МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Хэнийг сайдад нэр дэвшүүлэхийг 65-ын бүлэг хэлэлцэж шийднэ
2017.10.05
Улстөр

Д.Сарангэрэл: Хэнийг сайдад нэр дэвшүүлэхийг 65-ын бүлэг хэлэлцэж шийднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилсон. Үүнтэй холбогдуулан шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүний талаар олон төрлийн таамаг дэвшүүлээд байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг БСШУС-ын сайдаар томилох тухай мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс тодруулсан юм.

-Таныг Боловсролын сайдаар томилох гэж байна гэсэн яриа гарсан. Үүнд тайлбар өгөөч?

-Сүүлийн үед намайг Боловсролын сайд болно гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Хэнийг сайдад нэр дэвшүүлэхийг УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг хэлэлцэж шийднэ. Хамгийн гол нь салбараа мэддэг, олонд хүлээн зөвшөөрөгдсөн, чадвартай, сэтгэлтэй, тууштай хүнийг л Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танай бүлэгт танилцуулсан уу?

-Одоогоор бүрэлдэхүүний талаар яриагүй байгаа. Бүлэг хуралдаж энэ асуудлыг ярилцах байх гэж бодож байна.

-Бүлэг өчигдөр чуулганы хуралдааны өмнө хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй хэрэг үү?

-Бүлэг хуралдаж Засгийн газраа бүрдүүлэхдээ ямар зарчим баримтлахаа ярилцъя гэсэн юм. Тэгээд эхлээд Ерөнхий сайдаа томилоод дараа нь бүрэлдэхүүнээ бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шийдэлд хүрсэн.

-Зарим яамыг шинээр байгуулах, хуваах тухай санал гараад байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүнийг би хариулах боломжгүй. Гэхдээ шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч өвөл ирж байхад бүтцийн өөрчлөлт хийж бужигнуулахгүй, одоогийн бүтцээрээ явна гэж хэлж байгаа.  

ШИНЭ МЭДЭЭ