Х.НЯМБААТАР: ТУС ТУСАД НЬ ЗҮЙЛЧИЛЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСТЭЙ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хуулиар зохицуулж ирсэн, тэр дундаа шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлэх явцад гардаг зүйлчлэлийн олон маргаантай асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор шинэчилсэн Эрүүгийн хуулийг боловсруулж батлуулсан юм. Энэ утгаараа эх орноосоо урвах гэмт хэрэг, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулах гэмт хэргийг тусад зүйлчилж салгаж өгсөн байна.
Гадаадын тагнуулын алба, байгууллагад мэдээлэл дамжуулсан гэмт хэрэг нь эх орноосоо урвах гэж зүйлчлэгдэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинж, субьект шинжийг агуулахгүй байгаа учраас тусад нь зүйлчилсэн.
Өөрөөр хэлбэл, эх орноосоо урвах гэдэг нь дайн болон дайн бүхий цагт дайсны талд урвах, гадаадын тагнуулын байгууллагад улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд саад учруулахуйц мэдээ баримт шилжүүлэн өгөх гэсэн үйлдлийг тус тусад нь салгаснаараа зүйлчлэлийн маргаантай асуудлыг шийдсэн. Гэтэл үүнийг нэгтгэх гэж байгаагаа эргэн харахыг хүсч байна.
Эрүүгийн эрх зүйн зарчим, гэмт хэргийн бүрэлдэхүүний дөрвөн элемент талаасаа тусад нь зүйлчилж, хуульчлан батлагдсан нь зүйтэй гэж үзэх үндэстэй. Үүнийг эргэж хараасай гэж бодож байна. “Эх орноосоо урвах” гэж 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн одоогийн хүчин төгөлдөр байгаа үйлчлэл нь хуучин социалист эрх зүйн системийн хэв шинжийг хадгалж үлдсэн.
Хуучин ЗХУ-аас бусад улсыг манай улс дайсагнаж улс гүрнүүд гэдэг ангилалд багтаадаг байсан. Гэтэл өнөөдөр бид хөрш орнуудаа дайсагнаж тал гэсэн ангилалд оруулна гэдэг бол боломжгүй юм.