МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарыг дэмжив
2017.10.18
Улстөр

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарыг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 12 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд болон Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд Ө.Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилуулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжив.

Дараа нь Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох тухай асуудал хэлэлцэж, нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Ерөнхий сайд хийлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ