МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.30
Эдийн засаг, Худалдаа

2016 оны төсвийн алдагдлын дийлэнх нь өмнөх Засгийн газар дээр гарсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн юм. 

Ж.Бат-Эрдэнэ: Өөрсдөө амлачхаад амалсанаасаа буцаж өөрсдийн рейтингээ унагадаг нам гэж  байхгүй

"МАН, 65 УИХ-ын гишүүн ард түмэнд ачаа үүрүүллээ, орлого татвар нэмлээ, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласанаасаа ухарлаа" гэж их ярьж байна. Үүн дээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хэлж өгөөч. 

Бид асуудлыг тойрч ярьж байгаад хаячхаад байна. Ард талын үр дүнг ерөөсөө харахгүй байна. Өнөөдөр 1.6 их наяд төгрөгийн алдаа гэж сая УИХ дээр яригдлаа. Аудитын газар дээр хангалтгүй ажилласан 10 гаруй Төсвийн ерөнхийлөгч захирагч дээр  сануулга өгсөн гэлээ. Цаашид бид ямар ямар Төсвийн Ерөнхийлөн захирагч дээр арга хэмжээ авах ёстой юм бэ? 2016 оны  улсын төсөв дээр гарсан ямар алдаа дутагдалд, хэн гэдэг хүн дээр, хэрхэн арга хэмжээ авах ёстой юм бэ?.

Үүнийг тодорхой яриад цаашаа явчихмаар байна шүү дээ. Ингэж өмнөх алдаагаа гаргаж ирж байж цааш явбал Засгийн газрын үйл ажиллагаа жигдэрнэ, цаашид алдаа дутагдал давтахгүйгээр ажиллах боломжтой болно.

Ер нь гүйж байгаад өөрөө өөрийгөө дэгээдэж унагадаг хүн байдаггүй. Үүнтэй адилхан өөрсдөө амлачхаад амалсанаасаа буцаж өөрсдийн рейтингээ унагадаг нам гэж  байхгүй ш дээ.

Бид үнэхээр аргагүй эрхэнд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, аргагүй эрхэнд энэ татваруудыг нэмсэн биз дээ. Өнгөрсөн 10 сард бид тэтгэвэр хүртэл тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан. Энэ нөхцөл байдлыг хэн бий болгосон, үүн дээр ямар ямар арга хэмжээ, хариуцлага тооцох юм гэдгээ яриад явчихмаар байна. Үүнийг тойрч яриад байх юм. Яг  нэр устай нь сонсмоор байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Энэ алдаанууд өмнөх Засгийн газрын үед гарсан

2016 оны төсөвт хийсэн аудитын дүгнэлттэй бид танилцсан. 10 орчин Төсвийн ерөнхийлөн захирагч дээр тодорхой хэмжээний хариуцлага тавигдсан. 2016 онд хоёр засгийн газар дамжсан. Хэн хэн хариуцлага алдсаныг нуух зүйл алга. Энэ алдаанууд өмнөх Засгийн газрын үед гарсан алдаанууд байна лээ. Тэгэхээр эдгээр хүмүүс нь  2016 оны УИХ-ын сонгуулиар хариуцлага хүлээгээд солигдсон. Ийм учраас одоо байгаа төсвийн Ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох нь учир дутагдалтай юм. Харин 2017 оны тухайд асуудал өөр юм. Яагаад гэвэл манай Засгийн газар, Төсвийн ерөнхийлөн захирагч нар алдаа дутагдал гаргах юм бол хариуцлага тооцуулахад бэлэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ