МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.06.08
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: 2012-2016 оны үед асар их хэлмэгдүүлэлт явуулсны нэг золиос нь би өөрөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тогтоолын төслийг дэмжиж үг хэллээ.

Тогтоолын төслийг дэмжиж байна. Тогтоолын төсөл гаргаж, хэн нэгнийг яллах гэсэнгүй. Хууль дээдэлж ажилла. Хууль зөрчсөн гэж үзэж хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоо. Хамгийн гол нь хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй гэдэгтэй санал нэг байна. Хэн нэгнийг хэлмэгдүүлж байна гэж сөрөг хүчин ярьж байна.

Үндсэндээ 2012-2016 оны үед асар их хэлмэгдүүлэлт явуулсны нэг золиос нь би өөрөө. Мөнгө босгосныг буруу гэсэнгүй. Чингис бонд гаргаж 5 тэрбум ам.доллар босгоно гэсний 3,5 тэрбум ам.долларыг манай нам зөвшөөрөөгүй 1,5 тэрбум ам.долларын бонд гаргасан юм. Хэрэв ингээгүй бол 5 тэрбум ам.долларын бондын хүүгээ Монгол Улс төлж чадахгүй, ОУВС-гийн хөтөлбөр ч байхгүй байсан.

Монголд хэмжээгүй эрхтэй хоёр хүн байсны нэг нь Монголбанкны Ерөнхийлөгч л дөө. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар нилээд нарийн мэдээлэл өгсөн. Энэ тухай олон нийтэд тэр бүр мэдээлж болохгүй юм шиг байгаа юм.

Одоо бол өмнөх алдааг засч залруулах, цаашид алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч байгаа учраас уг тогтоолын төслийг гаргаж байгаа. Тиймээс УИХ-ын гаргасан шийдвэрийг ард түмэнд буруугаар ойлгуулж байгаа сөрөг хүчин башир аргаа зогсоох хэрэгтэй.

Харин тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллах тал дээр Монголбанк хичээж, УИХ хяналт тавих ёстой. Тогтоолыг 4 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлнэ гэж заасан нь урт хугацаа биш үү гэж бодож байна. Тиймээс тогтоолыг хэрэгжүүлэх хугацаагаа наашлуулах боломж бий юу?

ШИНЭ МЭДЭЭ