Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгө олгож, цалин нэмэх үү?
2017.10.06
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгө олгож, цалин нэмэх үү?

Өчигдөр УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Нүүрсний экспорт нэмэгдэж, ашигт малтмалын үнэ өндөр түвшинд хүрсэнээс гадна ААН-үүдийн борлуулалт нэмэгдсэнээс шалтгаалан 2017 онд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давж биелжээ.

Нийт 900 тэрбумаар давсан төсвийн орлогыг хэрхэн зарцуулах талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байв.

Давсан нийт хөрөнгийн 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээнд тусгахаар болсон байна.

Үүнд сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар ОУВС-ын хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохиржээ.

Харин үлдсэн 400 тэрбумыг ард түмэнд тулгамдаж буй, эргээд үр өгөөжөө өгөх зүйлд зарцуулах ёстой гэж УИХ-ын гишүүд санал нэгдэж байсан юм.

ХҮҮХДИЙН МӨНГӨ

Ард түмний дунд хүлээлт үүсгэж байгаа олон асуудлын нэг бол хүүхэд бүрт олгодог 20,000 төгрөгийн тэтгэмж. ОУВС-гийн хөтөлбөрт орсноос хойш нийт хүүхдийн 60 хувьд нь олгоод байсан бол 7 сарын 4-нд өмнөх саруудын мөнгө болох 140,000 төгрөгийг бүх хүүхдэд нөхөж олгосон. Гэтэл төсөвт тусгаагүй байсан эдгээр мөнгийг тарааснаар 8 сараас хойш дахин олгох боломжгүй болоод байсан юм.

Харин төсвийн тодотголоор он дуустал бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэж заажээ. Үүнд нийт 105 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа гэж Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн мэдээлсэн юм.

Өөрөөр хэлбэл одоогийн хэлэлцэж буй 2017 оны төсвийн тодотгол батлагдвал он дуустал бүх хүүхдийн мөнгийг олгоно.

БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИН

Нийгэмд хүлээлт үүсгээд буй бас нэг асуудал бол багш, эмч нарын цалинг нэмэх асуудал. “Багшийн цалинг нэмүүлэх” түр хорооноос баг нарын цалинг 1,6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа.

Гэвч ОУВС-тай тохирсон гэрээний дагуу 2017-2018 онд төрийн албан хаагч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Өчигдөр болсон хуралдаанаар УИХ-ын гишүүд энэ асуудлаар хэд хэдэн саналууд гаргасан юм.

Үндсэн цалин гэхгүйгээр урамшуулал маягаар олгох боломжтой гэсэн санал их гарлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэх боломжтой. Эмнэлгийн тарифыг өндөр болговол байгууллага нь өөрөө зохицуулалт хийх боломжтой. Тухайн байгууллагуудад санхүүгийн эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Мөн бид хүүхдийн хувьсах зардлаар цалинждаг систем руу шилжсэн. Багш нарт хүүхдүүдийнх нь тоогоор хувьсах зардлыг нь өгье. Багш нарын зэрэглэлийн мөнгийг дотор нь зохицуулж болно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хувийн сургуулиудад төрөөс олгодог хувьсах зардал, тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалинг зогсоовол багш, эмч нарын цалинг нэмэх боломж бүрэн байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал

50 хувийг нь нэмчихэд жилдээ 100 тэрбум төгрөгний л зардалтай. Ядаж 30 хувиар нэмсэн бол 2018 он хүртэлх үлдсэн хэдхэн сард 10 тэрбум тавих боломжтой л байсан. Төрийн албан хаагчийн үндсэн цалинг нэмж болохгүй гээд ОУВС-тай тохирсон гэдгийг ойлгож байна. Гэхдээ цалигийн санг нэмэгдүүлээд эрх мэдлийг нь сургуулийн захиргаанд өгөх боломж байна. Дээрээс нь зэрэг ахихад 10-20 хувь нэмнэ гэснийг 20-40 хувь болгож ч болно. Нэг жил ажилласан багш, олон жил ажилласан багш хоёрын цалингийн зөрүүг тодорхой болгож өгч болно.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлттэй, чанартай шууд уях хэрэгтэй. 30 хувь, 50 хувь нэмье гэж ярьж байна. Миний хувьд ингэж тэгшитгэж нэмж болохүй гэсэн бодолтой байна. Ажлын үзүүлэлт, чанар багшид ч, эмчид ч ялгаа байхгүй үйлчлэх ёстой.Хуучин социализмын үеийн тэгшитгэлийн арга барилаар биш, ардчилал зах зээлийн зарчмаар хэн сайн ажилласан нь илүү авдаг боловсролын болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлбэл хамгийн зөв алхам болно.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОДОГ ЭМИЙН ХҮРТЭЭМЖ

Хөнгөлттэй олгодог эмийн хүтээмж муу байгаа талаар УИХ-ын гишүүд ам нэгтэйгээр дугарлаа. Сарын эхний долоо хоногийн тав хоногт багтаад эмийн тоо гүйцдэг гэж иргэдээс их гомдол гардаг. Хэрэв төсөв, мөнгө нь хүрдэггүй бол төсвийн тодотголд оруулж энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх хэрэгтэй байгаа гэсэн саналууд их гарсан.


Харин Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг хөнгөлөлттэй олгодог эмийн тоо ширхэгийг анхнаасаа хэтэрхий олон баталснаас болоод төсөв мөнгө нь хүрэхгүй, хүртээмж муу болоод байгаа гэж тайлбарласан. Харин энэ төсвийн тодотголд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээн хэрэгжиж байгаа С вирусын эмний 3,7 тэрбум төгрөгийг оруулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ