МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
2017.06.08
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: Гэм буруутай этгээдийг олж тогтоон улсыг хохиролгүй болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Монголбанкинд хийсэн шалгалтын үр дүнтэй зарим нэг гишүүн санал нийлэхгүй байгааг эрс шүүмжилж байлаа.

Д.Сарангэрэл: Гэм буруутай эсэхийг шалгуулах нь буруу гэж үү?

УИХ-ын гишүүн 

Манай нам болон өөр намын гишүүдээс цочирдмоор зүйл ярихыг сонслоо. Монголбанкинд алдаа дутагдал гараагүй, хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхгүй шаардлагагүй гэж ярьж байсан. Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг буруутай гэж нэр зааж хэлэх гэсэнгүй. Гэхдээ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 3 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Үүнийг баталгаажуулах үүднээс тодорхой тоо баримтыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан дахин хэлээд өгөөч гэж хүсч байна. Ажлын хэсгийн дүгнэлт маш цочирдмоор байсан.

Монголбанкнаас маш бага хүүтэй санхүүжилт босгож, түүнийгээ банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах замаар мөнгө угаасан. Аж ахуйн нэгжүүд тэр мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй. Гурил, мах, орон сууц, шатахууны үнэ буураагүй.

Үр дагаварт нь Монгол төгрөгийн ханш суларсан. Үүнийг шалгасан шалгаагүй ойлгомжтой байна. Төгрөгийг үнэгүйдүүлж, санхүүжилтийг зориулалтын бус ашигласан 45 аж ахуйн нэгжүүдийг шалгуулах нь яагаад буруу гэж? Ийм шийдвэр гаргасан тухайн үеийн Монголбанкны удирдлагыг шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоож, энэ тухай олон нийтэд мэдээлэх ёстой.

Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны ихэнх гишүүд Монголбанкны удирдлага буруугүй, шалгуулах шаардлагагүй гэж өмөөрсөн өнгө аястай зүйл ярьж байсан. Үүнийг сонсоод маш их гайхсан. Ер нь Монголбанкны шалгалттай холбоотой дүгнэлт ОНМХ-ээр гарсан гэж зарим хүн уурласан гэдэг. Угтаа бол ХМХ-ээр уг дүгнэлтийг цацах ёстой байсан юм. Над дээр тэр дүгнэлтийг үзүүлээч гэж сэтгүүлч ирсэн бол би өгөх байсан.

Бид тангараг өргөсөн УИХ-ын гишүүд. Хэн нэгэн улс орон, ард түмнийг хохироосон буруутай үйлдэл хийсэн бол бид олон нийтэд үүнийг мэдээлэх хэрэгтэй. Тиймээс Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг гаргах ёстой. Гаргах гаргахдаа холбогдох эзнийг тодорхой болгож, хариуцлага тооцох учиртай. Ард иргэд биднийг үүнийг л хүсч байна.

Монголбанкинд хийсэн шалгалтад УИХ-ын гишүүд яаж хандаж байгааг хараад үнэхээр их гайхсан. 3 их наяд төгрөг тоглоом биш. 3 их наяд төгрөгөөс болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг бид мэдэж байгаа.

Т.Аюурсайхан: Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгүй байсан нь хэд хэдэн шалгалтаар тогтоогдсон

УИХ-ын гишүүн 

Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнд хүрсэн үү гэвэл үгүй. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь үнийг тогтворжуулах биш инфляци өсөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж ажлын хэсэг үзсэн юм. 2012-2016 онд 1104 төгрөгөөр буюу 80,8 хувиар Монгол төгрөгийн ханш суларсан. Энэ нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр үндсэн зорилгодоо хүрээгүй гэдгийг харуулж байгаа юм. Тодруулбал,

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө шамшигдуулж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохдоо ялгаварласан, санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд мөнгөө зориулалтын бусаар ашигласан, захирлууд нь хувьдаа зарцуулсан, тэр мөнгийг хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулж мөнгө угаасан, өр зээлээ төлсөн, санхүүгийн үйлчилгээ авсан, тоног төхөөрөмж, материал авсан, хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг маш ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгүй байсныг 2015 онд Үндэсний аудитын газар аудит хийж тогтоосон байдаг. Ингэж тогтоохдоо Азийн дэд бүтцийн судалгааны институтээр статистик, эконометрикийн судалгаа хийлгэсэн байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Монголбанк гэрээнд заасан чиг үүргээ биелүүлээгүй.

Төрийн хяналт шалгалтын байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний аудитын газраас салбар яамд, Монголбанкинд хандан, гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, тодорхой хариуцлагыг аж ахуйн нэгжүүдэд тооцох, хүүг нөхөж төлүүл гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч биелүүлээгүй. Биелүүлээгүйгээр барахгүй өөрсдийгөө хаацайлсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнд хүрээгүй алдаагаа засах үүднээс их хэмжээний валютын интервенци хийсэн.

2012 онд 4 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан бол 2016 онд 1 тэрбум төгрөг болж, үндсэндээ улсын валютын нөөцийг шавхсан байдаг. Ингээд ч төгрөгийн ханш суларсаар байсан учраас Төв банкны үнэт цаас гаргаж, зах зээлд эргэлдэж буй сул мөнгийг татах ажиллагаа өрнүүлсэн. Үүний улмаас 524 тэрбум төгрөгийн хүүний алдагдал хүлээсэн.

Валют арилжааны алдагдал 462 тэрбум төгрөгт хүрсэн. Арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл хийж, валютын нөөцөө бүрдүүлэхийг оролдсон. Ингэхдээ 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ бүхнийг зөвхөн Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг биш олон улсын хөндлөнгийн аудитаас их хэмжээний алдагдал нь Монголбанкны бодлогын алдаанаас үүдэлтэй гэж дүгнэсэн.

Тодруулга: УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Хэн нэгнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэр зааж нэр хүндийг нь унагах ёсгүй. Үүнтэй санал нэг байна. УИХ-ын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд дурдагдсан зүйлүүд үнэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоон, үүний дараа олон нийтэд зарлаж, хариуцлага тооцон, эргээд заавал улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ