зөрчил маш их гардаг. Төрийн нэрийн өмнөөс иргэнтэй харьцдаг, цагдаа болон цагдаагийн албан хаагчид танхайрах, архидан согтуурах эсвэл ахуйн хэрэг зөрчил гаргах, ёс зүй, сахилга, хариуцлага алдах явдал байдаг.

Судалж үзэхэд 2014 оноос өмнө нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албагаар шийддэг байсан гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь цагдаагийн албан хаагчидтай холбоотой хэрэг, зөрчил байсан. Энэ албыг татан буулгаснаас хойш хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид холбоотой хэрэг, зөрчлийг ЦЕГ-ын дэргэдэх тусгай субьектийн хэргийг мөрдөх алба харьяалах болсон.

Хэрэв цаашид энэ хэвээр явбал энэ албаны чиг үүргийг тодорхой болгох, орон тоо, хүчин чадлыг нэмэх, албан хаагчдыг чадавхжуулах асуудал давхар яригдахаас өөр аргагүй болох нь. Энэ тухай хуульд тодорхой заалтууд оруулж өгөхгүй юм бол цагдаа цагдаагаа, прокурор нь прокуророо хамгаалдаг сөрөг үр дагавар гарах вий гэж болгоомжилж байна.

Б.Пүрэвдорж: Цагдаагийн алба хүний эрхийг зөрчсөөр байна

2004 онд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байхдаа 417 хэрэг нэг жилийн дотор шалгаж байсан байдаг. Гэтэл прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойших гурван жилийн дотор нийт 212 хэрэг шалгасан бөгөөд өөрөөр хэлбэл хэрэг илрүүлэлт найм дахин буурсан байдаг. Ийм л статистик байна.

Тиймээс цагдаагийн байгууллагын албан тушаалтан нь нэг гараараа мөрдөн байцаагчаа хууль зөрчсөн үйлдлийг шалга гэдэг. Нөгөө гараараа хэргийг шалгах явцад тухайн мөрдөн байцаагч хууль зөрчлөө гэж иргэн гомдол гаргахад энэ мөрдөн байцаагчийг шалга, гэм зэмгүй болгодог гэдэг практик байсаар байна. Тийм учраас тусгай субьектийг шалгадаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Тэгэхгүй бол цагдаагийн байгууллага намын томилгоогоор томилогддог болсон энэ үед хэн нэгнээс өшөө авдаг байгууллага болж хувирах юм бол бид ямар нийгэмд амьдрах вэ? Тодорхой шийдэл гаргахыг хүсч байна. Цагдаагийн байгууллага сүүлийн үед хүний эрхийг зөрчих, өөрсдийн ур чадвараар хэргийг илрүүлэх биш хүнийг залхаах хандлагатай ажилладаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Ц.Нямдорж: АТГ-ын мөрдөн байцаагчийн үйлдсэн хэргийг хэн шалгах юм бэ?

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар энэ саналыг олонхоороо дэмжсэн шүү дээ. Гэтэл яагаад өнөөдөр “хасах” гэж оруулж ирж байгаа юм бэ? Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид хэрэг үйлдэх тохиолдол гарна. Үүнийг хэн шалгах вэ?

1990 он хүртэл Цэргийн хэрэг шүүх прокурор гэж байсан. Цагдаагийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын үйлдсэн хэргийг Цэргийн шүүх прокурор шалгаж шийдвэрлэдэг байсан. 1992 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Цэргийн хэрэг прокурор татан буулгасан.

Дараа нь 1994 онд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хэрэг бүртгэдэг, мөрдөн байцаадаг, шүүгч нарын албан үүргээ гүйцэтгэх явцад үйлдсэн хэргийг шалгадаг албатай бол болохгүй гэж үзээд Прокурорын дэргэд мөрдөн байцаах албатай болсон. Гэтэл энэ албыг татан буулгасан. Яагаад байнгын хороо УИХ дээр олонх дэмжсэн саналыг хасах гэж оруулж ирэв? АТГ-ын мөрдөн байцаагчийн үйлдсэн хэргийг хэн шалгах юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Прокурор прокурорын үүргээ л биелүүлэх ёстой

Прокурор нь төрийг шүүхэд төлөөлөх, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавих, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн дөрвөн үндсэн үүрэгтэй. Уг хяналт тавьдаг байгууллага дэргэдээ мөрдөн байцаах албатай байх нь зохимжгүй гэж үзсэн. Энэ зарчмыг мөрдлөг болгон өчигдөр байнгын хороон дээр Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байгуулах саналыг дэмжээгүй.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн ярьдаг үнэн. Цэргийн прокурор гэж социализмийн үед байсан. Цэргийн прокурор гэж байхдаа хүмүүсийн жижиг сажиг гомдлоор эрүү үүсгэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг байцааж, дарамталдаг байсан. Үүнийг тухайн үед ажиллаж байсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бүгд мэднэ. Өнөөдөр бид эрх зүйн дэвшлийн тухай ярьж байгаа бол тагнуулын ч бай, АТГ-ын ч бай шалгаж буй хэрэгт хуулийн дагуу прокурор хяналт тавьж байгаа учраас энэ үүргээ л биелүүлэх нь зөв гэж үзсэн. Тиймээс асуудлыг зөв талаас нь хараарай.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Сая байнгын хорооны хуралдаанаар бол УИХ-ын дэгийн дагуу 2/3-оор энэ санал буцаад босч орж ирж байгаа. Байнгын хорооны гаргасан саналыг яг одоо хэлэлцэж байна.