2017.05.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Залуучууд харъяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой

Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал залуучуудын бие даасан эрх зүйн орчинтой болж байгааг том дэвшил гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Н.УЧРАЛ: ОЮУТНЫ ЦАГИЙН АЖЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ АНХ УДАА МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРЖ ИРЖ БАЙНА

Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс 181 орноос 71-р байранд бичигддэг нь чамлалттай үзүүлэлт юм. Зах зээл шилжсэнээс хойш 27 жилийн хугцаанд төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого гарч байсан боловч бие даасан эрх зүйн орчин байгаагүйгээс болж өнөөдөр ингэж хойгуур байр эзэлж байна. 27 жилийн хугацаанд анх удаагаа залуучуудын бие даасан эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил юм.

Энэ хууль гарснаар 21 аймаг, 9 дүүрэгт залуучуудын хөгжлийн төв 2018.01.01-нээс ажиллаж эхлэнэ. Залуучуудын хөгжлийн төв бол залуучуудад насан туршийн боловсрол олгох, амьдрах ухааны сургалт явуулах, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой байна. Энэхүү хөгжлийн төвөөрөө дамжуулж гарааны бизнесийг дэмжих, бизнес инкубаторыг дэмжих, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаанууд явагдана.

Оюутны цагийн ажлын тухай ойлголт анх удаа Монгол Улсын хууль тогтоомжид орж ирж байна. Мөн шинээр төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан байгууллагуудыг төрөөс дэмжих, хүмүүжлийн ач холбогдолтой, гэр бүл төлөвлөлтийн ач холбогдолтой уран сайхны бүтээл туурвисан уран бүтээлчдийг төрөөс дэмжих, хөдөлмөрийн зах зээл боловсролын салбар хоёрын уялдаа холбоо, малчин залуучуудын хөдөлмөр эрхлэх, зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих ажлууд энэ хуулинд тусч байгаа. Мөн харъяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах боломжийг залуучуудад бүрдүүлж өгсөн.
Цаашдаа энэ хуулийг дагалдаж олон журмууд гарах ёстой. Энэ хөтөлбөр, журмуудыг гаргаж 2018.01.01-нээс энэ хуулиа баялагжуулахад УИХ-ын залуу гишүүдийн оролцоо дэмжлэг хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ