МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол төв талбайд биш Их танхимд болно
2017.07.06
Улстөр

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол төв талбайд биш Их танхимд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж, УИХ-д суудал бүхий гурван намаас гурван нэр дэвшигч нэр дэвшин өрсөлдсөн. Сонгуулийн ирц 50 хувиас давж, ирцийн босгыг давсан ч нэр дэвшигчдийн хэн нь олонхийн санал аваагүй учраас 7 дугаар сарын 7-ны Баасан гарагт буюу маргааш дахин санал хураалт болно.

Хэрэв анхан шатны сонгуулиар ялагч тодорсон бол өнөөдрийн өндөрлөж буй хаврын чуулганаар багтаж, шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөх байлаа. Гэвч дахин санал хураалт болж, магадгүй дахин сонгууль болж сунжрах төлөвтэй байгаа учраас 2017 оны хаврын чуулган хуулийн хугацаандаа өндөрлөж, шаардлагатай гэвэл ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болоод байна.

Энэ бүхэнтэй зэрэгцэн хаврын чуулганы хаалтын энэ өдөр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол журам хэмээх 1993 оны УИХ-ын 40 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар орууллаа.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг анх 1993 онд буюу тэртээ 24 жилийн өмнө баталж, 2013 онд тодорхой өөрчлөлтүүд оруулсан байдаг.

1993, 1997, 2001, 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Их танхимд зохион байгуулдаг байсныг УИХ-ын 2013 оны 7 дугаар сарын 3-ны 46 дугаар тогтоолоор өөрчлөн Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайд хийж байхаар өөрчилжээ. Тэгвэл уг заалтыг өнөөдрийн хуралдаанаар Их танхимд байхаар өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Ийнхүү шинэ Ерөнхийлөгч хэзээ сонгогдож, УИХ-аар батламжлан, тангаргаа өргөх нь тодорхойгүй байгаа ч хаана тангаргаа өргөх нь тодорхой боллоо.

Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан уламжилдаг.

Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ.

Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тангараг өргөх ёслолын талбайд хүрэлцэн ирж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч түүнд зориулсан ширээний ард, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.

Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна.

Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг (нанжвандан) дээр залж шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр түшиж адислан гардаж аваад ширээн дээрээ зална.

Их танхимын тайзны голд байрлуулсан индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх тавьсан байна.

Их танхимд Зэвсэгт хүчний ерөнхий штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байрласан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

ШИНЭ МЭДЭЭ