Д.Цэвээнжав: Заавал замын цагдаа дуудах шаардлагагүй
Д.Цэвээнжав: Осолд өртсөн талууд хоорондоо маргаангүй байвал заавал замын цагдаа дуудах шаардлагагүй
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам болон албан журмын даатгалтай холбоотой хуулийн зохицуулалт иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа билээ. Энэ асуудлаар Албан журмын даатгалчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас тодруулга авлаа.
Албан журмын даатгалд жолооч нар хамрагдаад 5 жил боллоо. Хэрэгжилт ямар хэмжээнд байна вэ?
Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа тээврийн хэрэгслийн 90 гаруй хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байгаа. Жолоочийн даатгалыг сайтар сурталчилсан олон байгууллага хүмүүсийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд амжилттай хэрэгжиж хүмүүсийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, амьдралыг нь эрсдэлээс хамгаалсан ажил болсон.
Өнгөрсөн хугацаанд 110 мянга гаруй даатгалын тохиолдол гарч, 51 тэрбум төгрөгийн хохиролыг даатгалын байгууллагуудаас нөхөж олгосон.
Жолоочийн хариуцлагын даатгалын хуулиас өмнө зам тээврийн осол гарахад нэг нь буруутан, нөгөө нь хохирогч болдог.
Ингээд хоорондын маргаан нь жил хүртэл хугацаагаар үргэлжлэх тохиолдол ч байсан. Эцсийн эцэст буруутай этгээд нь хууль, хяналтын байгууллагаар ял эдлээд, хохирогч нь хохироод үлддэг.
Харин Монголын төр жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж эхэлснээр хохирлыг тухай бүрд нь даатгалын байгууллагаас барагдуулах боломж нөхцөл бүрдсэн. Даатгалын компаниуд удлаа гэхэд нэг сарын хугацаанд хохирлыг бүрэн барагдуулж байна.
Нэмэлт материал шаардлагагүйд нь өдөрт нь багтааж хохирлыг олгож хэвшсэн.
Сүүлийн үед даатгалын компаниудыг хэт их ашиг олдог мэтээр буруу ойлголт иргэдийн дунд их байна. Энэ асуудал дээр юу хэлэх вэ?
Даатгалын байгууллагын талаар буруу тайлбарлаж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хуулийн үйлчилгээг сааруулахыг оролдох, эмх замбараагүй байдал үүсгэх, иргэдийн хохирлыг шуурхай барагдуулахын эсрэг хандсан явуургүй хандлага бий болгохыг оролдох шаардлагагүй.
Даатгалын байгууллагууд ч гэсэн өөрийнхөө гаргаж байгаа зардлын хэмжээг зөв тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай. Даатгалын байгууллага бол даатгалд хамрагдсан даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос гадна үйлчилгээ үзүүлдэг.
Өөрөөр хэлбэл олон ажилтныг цалинжуулах, даатгалын үйл ажиллагааг сурталчилах, цаашилбал даатгалын үйлчилгээ үзүүлэх тээврийн зардал гээд асар олон зардал гардаг.
Өнөөдөр даатгалын компаниудаас зарим нэг нь алдагдалтай ажиллаж байна.
Зарим нь сайн зохион байгуулалт хийсний үр дүнд бага зэрэг ашигтай ажиллаж байгаа байх. Тэд чинь бизнесийн байгууллага шүү дээ.
Хамгийн гол нь жолооч та жилд дундажаар 40 гаруй мянган төгрөг төлөөд хэлж ирдэггүй,хийсч ирдэг гай барцад тохиолдсон үед 5,0-10,0 сая төгрөгийн хохиролоо нөхүүлж төлүүлдэг.
7 сарын 1-нээс хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулиар осол гаргасан тохиолдолд 5 оноо хасч, 100 мянган төгрөгийн торгууль төлөхөөр байгаа. Энэ тохиолдолд даатгуулагч торгуулахгүйн тулд даатгалын үйлчилгээг авахаас татгалзаж байна гэх зэрэг шүүмж иргэдийн дунд их байна. Цагдаа дуудахгүйгээр даатгалын компаниудаар үйлчлүүлэх боломж байгаа юу?
Өнөөдөр хүмүүсийн эмзэглээд байгаа зүйл бол зам тээврийн осол гарах болгонд замын цагдаагийн байгууллагаас 5 оноо хасаж, дахиад дээр нь нэмээд 100 мянган төгрөгөөр торгох, даатгалгүй байсан бол дахиад торгуулах гээд давхардсан торгууль болж байгаад ард иргэд эмзэглэж байгаа юм байна.
Хуулийн заалт нь гарцаагүй хүний эрүүл мэнд, амь настай холбогдсон даатгалын тохиолдолд, мөн буруутай этгээд, хохирогч хоёр хоорондоо ослын талаархи маргаан байгаа үед замын цагдааг дуудах ёстой. Түүнээс биш хоёр машин хоорондоо шүргэлдсэн юм уу, хоёр тал хоорондоо маргаангүй байгаа тохиолдолд цагдаа дуудах ямар ч хэрэгцээ байхгүй. Энэ талаар замын цагдаагийн алба хаагчид бүгд ойлгож байгаа.
Үнэхээр зам тээврийн ослын үед цагдаа дуудахгүйгүйгээр даатгалын компани дуудаад, хохирлоо барагдуулж болно гэж үү? Даатгалын компаниуд заавал цагдаагийн тодорхойлолт шаарддаг?
Заавал цагдаагийн газрын тодорхойлолт авч ирэхийг шаардаж байгаа зарим нэг компани байгаа.
Бид үүнийг анхааран үзэж, иргэдэд чирэгдэл учруулж байгаа команиудад анхааруулах болно. Энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын улсын байцаагч нартай ярьж, зөвлөлдөж, энэ чиглэлээр даатгалын компаниудад тодорхой чиглэл өгөх болно.
Бид 2016 онд энэ асуудлаар СЗХ-д хандаж тодорхой хариу авч, даатгалын компаниудад хүргэсэн байгаа.
Манай Холбооны сайт руу ороод харж болно. Даатгуулагчийн чирэгдүүлдэг даатгалын компани байсаар байгаа бол жолоочийн хариуцлагын даатгал эрхлэх зөвшөөрлийг цуцалж болно шүү дээ. Хүнд суртал гаргаад байгаа, өөрсдийн шуурхай албыг зохион байгуулж ажиллахгүй байгаа бол заавал тэр даатгалын компаниар жолоочийн хариуцлагын даатгал хийлгэх нь алба биш.