УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.06.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Хүмүүжил, ёс суртахуун, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд анхаарах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэд хэдэн асуудал тодруулсан юм. 

Манай биеийн тамир, спортын салбар 2003 онд бие даасан хуультай болсон. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 2001 оноос эхлэн боловсруулж, миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан юм.

Олон улсын жишигт нийцсэн хуулийн төсөл боловсруулж, батлуулснаар ямар үр дүн авчирдгийг Биеийн тамир, спортын тухай хууль бэлхнээ нотолж харуулсан. Салбарын хуультай болсноос хойших 14 жилийн хугацаанд Монголчууд бидний хүсэн хүлээсэн Олимпийн аварга төрөн гарсан байдаг.

Манай улс төдийлөн амжилт гаргаад байдаггүй багийн спортын төрөлд тодорхой амжилт гаргасан. Тухайн үед хуулийн төслийг боловсруулахдаа нэр хүндтэй хуульчидтай хамтран ажиллаж, олон улсын суурь судалгаануудыг харьцуулахад аль ч улсад биеийн тамир, спортын салбар пирамидын тогтолцоогоор хөгжиж ирсэн байдаг.

Хамгийн оройд нь спортын олон төрөлд амжилт үзүүлсэн тамирчид, пирамидын суурийг бүрдүүлж буй олон нийт биеийн тамираар хичээллэж байдаг. Тухайлбал, жүдо бөхийн төрөлд Олимпийн аварга төрлөө гэхэд олон нийт уг спортыг сонирхон судалж, хүүхэд, залуучууд хичээллэдэг шүү дээ. Мөн түүнчлэн тамирчдын ёс зүй ч үүнд нөлөөлнө.

Тамирчдыг ёс зүйтэй байхыг дорно дахины улс орнууд шаарддаг. Энэ мэтчилэн маш олон талыг харгалзан үзсэний үндсэн дээр Биеийн тамир, спортын тухай хуулийг боловсруулж байсан.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж үзээд энэ талын зохицуулалт бүрхэг байна уу гэж харлаа. Биеийн тамир, спортын үйл ажиллагаа бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэхтэй холбогддог. Нөгөө талаас оюун санааг хөгжүүлэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, үнэт зүйлийг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Өндөр амжилт үзүүлж буй, пирамидын оргилд хүрсэн тамирчдыг дэмжих зохицуулалт сул байна уу даа гэж бодож байна.

2003 онд Биеийн тамир, спортын тухай хууль төсөвт дарамт учруулахаар байсан бол батлагдахгүй байх байсан. Хуулийн төслийн 7,2,4 дахь хэсэгт сумдад биеийн тамирын арга зүйчийг ажиллуулна гэж заасан нь орон тооны ажилтан уу эсвэл 2003 онд батлагдаж байсантай адил орон тооны бус арга зүйчийг ажиллуулах гэж байна уу?

Биеийн тамир, спортын удирдлагын тогтолцоо, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг аль нэг яамны харьяанд байлгахаар уг хуулийн төсөлд тусгасан уу эсвэл Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалуулж байна уу?

Биеийн тамир, спортын асуудал гэдэг бол улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй бүх салбар уялдааг хангахыг шаарддаг. Тиймээс энэ асуудлыг шууд Ерөнхий сайдын удирдлагад байхаар авч үзсэн үү, ямар зохицуулалт хийсэн бэ гэдгийг хэлж өгөөч.  

ШИНЭ МЭДЭЭ