МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Сайдын суудал зүүдэлдэг хүн биш
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.06.07
Улстөр

Ё.Баатарбилэг: Сайдын суудал зүүдэлдэг хүн биш

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал яг одоо ямар байна вэ. Эдийн засаг сулрах нөхцлийн нэг нь Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэл, нөгөө нь Сангийн сайдын мэдээлэл байсан гэх юм. Мөн та бүхнийг амлалтаасаа ухарсан гэж шүүмжлэх иргэд байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Нийгэмд шүүмжлэл нэлээд байна. Татвар нэмлээ, амлалтаасаа буцлаа гэх мэт. Яагаад ийм байдалд хүрэв гэдгээс асуудал ярьж эхлэх ёстой. Бид өмнө нь эрх баригчдын өгсөн мэдээллийн түвшинд улс орны эдийн засгийг харж байсан. Сөрөг хүчинд мэдээлэл байхгүй. Сөрөг хүчнийг ямар нэг ажлын хэсэгт оруулдаггүй, дөрвөн жил байсан. Ингээд сонгуулийн дараа УИХ, Засгийн газраа байгууллаа. Гэтэл тоон мэдээллээс бодит байдал зөрүүтэй байсан. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Монголбанк 7 тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөг хэвлээд тараачихсан байна. Интервенц хийх, мөнгө хэвлэж тараах хоёр өөр асуудал.

Түүнээс нь 3 их наяд төгрөг сох дутсан. Монголбанкны Ерөнхийлөгч байсан хүн гадаад руу оргон зайлсан. Төмөр зам барина гээд гацаасан нөхөр Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байна. Хоёр жишээ хэлэхэд энэ. Ийм нөхцөл байдалд орсон улс орныг хүлээж аваад яах вэ гэдэг асуудал ярьж байгаа юм. Өөрийнхөөрөө гэлдрээд байя гэтэл “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлт. Хоолойн дээр хутга тавьчихсан. Ингээд олон улсын банк санхүүгийн байгууллагаас дэмжлэг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн.

Тэгэхээр банк ч гэсэн зээл олгохдоо шаардлага тавьдаг. Үүнтэй адил ОУВС-аас 30 гаруй шаардлага тавьсан юм байна лээ. Монголын талаас энийг болохгүй, үүнийг хас гэсээр байгаад долоон шаардлага хүлээж авахаас өөр аргагүй боллоо гэж бидэнд тайлбарласан. Ингээд хөтөлбөрт хамрагдсан. Эхний эерэг үр дүн ажиглагдаж эхэлж байна. Тодорхой хэмжээгээр гадны хөрөнгө оруулалтын орчин нөхцөл сайжирч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвийн түвшинд үлдээлээ.

-Эдийн засаг талаасаа эерэг зүйл ажиглагдаж эхэллээ гэж байна. Гэтэл зарим нэг шийдвэр иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэж, олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа та бий шүү дээ.

-Жишээлбэл ямар?

-Татвар, шимтгэлтэй холбоотой асуудал дээр байна. “Приус”-ын татвар, шатахууны татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн гэх мэт.   

-Яг иргэдийн нуруун дээр дам нөлөөлөх асуудал нь шатахууны онцгой албан татвар гэж харж байна. Энэ нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлөх эрсдэлтэй. “Приус”-ын татварыг хойшлуулсан. Уг нь бол “Приус”-ын татвар хэдэн сая төгрөгөөр нэмэгдэх үндэслэлгүй. Бизнес эрхлэгчид сургаар нь үнээ хөөсрүүлсэн. Үүнээс болж эргэж авч хэлэлцэх шаардлага гарлаа л даа. Та нар судлаад үзээрэй. Хуулийн заалтаар бол 300-500 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа.

Тэтгэврийн насны хувьд сөрөг хүчнийхэн “Өнөөдрөөс эхлэн тэтгэврийн нас таван жилээр нэмэгдэнэ” гэдэг ойлголт өгөөд байна. Гэтэл жилд зургаан сараар нэмэгдүүлнэ. Одоохондоо энэ шийдвэрийг хэрэгжүүлж байя. Цаашид улс орны эдийн засаг сайжраад, валютын сангийн хөтөлбөрөөс гарсан үед буцаах боломж бий. Энэ бол мөнхийн шийдвэр биш. Би үнэхээр 65 нас хүрээд тэтгэвэрт гарна гэж бодохгүй байна. 

-Хүмүүс бол шууд л нэмэгдэнэ гэж бодоод, бухимдаад байх шиг байна?

-Зүгээр. Би бол улс орны эдийн засаг сайхан болно гэж итгэж байгаа. Эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд тэтгэвэрт гарна гэж итгэж байгаа. Түүний төлөө ажиллаж байна. Одоо бол валютын сангаас “Ингэж хий” гэж тулгасан нөхцөлд ямар ч аргагүй. Гэхдээ шууд таван жил биш гэдгийг ойлгож байгаа байх.

-Гаргаж байгаа шийдвэр нь тогтворгүй байхаар иргэд хохироод байх шиг. “Приус”-ны татвар нэмэгдэхэд дагаад үнэ нэмэгдсэн. Одоо төрөөс татварыг нь буцааж байгаа ч ченжүүд зарсан мөнгөний зөрүүг иргэдэд олгохгүй шүү дээ?

-Татвар нэмэгдээд хэдэн хүн “Приус” худалдаж авсан байна вэ гэдгийг харах ёстой. Машины үнэ  нэмэгдээд, борлуулалт зогслоо гэж ченжүүд ярьсан. Зарим нь талбай дээр машинаа шатаах оролдлого хийсэн. Тэгэхээр бид бодитой тоог харах ёстой. Тэгж байж ямар түвшинд хүндрэл учруулсан бэ гэдэг тооцооллыг хийнэ. Валютын сан тулгасан, санхүү эдийн засаг, төсөв мөнгөтэй уялдаж байгаа болохоор саналыг хүчээр дэмжсэн. Түүнээс УИХ-ын гишүүдийн хэн нь ч чин сэтгэлээсээ дэмжээгүй.

-Өнгөрсөн парламентын баталсан хуулийг та бүхэн өөрчилж, өөрсдийнхөөрөө дэглэж байна. Энэ нь хуулийн тогтвортой байдал хэрхэн нөлөөлөх вэ?

-Өнгөрсөн парламентын баталсан хуулийг татаж оруулж ирээд, өөрчилсөн зүйл маш ховор. УИХ-аар дандаа шинэчилсэн найруулга хэлэлцэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хоёр гурван Засгийн газар баталж чадаагүй. Х.Тэмүүжин оруулж ирсэн төслийг Д.Дорлигжав татсан. Дараагийн сайд нь татаж унагаасаар байгаад гурав, дөрвөн Засгийн газар дамжсан хуулиуд бий.

Энэ хуулийг хүлээгээд шоронд байж байгаа хэдэн мянган хүн байна. Бид ярьдаг, “10000 төгрөг хулгайлаад 10 жил шоронд суусан” гэж. Гэм буруугаа ухаарсан хүмүүс суллагдах гээд, ялаа хөнгөлүүлэх гээд хүлээж байгаа. Өмнөх парламентын баталж чадаагүй хууль нэлээд урагш явсан. Дээр нь нэмээд нэлээд хэдэн хууль шинээр оруулж ирсэн.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хууль гэх мэт хуулиудийг өмнөх парламент баталсан. Гэвч та бүхэн ёсчлоогүй гэдэг шалтгаанаар буцааж татаад, дэглэж оруулж ирсэн шиг санагдах юм?

-Өөрсдөө баталж чадаагүй, Засгийн газар нь буцаагаад татсан хуулиуд. Түүнийг дахин оруулж ирээд, шинэчилсэн найруулга дээр ажлын хэсэг ажиллаад гаргаж байгаа. Угаасаа парламентад өргөн барьсан хуулиуд тийм зарчмаар явдаг. Шинэ парламент, шинэ Засгийн газар үйл ажиллагаа явуулаад ирэхээр бодлогын зөрүү гарч ирнэ. Бид ирэх дөрвөн жил хөдөө аж ахуй, хууль эрх зүйн орчныг ийм болгоно гэж зорьж байгаагаа танилцуулсан. Энэ хүрээндээ бодлогын өөрчлөлт хийгээд явах нь зүй ёсны асуудал. Тэгэхээр тодорхой хэмжээний өөрчлөлт орж ирэх нь зүйтэй. Үүнийг олон түмэн ойлгож байгаа. Мэдээж шинэ парламент байгуулагдсан юм чинь шинэ санаагаа оруулаад, батлах нь хэвийн үзэгдэл. Ямар ч асуудал байхгүй.

-Та төрийн албанд олон жил ажилласан. Удирдах албан тушаал хашиж байсан хүн. Хууль батлах, боловсруулах туршлага хэр суусан бэ?

-Хууль боловсруулах, батлах туршлага байхгүй. Төрийн алба ажиллах зарчим гадарлана. Тэр хүрээнд УИХ, Засгийн газраас гаргаж байгаа бодлогууд дээр зарчмаа барьж ханддаг. Миний үгнүүд бол ихэвчлэн агуулгын, бодлого талаас нь харж хэлдэг. Мөн дээр нь орон нутагт ажиллаж байсан болохоор хуулийн тусгал хөдөө, орон нутаг, амьдрал хэрхэн хүрдэг талаас нь хардаг. Түүнээс би хуулийн мэргэжлийн хүн биш. Хууль баталж байгаагүй. Тийм туршлага байхгүй.   

-Яг тантай адил хууль батлах туршлагагүй нэлээд олон гишүүн сонгогдсон. Энэ парламентын 40 гаруй гишүүн шинээр сонгогдсон. Гэтэл зарим нь маш олон хуулийн төсөл өргөн бариад байна. Зарим нь кнопоо захиж үлдээгээд, хуралдаа суухгүй байна гэдэг.    

-Үе үеийн парламентад шинэ гишүүд орж ирдэг. Шинэ гишүүд болгон хууль баталж байгаагүй. 1992 оноос хойших парламент 30-70 хувь хүртэл шинэчлэгдэж ирсэн. Тэр болгонд шинэ гишүүн орж ирдэг. Тэд өмнө нь хууль баталж байгаагүй. Суралцаад явдаг. Үүнд хуучин гишүүд нуруу болоод явах учиртай. Нөгөө талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэх, санаачлах гэдэг бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тийм болохоор би гишүүний бүрэн эрхийг хүндэтгэж хардаг. Туршлага байхгүй юм чинь гэж эргэлзэх зүйл байхгүй. Ажлаа сайжруулахын төлөө хамт зүтгэхээс өөр аргагүй.    

Манай залуучууд бол хурдан сайжирч байгаа. Хурал, чуулган үнэхэээр ачаалалтай байдаг юм байна. Бид хөндлөнгөөс харахад пүрэв, баасан гаригт чуулган хуралдаад бусад үед сул явдаг гэж боддог байсан. Гэтэл өглөөнөөс орой болтол хуралдаж байна. Зарим үед нэг гишүүн хоёр байнгын хороонд зэрэг ордог. Эсвэл ажлын хэсэг хуралддаг. Ийм үед “би энэ асуудлыг дэмжиж байгаа шүү. Миний өмнөөс дэмжсэн санал өгөөдхөөрэй” гэдэг. Яг ийм нөхцөл байдалд бол байх ёстой асуудал. Дээр нь тойрогтоо ажиллана. Ялангуяа хөдөө орон нутагт ажилладаг гишүүд нэг өдөр зарцуулна гэж байхгүй. Багадаа л 4-5 хоног болдог. Энэ болгоныг тодорхой хэмжээнд ойлгох байх гэж бодож байна. Би бол тэр талаас нь хардаг. Энд ажил таслаад, хариуцлагагүй ханддаг хүн байхгүй. Яагаад гэхээр сонгогчид нь асар их итгэл, найдвар өгсөн. Хүний итгэлийг алдах муухай шүү дээ.

-Итгэл найдвар өгсөн сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцдог байхыг хүсэж байна. Кнопыг хурууны хээгээр ажилладаг болгох сонирхолтой байна. Гэтэл гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцох хуулийг хэлэлцэхгүй юм.  

-Бид Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Нэлээн дээр Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гишүүдийн дэмжиж байсан санал нь унасан. Тэр үед ирц болохгүй байна гэдэг шүүмжлэл гарсан. Тухайн үед би “Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэдгээ хэлсэн. Гишүүд өөрсдийнхөө санаачилсан, оруулж ирсэн хуулийг хэлэлцэх үед ирц бага байвал бухимддаг тал ажиглагдаж байна. Би бол хууль болгон, үг үсэг болгон чухал гэж боддог. Чухал хууль, чухал биш хууль гэж байж болохгүй. Тийм болохоор гишүүн бүр хуралдаандаа хариуцлагатай суух ёстой. Ахмад гишүүд өөрсдөө ингэж хандаж болохгүй гэдэг байр сууринаас би үг хэлсэн.  

-Та бүхэн Дэгийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа вэ?

-Дэгийн тухай хуульд хурууны хээгээр кноп дардаг болох, ирцийг өглөө ирснээр тооцоод явах уу, Ерөнхий сайд сонсгол хийхэд зөвхөн сөрөг хүчин асуулт асуудаг. Яагаад бид асуулт асууж болохгүй гэж... Энэ мэт асуудал байна. Хэр сайн дэмжлэг авахыг мэдэхгүй. Ямар ч байсан хуулийн төсөл боловсруулах ажилдаа орсон.

-Засгийн газар хариуцлага тооцох эхлэлийг тавьсан нэг жишээ бол Ж.Батсуурь сайд байлаа. Гэвч тэр хүнийг хууль зөрчөөгүй байхад огцруулсан, дээр нь намдаа ганцаардсан гэх мэт сэтгэгдлүүд дагаж байсан. Тэгвэл Ж.Батсуурь сайд үнэхээр хариуцлага алдсан уу. Та юу гэж харж байна вэ?

-Намдаа ганцаардсан зүйл байхгүй. Нэр нөлөөтэй, дэмжлэгтэй байж сайд болно. Харин ажлын үр дүн, уялдаа холбоо, арга барил, харилцаа хандлага гэх мэт асар олон зүйл хувь хүний үнэлэмжийг илтгэдэг. Чухам юун дээр алдаа гаргасныг Ерөнхий сайдын танилцуулгын хүрээнд ойлгож байгаа. Өмнө нь Засгийн газар дээр хоёр, гурван удаа сануулга өгсөн юм байна лээ. Гэтэл асуудал сайжраагүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд маш тодорхой мэдээлэл өгсөн. Нэгэнт танхимын тэргүүн ийм асуудал оруулж ирж байхад бид юу хэлэх вэ дээ.

-Томилгоонд сэтгэл дундуур хүмүүс Ардын намд бий гэж хардаад байх юм. Танд тийм зүйл ажиглагдсан уу?

-Ажил албан тушаал хашдаг, хаших гэж мөрөөддөг түмэн амьтны дотоод сэтгэлд юу бодогдож байгааг мань мэт яаж мэдэх вэ дээ. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ томилгоотой холбоотой байр сууриа илэрхийлээд явсан хүнтэй би тааралдаагүй. Ер нь хүн хүнийг өөр шигээ санадаг золиг доо. Тэр бодлоороо харддаг. “Наадах чинь матаж байгаа, сайдын суудал зүүдэлчихсэн яваа, тэгээд юм бичүүлээд байна гэдэг” хардлага маш их явдаг. Би бол ийм асуудлаас хол. Сайдын суудал зүүдэлж, мөрөөддөг хүн биш. Төрийн түшээ гэдэг хүндтэй, хууль батлах хариуцлагатай ажилд алдаа гаргахгүй, олны итгэлийг дааж, нуруутай явж байгаад дүнгээ тавиулах юмсан л гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ