ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ
2017.06.06
Эдийн засаг, Худалдаа

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хотын дарга дүүрэг, хороодод хүрч ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүрэг, хороодод ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Дарга нар албан өрөөнд сууж, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч шийдсэн төдий нэр зүүх биш хороо бүрт хүрч, иргэдийнхээ үгийг сонсон, амьдралд нийцсэн ажил хийх хэрэгтэйг хотын дарга хэлж байгаа юм. Тэрбээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, хороодод хүрч ажиллаад байна.  2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Хотын дарга оршин суугчдын санал хүсэлтийг сонсоод Туул голоос хайрга олборлохыг хориглосныг хэллээ. Хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад онцгой анхаарахаа хэлсэн юм. Тэрбээр “Туул голоос хайрга олборлохыг хориглосон захирамж гаргасан. Улаанбаатар хотод сүүлийн 10 гаруй жилд олборлолт эрчимтэй явагдаж байна. Энэ нь иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөөр ирлээ. Одоо нийслэлийн нутаг дэвсгэрт нэмж хайрга олборлох хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгохгүй. Одоо явагдаж байгаа олборлолтыг үе шаттай зогсооно. Бид иргэдийнхээ эрхийг нэгд тавих ёстой.” хэмээв.

"Сервис центр” төслийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

Тус хуралд ажлын хэсгийн ахлагч БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, нийслэлийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон бусад гишүүн оролцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү “Сервис центр” бол  иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, ус болон дулаанаар хангах төсөл юм.  Эхний ээлжид БХБЯ, нийслэл, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг эхлүүлж, жишиг төвийг барих хэрэгтэй. Бидний туршлага судалсан орнуудад ус, дулаанаа шийдчихсэн тохилог хауст амьдардаг иргэд олон байдаг нь  ажиглагдсан. Гэр хороололд тийм л орчинг бүрдүүлэхийн тулд  “Сервис центр” төслийн ажлыг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна” хэмээлээ.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж энэ оны төсөвт тодотгол хийсэн. Мөн 5 сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг баталсан. Бид урин дулаан цаг гэлтгүй агаарын бохирдлын эсрэг ажиллах ёстой. Ялангуяа агаарын чанар, сургуулийн цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, газар чөлөөлөх ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Налайхын болон Нисэхийн хурдны замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, Сонсголонгийн гүүрний ажлыг эхлүүлэх зэрэг үүрэг даалгаврын холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Ц.Сандуй: УСУГ-ын 300 орчим гэрээт ус түгээгч үндсэн ажилтан боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Улаанбаатар хотын УСУГ-ын гэрээт ус түгээгчидтэй 2017 оны 5 дугаар сарын -22-ны өдөр уулзлаа. Нийслэлийн гэр хорооллын ус түгээх байрны түгээгчдийн санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уулзалтын зорилго оршиж байгаа юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй "УСУГ-ын гэрээт ус түгээгчдийг үндсэн ажилтан болгох асуудлыг шийдвэрлэлээ. Ингээд гэрээт ус түгээгч 300 орчим иргэн үндсэн ажилтан болох боломж бүрдэж байгаа юм. Үүнийг боломжоор нь шат дараатайгаар шийдвэрлээд явах болно. Хүний амьдралд ус хамгийн чухал. Усгүйгээр хүн амьд явахгүй шүү дээ. Тиймээс энэхүү чандмань эрдэнэтэй шууд хамааралтай ажилладаг  та бүхнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Ингээд та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилтыг хүсье” хэмээн онцолсон юм. Мөн уг уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй УСУГ-ын Зөөврийн ус хангах албаны ус түгээгч Т.Даваажаргалд өргөө цагаан гэр бэлэглэлээ.

НИЙСЛЭЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ:НИЙСЛЭЛИЙН ЗУРГААН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар, түүнийг дагаж хийгдэж буй газар чөлөөлөх ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих , хуучин гүүр ийг засварлах ,Улаанбаатар-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэж байна.

"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл"-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өрнө, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ийслэлээс газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трассын урт 32.2 окм бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч буй иргэдтэй уулзлаа

Хотын даргын ажилласан дараагийн газар бол Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг жишээ нь нисэхийн 34, 35 дугаар байр. 2014 онд уг байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна.

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх арьс ширний гэгдэх 80 айлын орон сууцны нөхцөл байдалтай танилцлаа. Тус орон сууцны барилга нь 1968 онд ашиглалтад орсон. Өнөөдөр дээвэр туурга, хана нь цуурч, ашиглалтын шаардлага хангахаа больжээ. Галын аюулгүй байдал, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан ч өнөөдрийн хүртэл энд 70 гаруй иргэн амьдарч байна. Дээвэр нь гэхэд шүрэн шанага шиг болж, бороо орвол айлуудын гэр лүү ус шууд нэвтэрдэгийг “Аз 80” СӨХ-ны ТУЗ-ын дарга Д.Баярмаа хэллээ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахаа хотын дарга мэдэгдлээ.

Дэлхийн банк, нийслэлийн захиргаа хотын төсвийн хөрөнө оруулалтын төлөвлөлт, нийтийн тээврийн санхүүжилтийг сайжруулахад хамтарч ажиллана

Нийслэл хотын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хамтран бэхжүүлэх чиглэлээр өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр тус салбарын нөхцөл байдлын судалгаа, үнэлгээг гүйцэтгэхээс нийтийн тээвэр төлөвлөлтийн өөр өөр хувилбаруудад дүн шинжилгээ хийн, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлын стратегийг боловсруулах аж. Дээрх үнэлгэ, стратеги нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй нийтийн тээврийн салбарт зарцуулж буй татаасын хэмжээг бууруулах зорилготой аж.

Кёнги аймгийн Засаг даргын орлогчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гыныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга “Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гын тантай танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Кёнги аймагтай 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаад баяртай явдаг. Би өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ли Жи Юлтэй уулзаж, боловсрол, эрүүл мэнд мөн бусад салбаруудад хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байсан. 2015 оноос хойш “Ухаалаг анги” төслийн хүрээнд 12 ухаалаг анги байгуулсан юм байна.

Цаашид бид энэ төслийг бүх талаар дэмжин хамтран ажиллах болно” хэмээн онцлов. Түүнчлэн хоёр талын төрийн албан хаагчдыг харилцан 2 долоо хоногийн  хугацаатай сургах, туршлага судлах, Кёнги аймагтай залуучуудын хөгжил, орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах чиглэлээр, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаар ярьж, харилцан санал солилцлоо.

“Монгол наадам” цогцолборт ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол наадам” цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт барьж байгуулна. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийдэхээр зураг төслийн ажлыг хийж дуусчээ. Өнгөрсөн жил цанын бааз байгуулах төсөл хэрэгжүүлсэн. 2 сарын хугацаанд 30 мянга гаруй иргэн цанын баазаар үйлчлүүлжээ. “Монгол наадам” цогцолборын дарга Н.Батсүмбэрэл өнөөгийн тавьж байгаа гол зорилго бол жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах хэмээлээ. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна.  

Цаашид хүй долоон худагт “Богдын өндөр цогцолбор”, “Нийслэлийн гэрэлт хөшөө”, Морь уналга, сургалтын төв” зэргийг байгуулна. “Монгол наадам” цогцолборын удирдлагууд эхний баяр наадмынхаа ард гарсаны дараа хотын удирдлагуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, хэтийн зорилтуудаа танилцуулахаар төлөвлөжээ.

Дахин төлөвлөлтөөс хохирсон 64 өрхөд батламж гардууллаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж 5 дугаар сарын 22-ны өдөр хотын даргаас батламжаа гардан авлаа. Уг айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдал байсан аж.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс иргэд хохирсон явдал өмнөх багийн үед гарсан. Нэг компанид их газар олгосон гэх зэргээр төлөвлөлтийн алдаанаас болсон байдаг. НИТХ-аар энэ оны төсөвт тодотгол хийж дамжин өнгөрөх түр орон сууц барих хөрөнгийг шийдэж өгсөн байгаа. Энэ дагуу бид Баярсконстракшн компанитай гэрээ байгуулаад явж байна. Та бүхэн шинэ компанитайгаа гэрээ байгуулж орон сууцтай болох хүртлээ энэ дамжин өнгөрөх түр орон сууцанд орж байна. Хотын зүгээс хүйтний улирал эхлэхээс өмнө орон сууцыг ашиглалтад оруулах хүсэлтийг гүйцэтгэгч компанид тавьсан. Бидний хүсэлтийг биелүүлэхээ амалсан байгаа” хэмээн иргэдэд батламж гардуулах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.

Мияконожо хотын ИТХ-ын даргатай уулзлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй Япон улсын Мияконожо хотын ИТХ-ын дарга Минорү Арагамийг 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хоёр хот хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод 18 жил болж байна. Өнөөдөр манай улс Японы 13 хоттой ах, дүүгийн найрамдалт харилцаатай байгаа. Эдгээр хотоос хамгийн анх Мияконожо хоттой хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Манай 2 хотын хооронд  сурагч солилцооны хөтөлбөрийг маш идэвхтэй хэрэгжүүлдэг. Мөн соёл, урлагийг дэмжиж хамтран ажилладаг” хэмээн онцолсон юм.

Минорү Арагами “Хоёр хот газарзүйн нөхцөлийн хувьд маш ижилхэн. 4 талаараа уулаар хүрээлэгдсэн, нам дор газар байрладаг. Улаанбаатар хот хүн амын төвлөрөл ихтэй маш том хот юм байна. 2 хотын хоорондын харилцааг цаашид улам өргөжүүлэхийн тулд  ямар салбарт илүү анхаарах вэ гэдэг талаар ярилцах гэж ирсэн. Мөн энэ удаа танай улсад айлчлан ирсэн гол зорилго маань Токиогийн олимпийн бэлтгэл ажилтай холбогдуулаад хамтын ажлын саналуудыг хэлэлцэхээр ирсэн” гэлээ.

ФОТО: НИЙСЛЭЛД ХИЙГДЭЖ БАЙГАА АВТО ЗАМЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ 50 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хэрэгжих Авто замын урсгал засвар нөхөөсний 17, заадасны 9 нийт 26  ажлын  гэрээ хийгдэж, засварын ажил эхлээд байна. Иргэдийн зорчих ая тухыг хангах,  хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс  засварын ажлыг шөнийн цагаар 22-06 цагийн хооронд хийж байгаа.

Тус ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга нар болох Б.Индра, Г.Баттогтох, бусад албаны хүмүүс 5 дугаар сарын 24-ний шөнө танилцлаа.

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ " Нийслэлийн хэмжээнд замын уулзвар, гарц, зорчих хэсгийн нөхөөсний ажил үргэлжилж байна. Энэхүү ажлын үйл явц болоод технологийн горим шаардлагыг хангаж ажиллаж байгаа эсэхтэй ажлын хэсгийхэн өнөөдөр танилцаад явж байна. Замын түгжрэлтэй холбоотойгоор уг ажлыг шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд технологийн горим алдагдсанаас ховил үүссэн замуудыг засах юм.  Автозамын хөгжлийн сангаас 35,7 тэрбум төгрөгийг автозамын орц, гарц гаргах, шинээр зам тавих, замын тэмдэг тэмдэглэгээ, заадас нөхөөсийн ажилд зарцуулж байгаа. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгсөн байна. "  хэмээлээ.

Дашрамд  хэлэхэд  Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа авто замын нийт урсгал засварын  ажил 6 дугаар сарын 5-ны өдөр дуусах юм байна. 

Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд “Солонгос улсын гурав дахь том хот болох  Инчеоны дарга Юү Жонбуг тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа.  Улаанбаатар, Инчеон хотууд 2011 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш манай хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжиж ирсэн.

Инчеон хоттой 2017 онд Улаанбаатар хот дэд бүтэц, хот төлөвлөлт, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын хамтын ажиллагаа эрчимжүүлэх хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хот “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг хотуудын ногоон хөгжлийн сэдвээр 3 жил дараалан зохион байгуулсан. Форумд Солонгос улсын Сөүл, Пусан зэрэг томоохон хотын төлөөлөл оролцдог. Цаашид Улаанбаатар хотын зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнүүдэд Инчеон хот өөрийн төлөөлөгчдийг оролцуулж байхыг хүсье” гэлээ.

Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харлцаатай болж буйг албан ёсоор зарлаад, хотын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурав.

Нийслэлийн ахмадууд болон хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн байр бэлэн болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаныхан Баянгол дүүрэгт ашиглалтад оруулахад бэлэн болсон Ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэгт очив. Тус эмнэлэг нь хүүхдийн 60, ахмадууд хэвтэн эмчлүүлэх 60 орны хүчин чадалтайгаас гадна орчин үеийн, стандартын шаардлага хангасан шинэ тоног төхөөрөмж бүхий барилгын тохижилтоос бүрджээ. Уг эмнэлэгт дүүрэг, хороо харгалзахгүйгээр нийслэлийн ахмадууд болон хүүхэд багачууд үйлчлүүлэх боломжтой юм.

Дэлхийн эрүүл мэндийн стандартаар 1000 хүүхэд тутамд 4 ор оногдох ёстой. Энэ утгаар нь авч үзвэл Баянгол дүүрэгт 300 гаруй ортой хүүхдийн эмнэлэг шаарлагатай аж. Ийнхүү Ахмад настан, хүүхдийн эмнэлэг нь ашиглалтад орсноор  Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний стандарт хангасан дүүрэг болж байгаа юм.

Налайх дүүрэг БНСУ-ын Нунсан хоттой ах дүүгийн харилцаа тогтоолоо

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНСУ-ын Нунсан хотын дарга Нуан Мён Сонтой уулзлаа.

Хотын даргын орлогч П.Баярхүү Нунсан хотын дарга Нуан Мён Соныг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Налайх дүүрэг бол Улаанбаатар хотод стратегийн хувьд чухал дүүрэг. Ерөнхий төлөвлөгөөгөөр Налайх дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөж байна. Нунсан хот бол жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараараа Солонгост тэргүүлдэг. Тиймээс Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхэд та бүхний итгэл, сэтгэл чухал гэж бодож байна. Гол нь энэхүү паркийн технологи БНСУ-ынх байгаасай гэж бид хүсч байгаа.” гэлээ.

Нунсан хотын дарга Нуан Мён Сон талархал илэрхийлээд “Манай хотод олон томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компаниуд Ази, Европ руу үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй байгаа. Тэгэхээр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк энэ боломжийг олгоно гэж харж байна. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжинө гэдэгт найдаж байна.” хэмээв.

Нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүрэг, хороодод хүрч ажиллаж байна. Өнөөдөр хотын даргаар ахлуулсан баг нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

Баянхошуу дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан, нийт 165 га газарт төлөвлөлт хийгджээ. Бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлсэн. Дэд төвийн зам, замыг дагасан дэд бүтцийн ажлын тендер зардлагдсан байна. Энэ жилдээ эдгээр ажлыг эхэлнэ гэж төлөвлөж байна. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ “Баянхошуу дэд төвийг бохир усны төв шугамтай холбох ажил 90 хувьтай явж байна. Дулааны төвлөрсөн шугамд холбох ажил эхэлсэн” гэж хотын даргад танилцууллаа.

Хотын дарга Баянгол дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороонд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Тэд хамгийн эхэнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн захиргааны албан хаагчидтай уулзсан юм.

Тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч, Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын  төлөөлөгч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал нарыг хүлээн авч, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Манай дүүргийн хувьд бүх төсөл төлөвлөгөөт ажил нь  бэлэн байдаг учраас шийдвэрлэхэд амар байдаг. Тиймээс өнгөрсөн 7 хоногт дүүргийн хэмжээнд байгаа бүх чингэлгийг зөөж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөж байна. Баянгол дүүрэг нь мөн эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа ганц дүүрэг юм. Иймээс “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.  Гэр хорооллын дахин төлөвлөлтөд иргэдийн санал хүсэлтийг сонсч, асуудлыг шийдвэрлэн 4000 айлыг орон сууцжуулах боломж бүрдэж байна” хэмээлээ.

Энэ жил жил Баянгол дүүрэгт нийслэлийн төсвөөс 7 тэрбум 356 сая , улсын төсвөөр 4 тэрбум 400 сая, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 1 тэрбум 359 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зэрэг нийтдээ 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх аж.

"Гандан хүрээ гудамж" төслийн хүрээнд аялал жуулчлалын жишиг бүс байгуулна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм.

Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. Иймээс Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах юм. Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс хэлж байлаа. 

Гандан Хүрээ гудамж"  төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, ав уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ.

Толгойт, Орбитын замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30-нд нээнэ

Нийслэл хотод хаврын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ хавар автозамын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. “Зам нь их хэмжээгээр эвдэрсэн, тохижилт муу, тоос шороо их, машин эвдрэх болон осол гарах шалтгаан боллоо” хэмээн иргэдийн бухимдаж байсан энэ замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэх юм.

3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах гэрээт хугацаатай. Харин замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьжээ.

Баянгол дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцлаа

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 30 га талбайд 112 айлын орон сууц, 1500 хүүхдийн сургууль цэцэрлэг барих ажлын ерөнхий төлөвлөгөө батлагдаж, одоогийн байдлаар ажил хэвийн явагдаж байгаа аж. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн гол нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талд анахаарах шаардлагатай байгааг “Грийн ресурс” компанийн захирал танилцууллаа. Энэ хэсгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэчихвэл уг компани барьж байгаа барилгаа ирэх наймдугаар сард ашиглалтад оруулж, нэмж 400 айлын орон сууцны ажлыг эхлүүлэх  бүрэн боломжтой болох аж.

Энэ талаар хотын дарга С.Батболд “Баянгол дүүргийн бүтээн байгуулалт нийслэлийн хувьд маш чухал. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 6 дугаар бичил хороололтой залгаа гэр хорооллын дэнжийн айлуудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Цэвэр бохир усны холболтыг яаж шийдэх вэ гэсэн асуудлыг өнөөдөр онцгойлон ярьж байна. Энэхүү хорооллын хувьд 3000 айлын дэд бүтцийг шийдэхэд 2.2 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа юм. Хэсэгчилсэн байдлаар шийдвэл 700 орчим сая төгрөгийн асуудал байгаа юм.

Нийслэл “Зуунтай” ахмадын хөгжлийн төвийг дэмжин ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа  “Зуунтай” төрийн бус байгууллагын ахмадуудтай уулзлаа. “Зуунтай” ТББ нь ахмад настнуудад нийгэмд оролцох, эрүүл байлгах чиглэл рүү анхааран ажилладаг байна.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн “Энэхүү ТББ-ыг анх 2005 онд 12 ахмадын хамт байгуулж байлаа. Түүнээс хойш манай төвийн гишүүдийн тоо багагүй нэмэгдэж, биднийг зорих ахмадуудын тоо ч эрс ихэссэн. Бид бүхэн явган аялал, иогийн дасгал, эрүүл мэндийн сургалтууд явуулах зэрэг үйл ажиллагааг ахмадуудад үзүүлж байна. Сүүлийн үед Японы 4 төрлийн спортоор хичээллэж байгаа. Хирошима дахь Зүүн Хойд Азийг хариуцсан багштай холбоотой ажилладаг. Тэр багш маань жилд 2 удаа ирж, бидэнд хичээл заадаг. Бидний үндсэн гол зорилго “Настны хөгжил” гэдэг зүйлийг Монголд нэвтрүүлж, олон хүнд мэдрүүлэх явдал юм.  Хүний хөгжил гэхээр хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийг л ярих юм. Гэтэл ахмадууд бид хөгжих ёстой юм шүү дээ. Тиймээс бид энэ төвийг бий болгосон. “Зуунтай” ахмадын хөгжлийн төв байгуулагдаад 18 жил болж байхад нийслэлийн удирдлагаас нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Өнөөдөр таныг хүрэлцэн ирж, манай төвийн үйл ажиллагаатай танилцсанд ахмадууд бид маш их талархаж байна” гэв.

Хуучин ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгохоор төлөвлөжээ

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэдтэй. Үүнээс 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс дүүргийн зүгээс байгаа нөөц бололцоогоо дайчлан хуучин ахуй үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгын зориулалтыг өөрчилж, хүүхдийн цэцэрлэг болгохоор төлөвлөж байгаагаа хотын даргад танилцууллаа.

Уг барилга нь ашиглагдахаа болиод хэдэн жил болж байгаа бөгөөд цэцэрлэг болгоход 260 орчим сая төгрөг шаардагдах тооцоо гаргасныг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн юм. Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болговол 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Ингэвэл 80 гаруй эцэг эх ажил хөдөлмөр эрхлэх, 80 айлын орлого нэмэгдэх давхар боломж бүрдэх юм.

Эрүүл мэндэд хоргүй хүнсний зориулалтын савны үйлдвэртэй танилцлаа

Иргэд ахуйн хэрэглээний ундны ус, сүү тараг, айраг, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, зөөж тээвэрлэхдээ хүнсний бус зориулалттай төрөл бүрийн өнгөтэй сав хэрэглэдэг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэгвэл импортыг орлох, эрүүл мэндэд хор нөлөөгүй хуванцар савыг дотооддоо үйлдвэрлэж байна. Хотын даргаар ахлуулсан баг 5 дугаар сарын 23-ны өдөр СХД-ийн 22 дугаар хороонд байрлах “Аргил Сувд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Тус компани нь 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 20 литрийн хуванцар сав нь хоёр талдаа бариултай, их бие болон тагийг хүнсний зориулалттай өндөр нягттай полиэтилэн материалаар хийсэн, кранттай жижиг цорготой учраас шингэнийг юүлэхэд илүү хялбар зэрэг давуу талтайг албаныханд танилцуулсан юм. Хуванцар савыг 20 мянган төгрөгөөр супермаркетуудаар худалдаалдаг байна.

Жанжин Д.Сүхбаатарын талбайд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

Энэ удаагийн өдөрлөгийг Жанжин Д.Сүхбаатарын талбай болон 9 дүүрэг, 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж буй арга хэмжээнд Хүний эрхийн үндэсний комисс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран оролцож байна.

Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг нээж Монголын өмгөлөөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран нэг өдрийн турш иргэдэд мэргэжлийн зөвлөгөөг  өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөг нь бүх дүүрэг, 21 аймгийн ЗДТГ-т нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Цаашид бид энэ өдөрлөгийг чанарын өндөр төвшинд, тогтмолжуулж, иргэдэд ойр ажиллах болно” гэв.

Хүүхдийн баярыг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулна

Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг  “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон нийслэлийн Соёл урлагын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай”  гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн  хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой  аж. Түүнчлэн ирэх сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа гэнэ.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.

Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж,  иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох хяналт шалгалт хийнэ

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ. Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 5-наас 8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна. Нийт 27 зуслан хамрагдах аж. Хяналт шалгалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 3 ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна.

Чингэлтэй дүүргийн 3 хороонд сайн үйлсийн аян зохион байгуулж байна

ШИНЭ МЭДЭЭ