МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийслэлийн удирдлагууд болон УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга  дүүрэг, хороодод хүрч ажиллаж байна
2017.05.23
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Нийслэлийн удирдлагууд болон УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга дүүрэг, хороодод хүрч ажиллаж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд тодорхой шийдвэрлэх асуудалтай дүүрэг, хороодын ажил байдалтай газар дээр нь  танилцаж буй бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Дарга нар албан өрөөнд сууж, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч шийдсэн төдий нэр зүүх биш хороо бүрт хүрч, иргэдийнхээ үгийг сонсон, амьдралд нийцсэн ажил хийх хэрэгтэйг хотын дарга онцолж буй юм. Тэрбээр, өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, хороодод  ажиллажээ. Дүүрэг бүрт үе үеийн хотын дарга нарын үед яригдаж байсан, шийдвэрлэх олон асуудал бий. Энэ бүхэнд шийдэл гаргахаар хотын дарга ажиллаж байгаа юм.

Энэ удаа Засаг даргын хамт УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нар ажилласан юм. Мөн нийслэлийн газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

ХУД-ийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрик орчмын иргэдийн толгойны өвчин болсон асуудал нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт юм. 10 жилийн өмнө хурдан морьд уралдаж, зүлэг ногоо ургасан сайхан хөндий байсан уг газар өнөөдөр ухаж сэндийлсэн, нүд хальтрам болсныг оршин суугчид нь хотын даргад учирлав.

Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээлснээр ХУД-т хайгуул, ашиглалтын лицензтэй 87 аж ахуйн нэгж бий. Үүний дийлэнх нь хайрганы лиценз эзэмшдэг. Эдгээрээс 43 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Энэ онд бид 43 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Дахин 17 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр холбогдох газарт хүргүүлсэн” гэв. Мөн 35 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох газарт мэдэгдээд байна.  Эдгээрээс 6 компани нөхөн сэргээлт хийсэн хэмээн албаны хүмүүс танилцуулав.

Харин энэ нутгийн иргэд яг ямар компани нөхөн сэргээлт хийсэн, нэрийг нь хэлэхийг шаардав. Их дэлгэрмөрөн, Элит 3 багана, Минжийн хангайн төгөл, Очир ням, Боржгоны тал гэсэн нэрсийг хэлэхэд, иргэд Боржгоны тал ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй, ганцхан “Очир ням” компани л нөхөн сэргээлт хийсэн гэв. Боржгоны тал компани 5 гүний худаг гаргааж цэвэр усаар хайргаа угаадаг. Худаг нь лаг шавар болоход дахиад л шинэ худаг гаргадаг. Тэд одоо бүр айлын хашаанд тулчихаад байна хэмээв. Тус компанийн үйл ажиллагааг  2015 онд хориглосон ч одоог хүртэл ажиллаж байна хэмээн  нэг иргэн хэлсэн юм.

"Ил тод байдал" ТББ-ын гишүүн Г.Отгонбаатар, "Бөхөнгийн гол татарч тасарсан. Шөнө дөлөөр олон компани ажилладаг. Би 9 настай хүүхдээ карьерын усан цүнхээлд алдсан хүн. Өнөөдөр бидний амьдрах орчин үнэхээр хүнд байна гэсэн бол  "Ил тод байдал" ТББ-ын  гишүүн Б.Болд манайх замын хажууд байдаг болохоор шөнийн цагаар 100 гаруй автомашин явж байна. Үнэхээр хүнд нөхцөлд бид амьдарч байгаа гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Өргөдлийн байнгын хороонд 6000 өргөдөл ирж байсан. Хотын даргад юуны өмнө нь талархал илэрхийлмээр байна. Карьеруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Харин дунд, доод шатандаа ажил хэрэг болгомоор байна. Ашигт малтмалын тухай хуулиар нөхөн сэргээлт хийгээгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хуулийн заалт бий. Гэтэл нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын үйл ажиллагааг зогсоохгүй байна. Өнөөдөр ард иргэдийнхээ амьдардаг газрыг нь ухаад, гол горхийг үгүй хийдэг улс орон байхгүй. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.
Хотын Захирагч С.Батболд, Захирамжийн биелэлт хангалттай хэрэгжихгүй байгааг харлаа. Энэ нутаг бол миний төрсөн нутаг. Энд наадмын хурдан морь эргэдэг байсан. Би долоон настайгаас л энэ газрыг мэднэ. Үнэхээр байгаль дэлхий гундсан, эмгэнэлтэй байна. Энэ нутагт дахиж сөөм газар ч ашиглуулахгүй, бүгдийг зогсооно. Нутгийн иргэд, ТББ-ууд сайн ажиллаж байна. Энэ нутгийн хаана ямар үйл ажиллагаа явуулж байгааг тодорхой үзүүлсэн зураг гаргажээ. Бид ЗЦГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гээд холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтарч үе шаттай ажиллана. Нийслэлийн Засаг даргын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Туул голын хойд талд үйл ажиллагаа зогссон байна. Одоо голын урд талыг зогсооно. Мөн Төв аймагтай хил залгаа учраас  бас хамтарч шийдвэрлэнэ. Замын асуудлыг ч цэгцэлнэ. Бүгдээрээ хамтраад шат дараалсан арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэв. 
Нийслэлийн Засаг даргын дараагийн очсон газар  бол ХУД-ийн 10-р хорооны 34, 35 дугаар байр байв. Тус байруудын  байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Иргэний нисэхийн ууган орон сууц болох энэ байрууд ашиглалтанд ороод олон жил болж ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй болсныг оршин суугчид хэлж байв.
Энэ тойргоос нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Бид хоёр гарц харж байна. ТОСК-иас энэ хүмүүсийг шинэ орон сууц баригдтал түрээсийн мөнгөө төлж чадвал бид одоо байгаа орон сууцанд түр оруулаад шийдвэрлэж болох юм. Эсвэл улсын төсөв дээр мөнгийг тавиулж, нэг айлд хоёр өрөөгөөр бодоход 53 сая төгрөг буюу нийт 5,3 тэрбум төгрөг гаргавал болох гээд байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд энэ мэт шийдэх асуудал бий. Бодит байдал ийм байгааг та бүхэнд хэлэх ёстой” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга, “Өмнө нь гурван удаа сонгон шалгаруулалт зарлахад яагаад компаниуд ирээгүй  вэ гэхээр  дэд бүтцийн асуудлыг шийдээгүй байсан. Энд 2 байрны нийт 96 айл байгаа. Дахин төлөвлөлтөөр 384 айлын орон сууц болгож өргөтгөөд бүх асуудлаа шийдэх гарц байна. Одоо харин нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөг суусан. Үүгээр бохирын шугам, насос гээд дэд бүтцийн асуудлаа шийдэх болохоор энэ зунаас барилгын ажил эхлэх боломжтой гэдгийг та бүхэнд дуулгаж байна” гэв.
Эндээс  ХУД-ийн 5 дугаар хороо /Яармаг/-ны Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцав. Олон жил болсон энэхүү нийтийн байр нь гэр хорооллын дунд оршдог учраас дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд тун хүндрэлтэй гэдэг нь тодорхой байв. Тиймээс ч өнөөг хүртэл оршин суугчид нь гомдол гаргаад шийдэж чадахгүй байгааг хэллээ.
Асуудлыг газар дээр нь ирж үзсэн  Хотын дарга боломжит гарц олж шийдвэрлэнэ гэлээ.   Иргэд хотын дарга  асуудалд анхаарал хандуулж, нөхцөл байдалтай биечлэн танилцсанд таатай байна. Өмнө нь ямар ч хотын удирдлага ингэж бүрэн бүрэлдэхүүнээр асуудлыг нь шийдэхээр ирж байгаагүйг оршин суугчид онцолж байлаа.
Эндээс Хотын дарга, ХУД-ийн 3 дугаар хороонд орших Технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаад энэ өдрийн тус дүүрэгт ажиллах хөтөлбөрөө өндөрлүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ