УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх
2017.09.25
Улстөр
Шинэ Ерөнхий сайд томилох талаар хэн юу хэлэв?
Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод 20 гаруй хонож байна. Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, шинэ Ерөнхий сайдад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарыг нэр дэвшүүлээд байгаа билээ. Эцсийн шийдвэрийг МАН-ын Бага хурлын гишүүд шийднэ. Тэд яг одоо хуралдаж байна.
Шинэ байгуулагдах Засгийн газрын талаар хэн ямар хүлээлттэй байгааг хүргэе.
Б.БАТТӨМӨР: МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ТҮРҮҮНД НЬ ТАВЬЖ ЧАДДАГ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Манай намд Ерөнхий сайд, салбарын сайд хийж чадах хүмүүс маш олон бий. Яг энэ үед хэн Монгол Улсын Засгийн газрыг сайн ажиллуулж чадах вэ гэсэн сонголт явагдаж байна. Сонголтыг зөв хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ер нь удирдагч ямар ч байж болно. Харин шийдвэр гаргахдаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг түрүүнд нь тавьж чаддаг хүн байх хэрэгтэй. /vip76.mn/
Ц.ДАВААСҮРЭН: У.ХҮРЭЛСҮХИЙГ “ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, АЖИЛЛАЖ ЧАДАХ” ЕРӨНХИЙ САЙД БАЙНА ГЭЖ ДЭМЖИЖ БАЙГАА
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Бидний хэсэг нөхөд тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байх болов уу гэж дэмжиж байгаа. Ер нь бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна. У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл. /Өдрийн сонин/
Д.ТЭРБИШДАГВА: СҮҮЛИЙГ НЬ СӨХӨЖ, ШҮДИЙГ НЬ ҮЗЭЖ БАЙЖ СОНГОХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
Өмнө нь бол тэрний зүтгүүлж байгаа хүн, энэ талаар асууж, байцаагаад яах юм гээд хаацайлаад бараг бүгдийг нь 100 хувийн саналаар шахуу баталчихсан. Үг хэлүүлэхгүй өмөөрч байж томилсон нөхдүүдээс хариуцлага алдсан, ажлаа олигтой хийдэггүй, хийдүүлдэг, танхимынхаа нэр хүндийг унагасан, явцуу эрх ашигт үйлчилсэн зүйл бишгүй гарлаа. Ийм хүмүүст хариуцлага тооцож, засч сайжруул гэхийн оронд Ерөнхийлөгчийн сонгуу-лиас хойш зунжингаа л хэрэлдэцгээлээ. /Үндэсний шуудан сонин/
Л.БОЛД: ХУЙВАЛДААНЫ ЗАРЧМААР ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛБЭЛ ДАХИАД Л ОГЦОРНО
УИХ-ын гишүүн Л.Болд
Одоо бүрдэх Засгийн газар тогтвортой байх бүрэн боломжтой. Өмнөх Засгийн газрын алдаануудыг бүгд харж байгаа. Түүнийг засч,залруулаад явах боломжтой. Улс төрийн намын тухай хууль нь буруу учраас анхнаасаа буруу алхсан гэсэн үг. Олон түмний шүүлтүүрээр оруулаад ил тод, чадвартай хүмүүсээ сонгож, Ерөнхий сайдаасаа эхлээд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуйвалдааны биш ардчиллын зарчмаар сонгоод явбал байн байн огцорно гэсэн ойлголт байхгүй. Хуйвалдааны зарчмаар Засгийн газраа бүрдүүлбэл дахиад л огцорно. /news.mn/
Ж.ГАНБААТАР: ХЭН САЙД БОЛОХ АСУУДЛААС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВЖ, ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ АЖИЛ УРД НЬ ХҮЛЭЭЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Ерөнхий сайд гэдэг бол олон хүнийг араасаа дагуулсан манлайлагч байх ёстой. Миний хувьд энэ зан чанар нь түлхүү, эдийн засгийн байдпаа том зургаар нь хардаг хүн Ерөнхий сайд болоосой гэсэн хүсэл байна. Хэн сайд болох асуудлаас илүүтэй эдийн засгийн хүндрэлийг давах, дотоодын эдийн засгийг эрчимжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, том төслүүдээ урагш нь явуулах зэрэг хийх ажил урд хүлээж байна. /Өдрийн сонин/
О.БААСАНХҮҮ: 2 ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ДАХИН ЗАСГИЙН ГАЗРЫН САВЛАЛТ ХЭРЭГГҮЙ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хувьд нилээн хүнд байдалтай байна. Бидэнд тогтвортой байдал нэн түрүүнд хэрэгтэй байгаа учир энэ шаардлагыг хангах Ерөнхий сайдыг болохыг хүсч байна. 2 жил хүрэхгүй хугацаанд дахин савлагаа үүсвэл байдал хэцүүднэ. Одоогийн гурван нэр дэвшигч гурвуулаа улстөрд туршлагатай, сайд хийж үзэж байсан гишүүд. Сайдын албан тушаалд байхдаа хийсэн ажлуудыг нь эргээд нэг харах хэрэгтэй. /өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийв/
М.ЭНХБОД: ШАХААНЫ ТОМИЛГООГ ЗОГСООЁ
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд
Шахааны томилгоог зогсоох цаг болсон. Хүнийг чадавхи, ур чадвар дээр тулгуурлаж томилдог болоё. Сонгуульд тусалсан, сайн байсан гэдгээр төрийн албанд очдог байсныг болиулья. Хүний нөөцөө эртнээс бэлтгэх, цалин, хангамжийг нь сайжруулах байдлаар бодлогоо өөрчилж шинэчилье. /МАН-ын бага хурал дээр/
ШИНЭ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах уу?
2017.12.06
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
2017.11.14