Ж.Ганбаатар: Энэ Засгийн газрын үед цэвэрлэх байгууламжийг төгс шийдсэн байх ёстой
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.
Шадар сайдад Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.
Ж.ГАНБААТАР: ХЭСЭГ БҮЛЭГ ХҮНИЙ ТӨЛӨӨ БИШ НИЙТ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАДАГ САЙД БАЙГААСАЙ
Шадар сайдыг бүрэн дэмжиж байгаа гэдгийг илэрхийлье.
Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг амархан юм шиг санагддаг. Аливаа ажлыг эхлүүлчихээд үр дүнг нь үздэг байгаасай гэж хүсч байна. Энэ Засгийн газрын үед энэ ажил бүрэн шийдэгдсэн дээ гэж ард иргэд, УИХ-ын гишүүд мэдэрдэг байгаасай гэж бодож байна.
Засгийн газарт янз бүрийн нэр хоч өгөх чухал биш. Монгол Улсын Засгийн газар гэж явах нь хангалттай байх гэж бодож байна.
Нийслэл дээр шадар сайд та анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх боломжтой гэж харж байна. Мэдээж утааны асуудалд их хэмжээний хөрөнгө шаардагдана гэдгийг ойлгож байгаа.
Ямар ч байсан энэ Засгийн газрын үед цэвэрлэх байгууламжийг бүрэн төгс шийдсэн байх ёстой.
Хэсэг бүлэг хүмүүсийн төлөө шийдвэр гаргадаг биш нийт бизнес эрхлэгчдийн төлөө шийдвэр гаргадаг сайд байгаасай. Аль ч гаргаж байгаа шийдвэр ард түмэнд уншигддаг.
Зоригтой, хийсэн ажлаа төгсгөдөг Монгол Улсын Засгийн газар байна гэдэгт бүрэн итгэж байна.