МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.06.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баттөмөр: Монгол Улсад үр ашигтай төсөл хэрэгжиж байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуув.

Бага хүүтэй, урт хугацаатай, Монгол Улсад хэрэгтэй зээл л дээ. Урьд өмнө нь хэрэгжиж байсан төсөл байна. Уг төслийн үр дүнд 89 сумын 400 гаруй эмэгтэйчүүдэд бизнес эрхлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Бодит тоогоор Монгол Улсын эдийн засагт үр өгөөж өгөв.

Зах зээл хөгжсөн үеэс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор гадаад улаас маш их хэмжээний зээл тусламж авсан байдаг. Эдгээр төсөл хөтөлбөр, зээлийн үр дүн юу байв?

Үр тарианы дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж байна. Махны импорт жил бүр тусам ихэсч, Монголын зочид буудал, ресторанууд гаднаас мах худалдан авдаг гэсэн мэдээлэл бий. 2020 он хүртэл хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр маш том том зорилтууд тусгагдсан.

Нэгэнт зээл тусламжийн асуудал ярьж байгаа учраас яг одоо энэ салбарт хичнээн сая ам.доллар бүхий хэдэн төрлийн зээл тусламж хэрэгжиж байна? Энэ дөрвөн жилд Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөр хэр хэрэгжих вэ?

Өөр нэг асуудал бол бэлчээртэй холбоотой зээл, тусламжийн дотор орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн ололт нэвтрүүлэх, нутагшуулах боломж хэр байна?

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:

Уг төсөл хэрэгжих явцад таван аймгийн 15 сумын малчид, эмэгтэйчүүдийн бүлэгт шууд дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн тодорхой тооны хоршоодод зээл олгосон. Энэ хэрээр олон ажлын байр бий болгож, иргэдийг орлоготой болгоход анхаарсан.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон жилийн туршлагадаа үндэслэн судалгаа явуулж, зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж чадсан. Манай яамтай хамтарсан баг төслийг үр ашигтай гэж үзсэн. Цаашид төслийн үр ашгийг дээшлүүлэх бодлого барьж ажиллана.

Одоо уг төсөл шинээр эхэлж байгаа учраас төслийн удирдлага, менежерүүдтэй тулж ажиллан, үр дүнгийн гэрээ байгуулж, тодорхой чиглэлд Монгол Улсад үр дүн авчрах төслийг санхүүжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Уг гэрээ соёрхон батлагдсаны дараа төслийг хэрэгжүүлэх яамны ажлын хэсэг байгуулагдаж, бодлогын зорилтот төслийг санхүүжүүлэх болно.

Хөдөө аж ахуйн чиглэлээр Монгол ногоо хөтөлбөр, Хөдөө аж ахуйн маркетинг төсөл, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, Хувийн хэвшлийн оролцоотой мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Монгол Улс дахь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил-2 төсөл, Хөдөө аж ахуй-хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтийн төсөл гэсэн зургаан төсөл хэрэгжиж байна.  

ШИНЭ МЭДЭЭ