Ж.Энхбаяр: Надад ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл сонин биш байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2017.08.24
Улстөр

Ж.Энхбаяр: Надад ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл сонин биш байна

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргаад байгаа билээ. Тэдгээр гишүүдийн нэг нь Ж.Энхбаяр. Тэрбээр энэ асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг яагаад огцрох ёстой гэж үзэж байна вэ?

- Олон улсаас авсан зээл тусламжинд маш ноцтой шамшигдуулалт бий болсон. Нэг жилийн хугацаанд энэ асуудалтай холбоотой нэг ч хариуцлага тооцсонгүй. УИХ, ажлын хэсгүүд ажиллаж, бүхий л талын мэдээллийг өгсөн ч өнөөдрийг хүртэл хэвээрээ байна. Эрдэнэтийн асуудлыг энд дурдаж болно. Одоо цэцэрлэг, сургууль эхлэх гэж байна. Гэтэл олон мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч чадахгүй гэртээ байна. Сургууль гурван ээлж хичээллэсэн хэвээр байна. Гэтэл Засгийн газрын гишүүд хувийнхаа компани руу зам тавьдаг, эрчим хүч татдаг. 800 гаруй тэрбум төгрөгийг концевци нэрээр Засгийн газар дотроо хувааж зарцуулж байгаатай эвлэрч чадашгүй нь. Ард түмний амьдрал хүнд хэвээрээ байхад яахаараа Монгол улс барьцаанд тавьж авсан зээл хөрөнгүүдийг хувийн компанидаа зарцуулдаг юм бэ.

Нөгөө талаар “60 тэрбум”-ын хэрэг гэж Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Хэрвээ монголчууд төрөө мөнгөөр худалддаг болчихвол иргэдийн төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Ард түмэн өөр хаашаа хандах вэ. Итгэж байсан, 65 суудал өгсөн Ардын нам нь  төрийн албыг мөнгөөр үнэлэнэ гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгаас урвасан, монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна.

Тиймээс ийм гэмт хэргээс улс төрөө цэвэрлэх цаг нь болсон. Үүнийг Ардын нам л хийхгүй юм бол өөр хийх улс төрийн хүчингүй. УИХ-ын 30 гишүүн  гарын үсэг зурна гэдэг асар том хүч бий болж байна гэсэн үг. Цаана нь 10 гаруй гишүүд дэмжихээ илэрхийлж байна. Одоо л бид авлигажсан нийгмийг тас цохиж эрүүлжүүлж авахгүй бол бид ероолгүй, нийгэм, эдийн засгийн хямралт байдал руу жолоодлогогүй унах болно.   

- Гарын үсэг зурсан гишүүдийг “Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гэж байна. Сайд болох гэж байна” хэмээн хардацгааж байна. Тухайлбал таныг Батлан хамгаалахын сайд болж магадгүй гэх мэдээлэл байна.

- Би сонгуулийн үеэр сонгогчдодоо нэг амлалт өгсөн. Өнөөдрийг хүртэл тэрхүү амлалтаа биелүүлж явна. Цаашдаа ч байх болно. Энэ юу гэвэл “Би УИХ-ын гишүүнийхээ ажлыг нэр төртэй хийнэ. Олон түмнийхээ төлөө шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. Нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэсэн. Надад ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл үнэхээр сонин биш байна. Хамгийн гол нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт үндэслээд байгаа муу муухайг тас цохихгүй бол ноцтой аюул занал бий болоод байна гэдгийг л маш хүчтэй мэдэрч байна. Үүнийг хойш тавьж болохгүй. Нам нь нам шиг, засаг нь засаг шиг, УИХ нь УИХ шиг байх цаг ирсэн.

- Засгийн газрыг огцруулсанаар АН-ын алдааг давтах вий гэсэн болгоомжлол байна уу. Засаг тогтворгүй байснаар эдийн засаг нөлөөлж магадгүй гэх хүмүүс бий. Уг нь танай нам өнгөрсөн хугацаанд хамгийн тогтвортой байдлыг ярьдаг байсан шүү дээ?

- Тогтвортой байдлын төлөө, улс эх орныхоо төлөө энэ ажлыг хийж байна. Амаргүй бөгөөд хатуу ажил. Бид дахин дахин ярилцсан. Гэхдээ бидэнд улс эх орны ашиг гэж амин чухал зүйл бий. Өнөөдөр эдийн засгийнхаа жолоог олон улсын буюу гадны байгууллагад атгуулчихаад, иргэдийнхээ цалин, тэтгэврийг тавих чадваргүй  болчихоод бид эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж, хувийн ашиг сонирхолдоо зарцуулж байгаа байдалтай эвлэрч болохгүй.

Монгол Улсад шударга ёс байна гэдгийг, албан тушаалтнуудад хариуцлага тооцож чаддаг дэлхий нийтэд харуулах ёстой. УИХ гэдэг чинь ард түмний төлөөлөл шүү дээ. Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол дараа нь түмнийхээ нүүрийг яаж харах вэ. Монгол төр цэвэр тунгалаг болвол итгэх итгэл, оруулах хөрөнгө нэмэгдэнэ. Ийм байдалтай Монгол яаж итгэх юм бэ. Муу муухай бүх зүйлээ намын нэрийн ард нууж ирлээ. Түүнийг нь хамгаалж ирлээ. Одоо хангалттай.

- “Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг Засгийн газар үүрэх хэрэггүй. Учир нь хангалттай сайн ажиллаж байгаа” гэх мэдэгдлийг зарим сайд нар хийж байна?

- Ард түмэн Засгийн газарт л дүн тавьдаг. Тэд Засаг барьж гэж л биднийг сонгодог. Харин тавьсан дүн нь энэ. Өнөөдөр Ардын намын рейтинг 10 гаруйхан хувь болтлоо уначихаад байна. Жилийн өмнө ард түмнийхээ 60 гаруй хувийн итгэлийг авч байсан нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар 10 хүрэхгүй хувийн саналыг авлаа. Үүнээс илүү ямар үр дүн хэрэгтэй юм бэ. Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж ямар хүн нь хэлээд байгаа юм. Яахаараа муу муухай бүхнийг хаах ёстой юм бэ. Яагаад Чингис бонд, Самуурай бонд, Хөгжлийн банкны шалгалтын үр дүнг хэлэлцэхгүй байгаа юм. Яагаад Эрдэнэтийн 49 хувийн асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдэхийг ард түмэн хүлээгээд байна.

- Танай намын Их хурал удахгүй болох гэж байна. Энэ хурлаараа даргатайгаа хариуцлага тооцоод шинэ дарга нь Засгийн газраа зохицуулах ёстой байсан юм биш үү гэсэн санал хэлээд байгаа?

- Бид цаг алдаж болохгүй. Зарим нэг хууль хяналтын байгууллагууд хууль бус ажиллагаа хийснийг та бүхэн мэдэж байгаа. Хууль, улс төр, эрх мэдэлтнүүдийн орооцолдсон санхүүгийн тодорхой дэмжлэгтэй, зорилготой, монголын ард түмний баялагийг цөөхөн хүрээнд хувааж байгаа, хулгайлж, зарцуулж байгаа явдлыг таслах цаг болсон. Монголын нийгэм арчаагүй байдал  руу нийтээрээ живж байна. Бүгд мэддэг, хэлдэг байж хийж чаддахгүй байна. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг айхтар үг бий. Монголын төр цэвэр, улс төрчид нь шударга байх ёстой. Алийн болгон найр тавьсан, худалдагдсан, цөөнхөд үйлчилсэн, ирээдүйгээ устгасан төртэй байх вэ? Үүнийг хийхгүйгээр бид урагшаа явж чадахгүй.

- Дараагийн Засгийн газар байгуулагдахад таныг Шадар сайд болно гэсэн шуум байна?

- Ахиад хэлье. Ж.Энхбаяр гэдэг хүн ямар ч улс төрийн албан тушаалыг хашиж чадна. Гэхдээ миний үүрэг УИХ дотор бий. Өнгөрсөн жилийн хугацаанд Батлан хамгаалах, үндэсний эрх ашигтай холбоотой долоо, найман багц хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Одоогийн дараагийн салбарын хуулиуд байна.

ШИНЭ МЭДЭЭ