УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.05.26
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь цөлжилтөд нэрвэгдсэн байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах талаар Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар асууж тодрууллаа.

Б.Саранчимэг: Улс орны нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь цөлжилт, доройтолд ямар нэгэн хэмжээгээр өртсөн байна гэдгийг 2016 оны байгаль орчны төлөв байдлын тайланд дүгнэсэн байна. Энэ бол маш ноцтой тулгамдсан асуудал юм.

Уур амьсгалын өөрчлөлт, тариалангийн талбайн үржил шимийн бууралт, уул уурхай болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилт сүүлийн 15 жил эрчимтэй явагдаж байна. Нөгөө талаар агаарын болон хөрсний бохирдол өндөр хэмжээнд байгааг уг тайланд дурджээ.

Ийм нөхцөл байдал байхад үндсэн чиглэлийн төсөлд цөлжилт, агаар хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээ хангалтгүй туссан байна. Төслийн 8,2, 8,5-д байгаль орчныг хамгаалах талаар хоёр заалт оруулжээ. Үүнд,

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг 20 хувь хангах гэж тусгасныг өөрчлөн тодорхой арга хэмжээ авах талаар тусгах нь зүйтэй. 2016 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх явцад тухайн баримт бичигт ногоон хөгжлийн талаар огт тусгагдаагүй байсан. Тиймээс өнөөдөр 2018 оны үндсэн чиглэлд энэ тухай тодорхой тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ тал дээр Засгийн газраас тодорхой тайлбар хүсч байна.

Өнөөдөр бид ногоон байгууламж, ногоон бүсийг нэмж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай байна. Энэ тал дээр ямар бодлого барьж байна?

Төслийн 7,5 дахь хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд инженерийн дэд бүтцийг ажлыг эрчимжүүлэх гэсэн арга хэмжээ тусгагдаж, 250 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр заасан байна. Энэ асуудал чухал хэдий ч иргэд газраа чөлөөлж, барилга нь баригдахгүй байгаагаас болж олон иргэд хохироод байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдэд түр амьдрах орон сууцаар хангаж байгаа боловч бүрэн шийдэгдэхгүй байна.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан арга хэмжээ нь шалгуур үзүүлэлттэйгээ нийцэхгүй зүйл бас байна. Төслийн 11,3 дахь хэсэгт Нийтийн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйлчилгээг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх гэсэн арга хэмжээний шалгуур үзүүлэлтэд магадлан итгэмжлэгдэх тоо гээд үр дүн нь 30 гэсэн байна. Үүнээс үзэхэд 30 байгууллагыг магадлан итгэмжилснээр биеийн тамир, спорт хөгжинө гэж үзэх үү?

Төслийн 13,2 дахь хэсэгт зонхилон тохиолдох халдварт өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах гэсэн арга хэмжээний шалгуур үзүүлэлт нь 10 мянган хүн амд ногдох сүрьеэгийн тохиолдлын түвшин бууруулах гэсэн байна. Оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах шалгуур үзүүлэлтээ дурдаагүй, халдварт өвчин гэхээр зөвхөн сүрьеэг хамаатуулж байгаа нь учир дутагдалтай.

Д.Оюунхорол: Нэг хүн дунджаар 136 ширхэг мод таривал маш том арга хэмжээ болно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Ойрын болон дунд хугацаанд хийх ажлын төлөвлөлтөө боловсруулсан. Энэ ажлын төлөвлөлтөө УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тараасан. 2016-2017 оны байгаль орчны төлөв байдлын тайланг боловсруулж, Засгийн газрын хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын байгаль орчны төлөв байдал хүнд байна. Нийт газар нутгийн 77,8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн гэсэн судалгаа бий. Тиймээс ногоон байгууламжаа нэмэгдүүлэх талаар цөлжилтийн эсрэг олон арга хэмжээ авах шаардлагатай байна. Цөлжилтийн учир шалтгааныг тодруулах чиглэлд түлхүү анхаарч, судалгаа хийсэн.

Судалгааны үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол Улсад хүчтэй явагдаж байна. Бусад орноос хоёр дахин дулаарч байна. Үүний нөлөөгөөр хуурайшилт ихээхэн явагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, санхүүжилт босгох, ногоон зээлийн сангаас хөрөнгө оруулалт татах зэргээр байгаль орчныг хамгаалахын төлөө зүтгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын хүрээнд нэг хүн дунджаар 136 ширхэг мод таривал маш том арга хэмжээ болно гэж ОУБ-ууд үздэг. Энэ хүрээнд мод тарих аян өрнүүлэх, тарьсан мод болгоныг ургуулах чиглэлийн ажлуудад онцгой анхаарч байна.

Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсэн. Энэ арга хэмжээнд цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Ингэснээр агаарын бохирдлын хэмжээ 10 орчим хувиар буурсан. Тиймээс цаашид энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

2018, 2019 онуудад түүхий нүүрсний хэрэглээг 80 хүртэл хувиар бууруулах, 2020 он гэхэд тэглэж байж Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулна.

Агаарын бохирдол бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон. Монгол Улсын бүх сум, суурин газарт тулгамдаж байна. Тиймээс сайжруулсан түлш, зуух хэрэглэх асуудалд бодлогын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Энэ болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс олгох санхүүжилт маш бага байна. Байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн олон сайн хууль байгаа боловч хуулийн хэрэгжилт хангалттай биш байна.

Ажлын хэсэг:

Манай улс ДЭМБ-ын Ази номхон далайн баруун эргийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр 4-д орж байна. Нийт бүртгэгдсэн халдварт өвчний дотор 3-д, нас баралтаар 1-д орж байна. Гэхдээ үндсэн чиглэлийн төсөл дотор зонхилох тохиолдох өвчлөл гээд хаалтанд, сүрьеэ, бэлгийн замаар халдах халдвар, ХДХВ/ДОХ гэсэн халдварт өвчнүүдийн оношилгоо, эмчилгээг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлсэн. 

ШИНЭ МЭДЭЭ