МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Асар олон хүний эрх ашиг байсан учраас приусын татварыг эргэж харсан
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.06.15
Улстөр

Ё.Баатарбилэг: Асар олон хүний эрх ашиг байсан учраас приусын татварыг эргэж харсан

-УИХ-аас Онцгой албан татварын тухай хууль болон Онцгой албан татварын журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр приус машины татвар долдугаар сарын 1 хүртэл хойшилж байна. Энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг нь Та. Зарим хүн “Нэг, хоёр хүний эсэргүүцэлтэй тулгарангуутаа л шийдвэрээ өөрчиллөө” гэж шүүмжилж байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэг, хоёр хүн ч биш юм аа. Тоо, судалгааг нь намын бүлэг дээр нэлээд ярьсан. Татварын өөрчлөлт хэр өргөн хүрээг хамрах болон приус машины татвар хэрхэн нэмэгдэж байгаа юм, хуулиа гаргаад нэгэнт баталчихсан зүйлийг өөрчлөх шаардлага байгаа эсэхийг ярилцсан. Улсын хэмжээнд жилд импортлогдож байгаа машины тоо, ямар хүмүүс приус машиныг гол төлөв унаж байна гэдэг судалгааг ч үзсэн.

Өнөөдөр манай улсад байгаа суудлын автомашины дийлэнхийг приус эзэлж байна шүү дээ. Ихэвчлэн залуус, бага, дунд орлоготой иргэд түлш шатахуунд хэмнэлттэй гээд энэ машиныг хэрэглэж байна. Тиймээс ч эрэлт нь өндөр хэвээрээ байгаа. Эрэлт, хэрэгцээгээ дагаад нийлүүлэлт нь ч маш их байдаг. Приус машинаас онцгой албан татвар авах хууль батлагдах үеэр наашаа ачигдсан, ачуулахаар гэрээ байгуулчихсан гээд маш их зүйл бий. Импортлогч нар ч хүсэлт гаргаад Ерөнхий сайдын төвшинд уулзалт хийсэн байна лээ. Түүнээс хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн шахалт үзүүлэнгүүт хууль өөрчилнө гэж байхгүй шүү дээ. Асар өргөн хүрээний эрх ашгийг хамарсан асуудал болохоор эргэж харсан гэж болно.

-Тэгэхээр хэрэгжиж эхлэх нь тулгуу байсан хуулийг хойшлуулж приус импортлогч нарт боломж олгож байна гэж ойлголоо. Гэтэл приусын үнэ хэдийнэ өсчихөөд байна шүү дээ?

-Ерөнхийдөө хуулийн үйлчлэх хүрээ нь асар олон хүний худалдан авах чадвартай холбоотой. Мөн олон хүний бизнес, аж ахуйтай холбоотой болохоор үүнийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй гэж үзсэн. Бизнест өөрийн гэсэн төлөвлөлт байгаа шүү дээ. Наадмын өмнө машинуудаа оруулж ирээд зарна гээд төлөвлөчихсөн явж байтал гэнэтхэн Монголын төр шийдвэр гаргаад тасхийлгээд хаячихаар тэр хүмүүс хүнд байдалд орно. Өөр нэг хэсэг нь наадам дөхүүлж байгаад унаа авна гээд хэдэн төгрөг хуримтлуулчихсан байж байтал татвар нь нэмэгдээд, үнэ нь өсчихсөн. Уг нь приусыг татвартай болгосноор үнэ нь ийм ихээр өсөх ёсгүй байсан. Үйлдвэрлэсэн жилээс нь хамаараад 300-500 мянган төгрөгийн л онцгой албан татвар нэмсэн.

Тэгэхээр тэр хэмжээнд л үнийн өсөлт байвал зөв биз дээ. Гэтэл хос хөдөлгүүрт суудлын автомашины үнэ нэмэгдэнэ гээд дуулиан тариад хоёроос таван сая хүртэл төгрөгөөр нэмчихсэн байна гэж яригдаж байна лээ. Ямар ч байсан хоёр, гурван сая төгрөг нэмчихсэн байгаа юм. Ер нь ингэж аливаа дуулианаар үнэ нэмдэг байдал өмнө нь ч гарч л байсан. Нефтийн бүтээгдэхүүний үнэ гадна талд нэмэгдэхэд нефть импортлогчид өөрсдөө шууд үнээ нэмчихдэг.

Уг нь нөөцөлсөн түлшээ борлуулаад хоёр, гурван сарын дараа нэмэгдсэн үнэ орж ирэх ёстой. Гэтэл өмнө нь хуучин үнээр авчихсан байсан бензинийхээ үнийг нэмчихдэг тохиолдол зөндөө байлаа. Приусын онцгой албан татварыг хойшлуулах асуудыг УИХ шууд шийдээгүй шүү дээ. Засгийн газар ОУВС-тай “Хоёрхон сарын хугацаа өгчих. Энэ хооронд ийм арга хэмжээ авахгүй бол болохгүй байна” гэж байж нэлээд ярьж хөөрч байж зөвшөөрөл авсан юм билээ. 

-Приусны татварыг хойшлууллаа гээд нэгэнт нэмэгдсэн үнэ буух болов уу. Энэ талаар судалгаа хийсэн юм байна уу?

-Нэг нэмэгдсэн бол буухгүй шүү дээ. Би үүнийг УИХ-ын чуулган дээр ч хэлсэн. Зарим гишүүн “Ингээд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаар үнэ нь хэзээнээс буух юм. Яаж буулгах юм” гээд асууж байсан. Зах зээлийнхээ жамаар үнэ нь дээшилж, доошилж явдаг юмыг төрөөс зохицуулалт хийнэ гэж байх-гүй. Приус зарж байгаад хүмүүст “Алив үнийн зөрүүг нь өгье, та нар тэдээр зарчихаач” гэж төрөөс дотац өгдөггүй юм бол тийм зүйл байхгүй.

Зах зээлийнхээ жамаар л явна. Одоо нэгэнт татварыг нь буцаагаад онцгой албан татваргүй болчихож байгаа юм чинь бизнес эрхлэгчид маань өөрсдөө бодит үнэ рүүгээ оруулах байх. Хурдан борлуулаад эргэлтээ бодох өөрсдөд нь хэрэгтэй байлгүй дээ. Зах зээл чинь өрсөлдөөн шүү дээ. Долдугаар сарын 1-ний наана хүлээгдчихсэн, хил дээр байгаа, ачигдах гээд гэрээ хийгдчихсэн гээд маш олон машин орж ирэх гэж байгааг гаалийнхан мэдээлж байсан.

Одоо байгаа хэдийгээ өндөр үнээр худалдаж чадахгүй байж олон машин ороод ирэхээр өсгөсөн үнээрээ худалдана гэдэг бүр лөөлөө шүү дээ. Тэгэхээр үнэ нь буурч л таарах байлгүй дээ. 

-ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд долоон татварт өөрчлөлт оруулсан. Нэгийнх нь үйлчлэх хугацааг хойшлууллаа. Тэгвэл бусад татварыг эргэж харах боломж бий юу?

-Бусад өөрчлөлт орсон татварууд дунд хүмүүсийн халаас руу яг шууд орох татвар ховор шүү дээ. Хадгаламжийн татварыг аваад үзье. Монгол Улсад байгаа нийт хадгаламжийн 95 хувийг хүн амын гурван хувь нь эзэлж байна. Үлдэж байгаа нийт хадгаламжийн тав орчим хувь нь хүн амын 97 хувьд хамаарна. Тэгвэл энэ хадгаламжийн хүүг татвартай болгосноор хадгаламжийн 90 гаруй хувийг эзэмшиж байгаа тэр гурван хувьд л ачаалал өгч байгаа юм.

Нийт хадгаламжийн 90 гаруй хувиас авах татвараас асар их мөнгө орж ирнэ. Буцаад нөгөө хадгаламж багатай буюу 90 гаруй хувь руугаа татвар чинь бусад нийгмийн үйлчилгээ тэтгэвэр, тэтгэмж болоод л очно шүү дээ. 

-Монголбанкинд хийсэн шалгалтыг үндэслэж УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг ялын дүгнэлт шиг боллоо гэж сөрөг хүчин шүүмжилж байсан.

-Тийм юм байхгүй ээ. 

-Чуулганаар УИХ-ын тогтоол орохын өмнө Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд АН, МАН ялгаагүй “Нээрээ ялын дүгнэлт шиг зүйл заалт дурдсан тогтоол болох нь” гээд байсан шүү дээ?

-Би харин гайхаад байгаа юм. Байнгын хороон дээр тийм зүйл ярьсан гэж сонссон. Би тэр байнгын хорооных биш болохоор гишүүд юу ярьсныг мэдэхгүй. Ер нь анх Монголбанкны дүгнэлт чуулган дээр орж ирэхэд АН-ын бүлэг завсарлага авч байлаа. Дараа нь дахиад чуулган дээр орж ирэхээр нь батлуулахгүйн тулд улайран эсэргүүцэж дайрлаа. Би чуулганы хуралдааны үеэр маш тодорхой хэлсэн.

Тэр улайран дайраад байгаа нөхдүүд өнгөрсөн намар өөрсдөө “Та энэ хүмүүсээ шалгаад гаргаад ирээч ээ. Хөгжлийн банк, Монголбанк, Чингис, Самурай бонд гээд та нар сонгуулиар бидний талаар өчнөөн ярьсан. Одоо тэгээд шалгуулаад гаргаад ирээч. Хаана байгаа юм тэр чинь. Эрхээ авчихсан юм бол та нар шалгаад гаргаад ирээч” гээд хашгираад байсныг санаж байна уу. Тэр үед чинь дөнгөж л ажлаа авцгаагаад бичиг цаастайгаа танилцаж байсан үе шүү дээ. Түүнээс хойш процесс нь явсаар шалгалтын дүнгүүд түрүүчээсээ гарч ирж байна. Ийм зүйлд хөнгөн хуумгай хандаж болохгүй шүү дээ. Цаана нь хүмүүсийн хувь заяа, ахуй амьдралтай холбоотой асуудал байна.

Монголбанк төрийн мөнгөний бодлого барьдаг, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын нэрээр банк санхүүгийн тогтвортой байдал болж байгаа байгууллага шүү дээ.

-Гэхдээ тогтоол гаргахдаа хүний нэр заагаад, ажил үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан гээд тодорхойлчихсон юм биш үү?

-Байж болзошгүйг хууль хяналтын байгууллагаар шалгуулах л гэсэн байсан. Яг өөрийн чинь асууж байгаа шигээр орж ирээгүй. Байнгын хорооноосоо засагдаад орж ирсэн. Түүнд шилэн дансыг нь мөрдүүл, Монголбанкны үйл ажиллагаанд хууль дүрэм зөрчсөн зүйл байвал зогсоо, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт Монголбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ буруу зарцуулсан аж ахуйн нэгж байвал эргэж төлүүл гэсэн зүйлс байгаа. Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалд орчихоод байна шүү дээ. 

-З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нарын гишүүд мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зардлыг алдагдал гэж тооцсон тухай хэлж байлаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Мөнгөний бодлогын хүрээнд биш л дээ. Монголбанк хэзээ ч мөнгөний бодлого бариагүй байхгүй юу. Төрөөс баримтлах мөнгөний бодлого гээд УИХ-аас баталдаг. Харин Монголбанк төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баримтлаагүй. Хэрвээ ийм дампуу мөнгөний бодлого баталсан бол өмнөх УИХ хариуцлагагүй байна гэсэн үг. Монголбанкны нөхдүүд мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлээгүй юм. Ажлын хэсгийнхэн намын бүлэг дээр бидэнд нууц гэсэн тамгатай маш нарийн мэдээллүүд үзүүлчихээд буцаагаад авсан. Хууль зөрчсөн юмнууд маш их гаргасан юм билээ.

Тэр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр хамтын удирдлагын зарчим гэж байхгүй ганцаараа л бүгдийг шийддэг байж. АН-ынхны адил дэд ерөнхийлөгч нь МАХН, МАН-аас ч байсан гэж яриад байгаа шиг биш. Тэр хоёр нь хариуцдаг ажил нь өөр байсан юм билээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэр хүний бүх хууль зөрчсөн зүйлсийг ил ярьж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулаад нууцын зэрэглэлд авчихсан байдаг юм билээ. 

-Монголбанкны ерөнхийлөгч өөрөө эрх мэдлийнхээ хүрээнд дангаараа шийдвэр гаргах хуулиар заагдсан эрхтэй байдаг. Тиймээс хуульд нь өөрчлөлт хийх ёстой юм биш үү?

-Дангаараа шийдвэр гаргах эрх нь байж болно. Гэхдээ шийдвэр гаргахдаа дур мэдээд өөр бусад хуулиудыг зөрччихсөн байвал яах вэ. Шийдвэр гаргаж болно шүү дээ. Тэр гаргасан асар олон шийдвэр нь бодлого, хууль зөрччихсөн нь буруу гэдгийг л яриад байгаа юм. Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотойгоор УИХ-аас баталсан тогтоолоор бол хууль зөрчсөн гэж яллаагүй шүү дээ. Хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна л гэж байгаа. Гэтэл тэр хүн нь өөрөө алга болчихсон байна лээ шүү дээ. Алга болох ч юу байхав, хаана ч гэлээ гадаадад гарчихсан орж ирэхгүй байгаа юм гэнэ лээ.

Монголын төр юм бол тэр хүнээ олж ир гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Олж ирээд учир начрыг нь олог л дээ. АН өөрсдийнхөө намын хүнийг бодлогоор тавьсан шүү дээ. Тиймээс ганцхан тэр хүнтэй биш тэр албан албан тушаалд тавьсан хүмүүстэй ч хариуцлага ярих ёстой. Тавьсан улс төрийн хүчин нь хүнээ өмөөрөөд ганцхан хүн рүү дайрлаа гээд байгаа. Тэгээд нам руу дайрах юм уу. Ажил хариуцаж байгаа хүнтэй л ярина биз дээ. Тэртэй тэргүй нам нь буруу юм хийсэн гээд хариуцлага хүлээгээд сөрөг хүчин болчихсон байна. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн хэлэлцүүлэг энэ зуны гурван сард явагдахаар болсон. Хуульд өөрчлөлт оруулах саналууд дунд аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нараа томилдог байя гэж байгаа харагдсан. Та аймаг удирдаж явсан хүний хувьд тэр саналыг хэрхэн харж байна вэ?

-Тэр Ажлын хэсгийнхний л санал юм билээ. Хүмүүс янз бүрээр л харж байгаа.  Жишээ нь, Засаг даргаа сумын иргэд өөрсдөө сонгодог байя л гэсэн хүмүүс ч байна. Иргэдээсээ сумын даргаа сонгодог байж болно шүү дээ. Сумын даргаа өөрсдөө сонгодог, хэрвээ хууль зөрчвөл аймгийн Засаг дарга шууд огцруулдаг байг л дээ. Хамгийн гол нь түүнийгээ Үндсэн хуульд концепцоор нь оруулж өгөх хэрэгтэй. Миний бодлоор суманд хэрэггүй юм бол сумын ИТХ. Сумын ИТХ-д ямар ч үүрэг байдаггүй. ИТХ-д орох гэж гол усаараа, төрөл саднаараа дайн дажин болж сонгуульдаж, талцаж, хэрэлдэж, улстөрждөг. Нэг баг дээр нэг намаас таван хүн, нөгөө намаас таван хүн өрсөлдөнө. Түүнээс болоод төрөл садангууд улстөржиж нэг нэгнээ үзэхээ больдог юм.

Гэтэл сумын ИТХ төсөв л баталдаг. Тэртэй тэргүй аймгаас цалин чинь тэд, урсгал зардал чинь тэд гээд тодорхой хэдэн тоо очно. Угаасаа төсөвлөгдөөд оччихсон юмыг л “Батлах уу, батлая” гээд болоо шүү дээ. Суманд өөр юу ч хэлэлцдэггүй. Сүүлд Сум хөгжүүлэх сан гээд нэг юм гараад ирсэн. Түүнийгээ бол иргэний танхимаараа иргэдээсээ асуугаад хийж болно. Эсвэл  сумын Засаг дарга шууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юмандаа зарцуулаад явна биз. Түүн дээр тэртэй, тэргүй хөндлөнгийн хяналт зөндөө бий шүү дээ. Аймгийн Засаг даргыг бол ИТХ-аас нь сонгоод явдаг одооны тогтолцоо нь байж болно. Бас Ерөнхий сайд аймгийн ИТХ-тай нь зөвшилцөх маягаар томилж болох юм гэж яваад байгаа. Гэхдээ одоогийн хэлэлцүүлгийн үр дүнд л гарч ирэх байх.  

Ж.Баярсайхан

ШИНЭ МЭДЭЭ