Япон Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2017.09.18
Гадаад харилцаа

Япон Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Япон Улсын парламентын   Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивай Шигэки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав уулзалтын эхэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад баяртай байдгаа илэрхийллээ. Мөн тэрбээр “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Япон Улстай хамтарч олон төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Япон Улс манай гуравдагч хөрш бөгөөд үргэлж найрсаг харилцаатай байдагт баяртай байдаг” гэлээ.

Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын Хөгжлийн албан ёсны тусламжийн хэрэгжилттэй танилцах нэгдүгээр хэсгийн ахлагч ноён Ивай Шигэки УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ. 2004 оноос эхлэн тус улсын парламентын Зөвлөхүүдийн танхимаас ард түмний хөрөнгөөр гадаад улсад хэрэгжүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, судлах, үр ашгийг сайжруулах зорилгоор баг томилон ажиллуулж байгааг ноён Ивай Шигэки танилцуулаад төслүүдийн үр өгөөжийг сайжруулах талаар санал солилцох хүсэлтээ илэрхийлэв.

Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлсэн 27 жилийн хугацаанд манай улсын хөгжил, бүтээн байгуулалтад хамгийн их хувь нэмэр оруулсан хандивлагч нь Япон Улс байсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцоллоо. Мөн тэрбээр бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлээд “Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр Улаанбаатар хотноо уулзалт зохион байгуулахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй. Энэ талаар Гадаад харилцааны сайд болон Засгийн газрын тэргүүнүүд албан ёсны байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна. Бид даян дэлхийн энх тайван, найрамдлын төлөө бодлоготой улс юм” гэлээ. Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Масааки Акаикэ бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд Монгол Улс анхаарал хандуулж буйд талархал илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Монгол Улсын нийт хүн амын 1/3 нь аж төрдөг Улаанбаатар хотноо нэн тулгамдаад буй цэвэрлэх байгууламжийн талаарх санал танилцууллаа. УИХ-ын гишүүд 2016 онд Япон Улсад айлчлах үеэрээ Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцсан. Дэвшилтэт шийдэл бүхий тус технологийг Монголын нөхцөлд тохируулан ойрын үед Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих хүсэлтэй байгаагаа тэрбээр хэлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй болон загасны аж ахуйг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, энэ салбарын дэвшилт, технологийг судлах, мэргэших бололцоог харгалзан 10

0 монгол оюутныг Япон Улсад суралцуулах асуудлыг анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Монгол Улсад Япон Улсаас үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэж буйг ноён Ивай Шигэки дэмжээд Байнгын хорооны даргын тавьсан тодорхой саналуудтай холбоотой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм. Томоохон хотын цэвэрлэх байгууламжийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл, технологийг Шизүока мужийн Хамамацү хотод байгуулаад байгааг тэрбээр дуулгаад боломжтой бол биечлэн танилцахыг урилаа. Япон Улсын төрийн захиргааны байгууллага нь дээрх бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн аж ахуйн нэгжүүдтэй концессын гэрээгээр хамтран ажилласан бөгөөд төрийн байгууллагын санхүүгийн ачааллыг бууруулдаг ач холбогдолтой учир Япон Улсад ч төр, хувийн хэвшил хамтарч олон асуудлыг шийдвэрлэх хандлага байгааг тэрбээр тэмдэглэж байв. Байнгын хорооны дарга Ц.Гарамжавын танилцуулсан Улаанбаатар хотод өндөр хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж байгуулах асуудлыг хоёр орны Засгийн газар хоорондын яриа, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтойг ноён Ивай Шигэки хэлсэн.

Үргэлжлүүлэн талууд хоёр орны Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцсон хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ