МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Системийг өөрчлөөгүй цагт мах экспортод гарахгүй
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.06.22
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Системийг өөрчлөөгүй цагт мах экспортод гарахгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Малыг эрүүл байлгах гарц гаргалгааг шинэ хуульд ямар байдлаар оруулж байна вэ?

-Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Улсын эдийн засагт хөдөө аж ахуй маш том байр суурийг эзэлдэг. Тиймээс энэ чиглэлээр ма­лаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь хүр­тэх, сайжруулах бол мон­гол­чууд бидний том зо­рилт. Үүнийг хийхэд хаалт, саад тотгор болж буй зүйл бол малын эрүүл мэнд. Монголчууд 60 сая мал­тай, эрүүл агаартай, эко орчинтой гэж ярьдаг мөрт­лөө бодит амьдрал дээр мал гадагшаа зараг­дах, борлогдох ямар ч бо­ломж бололцоо, нөхцөл алга. Нэг ёсондоо, зүгээр л мал бол бэлчээж, нүдээ баясгадаг зүйл болчихлоо. Үүнийг өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд мал эм­нэл­гийн тогтолцоог өөрчилж, чанаржуулах ёстой.

Мал эмнэлгийг чанар­жуулах тал дээр босоо тогтолцоог Мал, амьтны эрүүл мэндийн хуульд түлхүү оруулах нь зөв гэж үзэж байгаа. Мал эм­нэлгийн хувийн байгуул­лагуудыг удирдаж хянаж төлөв­лөгөөг нь ба­талж өгдөг Мал эмнэлгийн тасгийн суманд байгуулна. Мал эмнэлгийн тасаг нь айм­гийнхаа Мал эм­нэл­гийн эрүүл мэндийн га­зартай уялдаа холбоо­той ажилладаг. Тэр нь дээ­шээгээ мал амьт­ны эрүүл мэндийн асуу­дал хариуцсан тө­рийн байгууллага буюу сайдын­хаа өмнө хариуц­лага хүлээдэг байх ёстой юм.

-Хуулийн төсөлд малч­дын санаа бодол хэр туссан бэ. Мөн мал эмнэлгийн бо­соо тогтолцоог бий бол­го­хоор хариуцлагын асуудал хэрхэн хөндөгдөх вэ?

-Ер нь мал эмнэлэг гэдэг олон улсын хэмжээнд онцгой обьект. Малын эрүүл мэнд ард иргэдийн эрүүл аюулгүй хүнс хэрэг­лэхтэй холбоотой уч­раас мал эмнэлгийн бо­лон мал эрүүл байх асуу­дал Монгол хүний эрүүл байхтай салшгүй холбоотой. Хүнийхээ эрүүл мэндийг харж байгаа систем, журмаараа малын эрүүл мэндийг дээрээс нь доош босоо тогтолцоотой байлгая гэж байгаа юм.

Малчидтай уулзаж санаа бодлыг нь сон­сохоор төрийн томоохон тогтол­цоо­той больё гэж байна. Энэ нь төрийн бодлоготой байж хариуцлага яръя. Хувийн хэвшлийнхэн арай задгай байна гэсэн үг.

-Хууль хэрэгжээд эх­лэхээр хөрөнгө мөнгө, орон тоотой холбоотой асуудал гарч ирнэ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Хуулийг хэрэгжүү­лэ­хэд маш их бэлтгэл ажил хэрэгтэй. Хөрөнгө мөн­гө­ний асуудал маш их яриг­дана. Анхан шатны бай­гууллага дээр урьд нь нэг хүнтэй байсан бол шинэ хуулиар хоёр хүн­тэй Мал эмнэлгийн тасаг бий болгох учраас хөрөнгө шаардлагатай. Мал эмнэлгийн байцаагч, малын өвчний тархалтад судалгаа хийж бүртгэж дүг­нэдэг хүний орон тоог нэмж байгаа. Ин­гэж байж хариуцлага ярих боломжтой болно.

Хууч­наар бол сумын тасаг дээр ажиллах хүнийг сумын Засаг дарга томилж ца­линг нь өгдөг байснаас болж дээд шатнаас ирж байгаа тушаал шийдвэр биел­дэггүй байсан. Шаардлага тавьж хариуцлага тооцож чаддаггүй байсан. Тиймээс үүнийг халж шинэ тогтол­цоог бий болгохыг зорьж байгаа юм.

-Малыг эрүүлжүүлнэ гэж янз бүрийн тарилга хий­дэг. Малын эмийн талаарх мэдээлэл малчдад хомс гэдэг асуудлыг малч­дын зөвлөгөөний үеэр хөн­дөж байсан. Энэ асуудлыг хуульд хэрхэн тусгаж байгаа вэ?

-Малыг эрүүлжүүлнэ гэж янз бүрийн тарилга туулга хийдэг асуудлыг хувийн хэвшлийн нуруун дээр хаяад анзаарахгүй орхисноос доод шатандаа замбараагүй байдал үүссэн байна. Нөгөө талаас ху­вийн хэвшлийнхэн ну­руун­даа аваад явж байгаа нь буруу биш. Харин зөв залж жолоодох хэрэгтэй. Энэ жил танай суманд ямар хэмжээний вакцин хийж ямар үйлчилгээ үзүү­лэх ёстой юм гэдэгт үүрэг хүлээж бүх асуудлыг тод­руулдаг, хянадаг, төлөв­лө­гөөг нь гаргадаг болно.

Өгсөн үүрэг даалгавраа араас нь шалгаж дээд шат­ны байгууллагад тайлаг­нах ёстой. Гэтэл ийм бүхэл бүтэн систем нь тасарч ажиллахаа боль­чихоод байна. Малын эмийн зохистой хэрэглээг мөр­дүү­лэх эрх зүйн орчныг сайжруулах замаар малын гаралтай бүтээгдэхүүнд тавигдах хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангах юм.

-Малын халдварт өвч­ний тархалт малчдын хариуц­лагатай холбоотой. Малчдад хүлээлгэх ха­риуц­лагын асуудлыг ямар байдлаар тусгах вэ?

-Мал өвчингүй байх, эрүүл бүсийг бий болгоход хамгийн чухал зүйл бол шил­жилт хөдөл­гөө­нийг хязгаарлах явдал. Гад­ны жишээг харж байхад бэл­чээрээр нь ма­лаа хашиж өвчнийг дамжуулахгүй арга хэмжээг авдаг юм байна. Ер нь малыг эрүүл байлгаж, өвчнийг халдаахгүй байх л хамгийн чухал. Хэрэв хонио ачаад хот руу оруулж зарахаар болж мал эмнэл­гийн байцаагчаасаа “Энэ хүний мал эрүүл” гэсэн бичгийг заавал авах ёстой. Энэ бичгийг болон ямар мал хаанаас ачаад явж байгааг замын пост болгон шалгана.

Хоёрдугаарт, малчид хуц ухна хоорондоо худалдах, со­лил­цох бол миний мал эрүүл гэсэн бичгийг заавал байцаагчаас авдаг болно. Байцаагчаас бичиг авахын тулд малаа бүрт­гүүлнэ гэсэн үг. Бүрт­гэл­тэй малд халд­варт өв­чин байгаа эсэхийг орон тооны ажилтан үзэж судалгаа дүгнэлт хийх юм. Ингэж байж энэ хүний ачиж яваа 100 мал эрүүл гэсэн бичгийг хийж өгнө. Энэ систем рүү орох юм. Мал­чид малаа бүртгэлд нь хамруулж судалгаандаа орж тарилга туулганд нь хамрагдаж бичгээ авах үүрэг хүлээж байна.

-Мал эмнэлгийн сал­барын систем өөрчлөгд­сөнөөр мах экспортлох гарц хэрхэн нээгдэх вэ?

-Систем нь буруу бай­гаа учраас мах гадагшаа га­рах­гүй байна. Олон ул­сын мал эмнэлгийн бай­гууллагаас маш олон дүгнэлт өгч байгаа. Танайх систем нь алга гэж байна. Жишээ нь, мал эмнэлгийн ерөнхий эмч буюу хамгийн дээд албан тушаалын яаманд ажиллаж байгаа хүн малынхаа эрүүл мэн­дийг мэдэхгүй. Мэр­гэж­­лийн хяналтын бай­гуул­лага дундуур нь ороод байна гэсэн асуу­дал яригдаж байна. Энэ мэтээр доод талынх нь систем тасарчихаад бай­на. Тиймээс Мал амьт­ны эрүүл мэндийн хуульд Мэргэжлийн хяналтын байгууллага ямар асуудлыг хариуцах, мал эмнэлгийн асуудал хариуцсан сайд ямар ажил хийх юм гэд­гийг тусгайлан зохи­цуул­­сан.

Хэн ямар хяналт тавихыг нь ялгаж сал­га­сан. Уг нь нэг хонь, нэг хурганы эрүүл байх асуу­дал мал эмнэлгийн асуу­дал хариуцсан сайдтай хол­боотой байх ёстой юм. Мөн бүх малын бүрт­­­гэлийг хийхгүйгээр мон­­гол мал экспортод гарах­гүй. Бүртгэлжүүлэхэд нэлээд хүндрэл үүсэх байх. Гэхдээ зайлшгүй хийхгүй бол жилд арван сая малаа өөрс­дөө нядалж идэхээс цааш гарахгүй.

Мөн Мал, амьтны эрүүл мэндийн хуулийн үйлч­лэх хүрээнд мал эм­нэ­лэг, хорио цээр, хязгаар­лалтын хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг оруулахаас гадна, хуулийн нэр томьёонд “мал”, “тэжээ­вэр амьтан” гэсэн тодорхойлолтыг ялгасан. Мал эмнэлгийн тог­толцооны анхан шатны байгууллагад шинэ мэргэжилтэн, залуу боловсон хүчин очиж ажиллах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах сана­лууд ч гишүүдээс гарсан.

С.Уянга

ШИНЭ МЭДЭЭ