МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Хэн юу хэлэв
2017.09.15
Улстөр

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд халуухан үйл явдал өрнөсөн. МАН-ын байгуулсан “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар 404 хоногийн дараа намын гишүүдийнхээ тавьсан дэгээнд унаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн оффшорчдод үзүүлсэн 49 хоногийн өршөөлийн хугацаа дуусч, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бага хурлынхаа товыг зарласан гээд олон асуудал өрнөв. Ингээд зарим хүмүүсийн байр суурийг тоймлон хүргэе.

О.Баасанхүү: Засгийн газрыг огцруулах үндэслэл нь буруу байсан

/УИХ-ын гишүүн/

УИХ-д суудалтай МАХН-ын цор ганц гишүүн О.Баасанхүү Засгийн газрыг огцруулах хуралд биечлэн байгаагүй боловч байр сууриа мөн илэрхийлжээ.

Тэрбээр “Засгийн газрыг огцруулах хуралд намайг байсангүй гэж сонгогчид маань үгүйлсэн шиг байна лээ. Би хуралд байсан бол үгээ хэлнэ, асуух асуултаа асууна. Огцруулах асуудлын тухайд бол би картаа сугалах байсан. Санал хураалтад оролцохгүйгээр түдгэлзэнэ гэсэн үг. Яагаад би санал хураалтад оролцохгүй байна вэ гэвэл Засгийн газрыг огцруулах үндэслэл нь өөрөө буруу байсан.

МАН 65 суудалтай. Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний улс төрийн хүчин. Энэ улс төрийн хүчний хоорондын хагаралдаанд МАХН эсвэл АН-ын зүгээс аль нэг талынх нь шийдвэрийг гаргахад нь оролцох ёсгүй юм. Яагаад гэвэл 2020 онд МАН өөрөө хариуцлагаа үүрэх ёстой.

МАН сонгуульд оролцохдоо тэтгэврийн зээлийг бууруулна, хүүхдийн мөнгийг өгнө гэдэг ч юмуу ард түмэнд таалагдсан олон амлалтыг өгсөн. Иргэд саналаа ч өгч дэмжсэн. Гэтэл хоорондоо эрх мэдэл, албан тушаал, хардлага сэрдлэгээсээ боллоо. Хэрэв ингээгүй бол Засгийн газартаа итгэл үзүүлэх тухай асуудлыг өнөөдөр оруулж ирэх байсан юм.

Хэрвээ Засгийн газрыг унагаах ёстой гэвэл бусад нам хүчний байгууллагын төлөөлөлтэй ярих байсан. Би бол Засгийн газрыг огцруулах ёстой гэж бодож байсан тал бий. Гэхдээ Засгийн газрыг огцруулахдаа одоогийн тавьсан гурван үндэслэлээр биш. Үүнээс өөр ноцтой олон үндэслэлүүд бий.

Жишээлбэл, Ц.Нямдоржийн хэлж байсанчлан Эрдэнэтийн 49 хувь дээр УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаагүй, идэвхтэй ажиллаагүй гэдэг ч юм уу тодорхой бөгөөд хүн болгон нээрээ огцрох ёстой юм байна шүү гэх үндэслэлүүдийг оруулж ирэх байсан.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас огцруулна гэдэг үндэслэл чинь өрсөлдөгч намын хувьд ямар сонсогдох вэ. Өрсөлдөгч намуудаа тэр дотроо өмнө нь удаа дараа засаг барьж байсан АН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэх үндэслэл дээр нь кноп дарж байгаа нь шившигтэй санагдсан. Та нар хэрүүлээ өөрсдөө шийд, эсвэл засгийг огцруулах тогтоолын үндэслэлүүдээ өөрчилж ир гэх байв.

Засаг огцрох тухай үндэслэлд 60 тэрбум төгрөг гэсэн үг нэг ч байгаагүй. Хэрэв ингэж оруулж ирсэн бол албан тушаалын наймаа гэж үзэж, үүнийг арилгахын тулд хаацайлж байна гэж засгийг үзсэн бол оносон үндэслэл болох төдийгүй кноп дарах үндэслэл болно.

Ингэж намын хэрүүлээ бид нараар хагалуулах гэж оруулж ирсэн нь шившигтэй хэрэг. Үнэндээ арчаагүй нөхдүүдээ солиод ажлаа урагшаа явуулах ёстой байсан болохоос биш жоомоо алах гээд гэрээ шатаав гэгчээр засгаа бүхлээр нь унагачихаар амьдрал сайжирчихгүй л дээ. Тэгээд ч одоо байгуулагдах Засгийн газар худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй байх ёстой. Чадах зүйлээ амладаг байх ёстой” гэжээ.

Г.Занданшатар: Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ тарах ёстой

/УИХ-ын гишүүн/

УИХ дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах үүрэг хүлээж буй. Тиймээс ирэх аравдугаар сарын 08-наар Засгийн газрыг байгуулах хуулийн хугацаа дуусна гэсэн үг юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар байр сууриа илэрхийлжээ

Тэрбээр “Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулсан, чөлөөлснөөс хойш 30 хоногийн дотор нөхөн томилно гэсэн тодорхой заалт бий. Бид хуулиа биелүүлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 22.2 дугаар зүйлд Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана гэдэг заалт бий

Тэгэхээр бүх шат дараалал хуулийн хугацаатай. Олон улсад хоёр жишиг байдаг. Германы Үндсэн хуульд дараагийн Ерөнхий сайдаа тодруулчихаад, өмнөх сайдыг огцруулах заалттай. Нөгөө жишиг нь огцруулчихаад тодорхой хугацааны дараа Засгийн газраа бүрдүүлдэг тогтолцоо байна.

Өмнө нь манайх Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулчихаад үүрэг гүйцэтгэгчээр найман сар явуулж байсан. Харин одоо бол Үндсэн хуулийн заалтаар бид 30 хоногийн дараагийн Ерөнхий сайдаа тодруулах ёстой. МАН-ын мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газрын 1/3 буюу үндсэн чиг үүргийн яамдаас бусад нь давхар алба хашиж болохгүй гэж оруулаад байна” хэмээжээ.

Д.Содном: МАН-ын дарга мэдрэмжтэй байсан бол бүх цохилтыг өөр дээрээ авах ёстой байсан

/Монгол Улсын Ерөнхий сайд асан/

Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуай огт өөр байр суурьтай байгаагаа хэлжээ. Тэрбээр “Төрийн эрх барьж байгаа, УИХ-д олонхи МАН дотор маш их яриа гарч байна. Бүр болохоо болиод Засгийн газраа ч огцрууллаа. Үнэхээр миний сэтгэл зовж байна. Би 1954 онд энэ намд элсч байлаа.

Тиймээс МАН-д ихэд санаа чилээж суудаг. Сая болж өнгөрч байгаа үйл явдлыг ажиглахад намын удирдагчдын дотор хурц зөрчилдөөн үүсчээ. Намын удирдлагад болон Их хурал, Засгийн газарт байгаа МАН-ын 30 гаруй гишүүн ихэд дургүйцлээ илэрхийлж, хоорондоо тэмцэлдсээр байгаад Засгийн газраа огцруулчихаж байна.

Үүний үндсэн шалтгааныг бодоод байхад намынхаа даргад л итгэл үзүүлэхээ больчихсон юм шиг харагдаад байна. Тэрийгээ ч намынхаа даргадаа шууд хэлээд, яриад, засах асуудлаа шийдэж чадахгүй тойруулаад баахан шалтаг эрж явсаар байгаад Засгийн газраа огцруулчихлаа.

Миний хувьд үүнийг их буруу юм гэж бодож байна. Юуны өмнө МАН-ын дарга М.Энхболд нөхцөл байдалд их дүгнэлт хийх ёстой болов уу. Тэр нь дутсанаас болоод өнөөдрийн нөхцөл байдал үүсчихээд байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд ард түмэн итгэл үзүүлсэнгүй. Яагаад түүнд намынх нь удирдах албан тушаалтнууд дургүйцээд байгааг мэдрэх ёстой байжээ. М.Энхболд улстөрийн уур амьсгалаа мэдэрч, нам дотроо учраа олох үүрэг түүнд байсан. Энэ үүргээ М.Энхболд муу биелүүлж байх шиг байна л даа.

Ер нь бол түүнд мэдрэмж их дутаж байна. Хэрэв МАН-ын дарга нь мэдрэмжтэй байсан бол бүх цохилтыг өөр дээрээ аваад намаа, Засгийн газраа тогтвортой ажиллуулахад анхаарах ёстой байсан. Тэгээгүйд нь би их харамсаж байгаа юм. Засгийн газар огцорсноор хожих юм ердөө байхгүй.

Шалтгаануудыг нь сонсоод байхад огцрох хэмжээнд хүргэсэн буруутай зүйл энэ Засгийн газарт байхгүй санагдах юм. Засгийн газрыг огцруулснаар сайн үр дагавар гарахгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг залууг би сайн танихгүй л дээ.

Гэхдээ тэр бол Сангийн сайдаар ажиллаж байсан, санхүү эдийн засгийн мэргэжлийн хүн гэж үзэж болно. Тийм мэргэжлийн Ерөнхий сайдаа авч хаячихаад оронд нь ямар хүн тавих гэж байгаа юм бол доо. Ер нь Засгийн газраа түргэн байгуулах хэрэгтэй байна. Одоо намын Бага хурал, Их хурал гээд сунжирч, Засгийн газаргүй байгаад байна гэдэг их хохиролтой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сэтгүүлч Э.ТУУЛ

ШИНЭ МЭДЭЭ