МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сангийн сайдын мэдээлэл сонсов
Эдийн засгийн байнгын хороо
2017.05.24
Эдийн засаг, Худалдаа

Сангийн сайдын мэдээлэл сонсов

Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээллийг сонслоо.

undefined

Сангийн дэд сайд Х.Булгантуяа Засгийн газрын төгрөгөөр илэрхийлсэн өрийн үлдэгдэл 2016 оны эцэст 22,280.1 тэрбум төгрөгт хүрсэн талаар танилцуулгын эхэнд дурдав. Үүнээс гадаад өр 12,363.8 тэрбум төгрөг, дотоод өр 6,464.9 тэрбум, Засгийн газрын өрийн баталгаатай зээлийн үлдэгдэл 3, 451.5 тэрбум төгрөг байсан бол 2017 оны эхний улирлын байдлаар өрийн үлдэгдэл 20,970.6 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 13,951.5 тэрбум төгрөг нь гадаад өр, 5,148.4 тэрбум төгрөг нь дотоод өр, 1,870.7 тэрбум төгрөг нь Засгийн газрын баталгаа хэмээн Сангийн дэд сайд танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдэлийн ДНБ-д харьцуулсан харьцаа нь 2016 онд 80 хувь байхаас гүйцэтгэлээр 79 хувь, 2017 онд 85 хувь байхаас энэ оны эхний улирлын байдлаар 72.7хувьтай байгаа нь хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангажээ. Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн газрын өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засагт тулгамдсан дахин санхүүжилтийн өндөр эрсдэлтэй байсан Засгийн газрын баталгаатай 2017 оны гуравдугаар сарын 21-нд эргэн төлөгдөх хуваарьт Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондыг өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд амжилттай дахин санхүүжүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд улсын гадаад валютын нөөцийг огцом хэлбэлзэлгүй, эдийн засагт сөрөг нөлөөлөлгүй, хөрөнгө оруулагчид болон зах зээлд ээлтэй хэлбэрээр Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргаж, бүрдүүлсэн эх үүсвэрээр өрийг солих, үлдэгдэл төлбөрийг төлөх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 09-ний өдөр 600.0 сая ам.долларын “Хуралдай” бондыг долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэйгээр арилжаалж, эх үүсвэрийг дээрх өрийг дахин санхүүжүүлэхэд ашигласан байна.

Засгийн газрын баталгаатай “Хөгжлийн банк”-ны 580.0 сая ам.долларын 476.0 сая ам.долларыг өмнө нь эзэмшиж байсан нийт хөрөнгө оруулагчдын 82 хувьтай нь Засгийн газрын гаргасан шинэ бондоор сольсон бол үлдэгдэл 104.0 сая ам.долларыг 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засагт тулгамдаад байсан төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээр Монгол Улсын нэр хүндэд олон талын эерэг нөлөө үзүүлсэн хэмээн дүгнэсэн байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, саналаа хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ