МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.07.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

М.Оюунчимэг: Багш нарын цалинг нэмэх, орон сууцаар хангах, хөгжүүлэх боломж хэр байна?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа. 

Энэ УИХ, Засгийн газар бүрэлдсэн цагаасаа хойш боловсрол, эрүүл мэндийн салбарт хамгийн их анхаарал хандуулж байна. УИХ-ын гишүүд ч тэр тойргийн иргэдтэйгээ уулзахдаа эдгээр салбарт түлхүү анхаарч, тодорхой асуудлыг шийдэж байна.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь багш нарын асуудал хамгийн чухал байна. 2017-2018 оны хичээлийн жил эхлэхээс өмнө уг хуулийн төслийг хэлэлцэн баталж, хуультай болох хэрэгтэй.

Финлянд, Сингапур, Норвеги зэрэг боловсролын салбараараа дэлхийд тэргүүлээд байгаагийн гол шалтгаан нь багш нартаа нэг номерт анхаардаг. Багшаа бүх талаас нь хөгжүүлдэг.

Хамгийн өндөр боловсролтой нь багшийн сургуульд ордог. Тухайн их, дээд сургуулийн хамгийн өндөр оноотой төгссөн төгсөгч нь тухайн сургуульдаа багшаар үлддэг гээд багш хүнд хамгийн чухал ач холбогдол өгдөг.

Бид ч гэсэн багш гэдэг мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг өсгөх ёстой. Ингэсэн цагт хүүхэд, залуучууд өндөр боловсролтой, хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай боловсон хүчин болж гардаг. Энэ ч утгаараа багшийн хөгжүүлэх, дэмжих чиглэлээр ямар онцлох зохицуулалт оруулсан бэ?

Нийслэлээс агаарын бохирдол хамгийн ихтэй дөрвөн бүсэд амьдарч буй өрхийг ипотекийн найман хувийн зээлд хамруулах ажил эхэлж байна. Тэгвэл энэ бүсэд амьдардаг багш нар, боловсролын салбарын ажилтнуудыг эхний ээлжинд бүртгэх тал дээр уг хуулийн төслийн хүрээнд НЗДТГ, Боловсролын яам хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй.

Тиймээс багшийн нийгмийн асуудлыг ярьж буй энэ нөхцөлд орон сууц, цалин хөлс хангах, хөгжүүлэх боломж хэр байна? Шууд цалин хөлс, урамшууллыг нь нэмэх боломжгүй ч гэсэн өөр чиглэлээр хөгжүүлэх, идэвхжүүлэх боломж тусгасан бэ гэдэг дээр тодорхой хариулт өгнө үү.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Хуулийн төслийн тавдугаар бүлэгт “Багшийн хөгжлийн баталгаа” гэж оруулж өгсөн. Уг хуулийн төсөл нь анх Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай гэсэн нэртэй байсан. Энэ бүхнийг тавдугаар бүлэгт оруулсан. Багшийг хэрхэн идэвхжүүлэх талаар хэд хэдэн заалт тугасан.

Тухайлбал, багшийн хүүхдийг СӨБ нь тэргүүн ээлжинд хамруулах, ЕБС, цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын амжилт, чанар, суралцагч эсвэл түүний эцэг, эхийн сэтгэл ханамж, заах аргын чадвар, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан хугацаанаас нь өмнө нэмэгдүүлж болно гэж заасан. Мөн маш чухал заалт орсон нь эхний нэг жил, 10 дахь жилдээ ажиллаж буй багшийн цалингаас 4000 төгрөгийн ялгаатай байгааг өөрчилсөн.

Нэг ёсондоо сайн, муу ажиллаж байснаас үл хамааран цалингийн хэмжээ адилхан байсныг өөрчилж, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангаж байна. Багшийн ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгоно гэж заасан. Хувь хүнийг хөгжүүлэх чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан тушаалаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж болно.

Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа багшийн мэргэжлийг санал болгож, боловсролын салбараас эрэлт, нийлүүлэлтийн зарчимд нийцүүлнэ. Тухайлбал, тусгай хэрэгцээт сургуульд хэчнээн тооны багш хэрэгтэй байгаа захиалгыг авч, улсаас тэтгэлэг олгодог байх, сургуулиа төгсөөд шаардлагатай боловсролын байгууллагад нь хуваарилдаг байх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Мөн ёс зүйн хариуцлага алдсан, багшаа хариуцлагатай хийж буй багш хоёр адилхан цалин авч байна. Гадаад докторын зэрэг хамгаалсан багшийг ажилласан хугацаа харгалзахгүйгээр зөвлөх багшийн орон тоон дээр ажиллуулах хэрэгтэй байна. Одоо бол дөнгөж сургуулиа төгссөн арга зүйч багштай адилхан зэрэгтэй юм шиг ажилладаг.

Цаашид орон сууцны зээлд хамруулахдаа багш, эмчийг тэргүүн ээлжинд авч үздэг байх асуудлыг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэнэ гэж хуулийн төсөлд заасан. НЗДТГ-аас Багшийн хөгжлийг дэмжих тунхаг гаргасан.

Уг тунхагт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих багш нарт хөнгөлөлт, урамшуулал олгох асуудлыг тусгаад байна. Индекцийн урамшуулал олгох асуудлаар НИТХ-аас тогтоол гаргасан. Тиймээс уг хуулийн төсөл батлагдсанаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд ч багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдээ гаргаж, төрийн албаны тэргүүлэх үйлчилгээ бол боловсролын асуудал мөн юм гэдгийг хуульчилж байна. 

ШИНЭ МЭДЭЭ