Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнэ Япон улсын батлан хамгаалах яамны бодлогын газрын захирал Осаму Изаваг хүлээн авч уулзлаа
2017.08.29
Гадаад харилцаа

Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнэ Япон улсын батлан хамгаалах яамны бодлогын газрын захирал Осаму Изаваг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Япон Улсын батлан хамгаалахын сайд ноён Ицүнори Онодерагийн мэндчилгээг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд уламжиллаа.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн жилүүдэд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын зэрэг бүхий л салбарт хурдацтай хөгжиж байгаагийн дотор цэргийн салбарын хамтын ажиллагаа тодорхой байр суурийг эзэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн 2012 онд хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын "Харилцан ойлголцох санамж бичиг"-т гарын үсэг зурснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд бид бүх түвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон хэлбэрээр хамтын ажиллагаагаа явуулж байна. Ялангуяа хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаанд цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн 2 чиглэлийг тодорхойлон амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 2 дугаар сард Зэвсэгт хүчний инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн Япон Улсын цэргийн инженерийн сургуульд сургалтанд хамрагдсан. Яг энэ мөчид ч Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн бүрэлдэхүүн Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн цэргийн сургалтын багтай хамтарсан сургуулийг зохион байгуулж байгаа юм.

2014 оноос "Зам" сургалт нь гурван үе шаттай хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд таван удаагийн сургалт, дадлага явагджээ. Хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тавьсан хүсэлтийг хүлээн авч "Авто замын ус зайлуулах байгууламж барих" сэдвийн хүрээнд энэ удаагийн сургалт явагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсан Замын тусгай ротод Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар улсын бүтээн байгуулалтад зам тавьж оролцох зөвшөөрлийг олгоод байгаа юм. Сургалт үргэлжилснээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх "Барилга, инженерийн рот"-ын бэлтгэлийг хангах боломж нээгдэж байгаа юм.

Уулзалтад БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын атташе дэд хурандаа Хонда Киёотака нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ