Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хэн юу захив?
2017.10.19
Улстөр

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хэн юу захив?

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Хуульзүйн сайдаар Ц.Нямдоржийг 89,9 хувийн саналтайгаар дэмжсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Ц.Нямдоржид Эрдэнэт, Оюутолгой, төмөр зам, С.Зоригийн хэрэг гэхчилэн асуудлуудыг шийдвэрлэхийг захиж байлаа.

Ц.Даваасүрэн: Харийнхантай нийлж, улс орныхоо эрх ашгийг алдагдуулдаг байдлыг зогсоогоорой

Эрүүгийн хуулийн асуудал 7 сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Гэтэл захаасаа эхлүүлээд учир дутагдал гараад эхэллээ. Насанд хүрээгүй хүүхдийн асуудал дээр торгуулийн асуудлаас эхлээд олон дутагдал энэ хууль дээр бий. Үүнийг нэн дариу ажлын хэсэг гаргаж, засаж залруулах ажлыг хугацаа алдалгүй шийдээрэй.

Олон зүйлтэй тэмцэх тухай ярьж  байна. Гэхдээ өргөс авсан мэт шууд шийдчихэж чадахгүй боловч нэг зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Харийхантай нийлж, улс орныхоо эрх ашгийг зөрчдөг асуудлыг зогсооё. Экспортын хэмжээ огт буураагүй, эдийн засгийн өсөлттэй байгаа. Гэхдээ яагаад бид өр зээлтэй яваад байна вэ гэхээр энэ мөнгийг гадныхан авч байгаатай л холбоотой. Улс орныхоо эрх ашгийг хохироодог байдлыг л зогсоочих.

Ё.Баатарбилэг: Сайдууд хоорондоо нэг баг болж, танхимын зарчмаа бармталж ажиллаарай

Замын цагдаа хуульзүйн сайдын эрхлэх ажлын хүрээнд байгаа. Машин ачдаг хулгайч шиг нөхдүүдийнхээ асуудалд анхаараарай. Замын цагдаа ирж байгаад дүгнэлт бүхий цаасан дээр гарын үсэг зурж байгаад ачуулах ёстой. Гэтэл  хоосон цааснууд дээр гарын үсэг зурсан их хэмжээний цаас машин ачдаг хүмүүст бэлэн явж байна гэнэ. Үүний уршигаар 3-5 минутын дотор машин алга болдог. Энэ мэт олон асуудлыг цэгцлээрэй.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдийнхээ нэрсийг оруулж ирж байгаа. Иргэдийн дунд маш их хүлээлт байгаа учраас сайд нар хүлээлтийг нь давж ажиллаарай. Сайдууд хоорондоо нэг баг болж, танхимын зарчмаа бариарай.

Л.Болд: С.Зоригын хэргийн талаар ард түмэнд нэг мөр, зөв ойлголт өгөх шаардлагатай байна

Сүүлийн үед С.Зоригын хэргийг тойрсон шүүх хурал болж өнгөрсөн. Гэхдээ олон түмэнд нэг мөр зөв ойлголтыг өгөх зайлшгүй шаардлага үүсч байгааг хэн болгон хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийг ямар шалтгаанаар хаалттай явуулсан, үүний захиалагч нь хэн байсан зэрэг олон асуудлууд байгаа. Энэ талаар Ц.Нямдорж дарга салбарынхаа сайд болсны дараа ихээхэн зүйл хийнэ гэж хүлээж байна.

2015 онд Авилгалтай холбоотой хууль батлагдсан.  Авилгал өгснийг биш авсныг шйитгэдэг хууль батлагдсан. Тухайн үед энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулсаар энэ оны 7 сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Бид өнөөдрийг хүртэл энэ хуулийг олон түмэнд ойлгуулах, сурталчлах, хэрэгжүүлэх ажлуудыг учир дутагдалтай хэрэгжүүлсэн. Авилгыг үндсээр нь устгах маш чухал хууль гарсан боловч хуулийн талаар ирэгдийн мэдлэг дутмаг байна. Энэ мэтчилэн хууль эрхзүйн шиэнчлэл болсон шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг сурталчлах алхмуудыг хууль зүйн сайдын хувьд анхаарч хийгээрэй.

Ц.Нямдорж: Захиалагчаа зарла гэдгийг шууд шаардана

С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн шиг хаалттай шийдвэрлэдэг, захиалагчыг нь тогтоогоогүй байж захиалгаар хүний аминд хүрсэн гэж шийтгэдэг, цорын ганц гэрчийг нь нэг жил хориод сүүлд нь гэрч ч биш, хохирогч ч биш болж хувирдаг явдлыг улстөрд ажилласан 36 жилийн хугацаандаа хараагүй. Би тэр хэрэг материалтай танилцах эрх ч байхгүй, бололцоо ч байхгүй. Гэхдээ надад мэргэжлийн хүний баримжаа байна. Захиалагчыг нь илрүүлэх ажлын хэсэг байгуулагдаад хагас жил боллоо. Дахиад л байхгүй.

Энэ асуудал дээр парламентын гишүүд хамтарч ажиллах байх гэж найдаж байна. Монголын үндсэн хуулийн  систем бүхэлдээ нурж унаж байгаад л гайхаж байна. Шүүгчтэй юм шиг мөртлөө шүүгчгүй болсон. 25 жил хаалаа. Би энэ асуудлыг оруулж ирнэ. Захиалагчаа зарла гэдгийг шууд шаардана.

Шинэ хуулиудын хэрэгжилтийг судалж үзнэ. Монголын хууль монголын орчинд таарсан байх ёстой. Хэрэггүй зардал их орсон байвал залруулах арга хэмжээ авна.

Д.Тэрбишдагва: Цагдаагаар бүх зүйлийг хүчээр хийж болохгүй, нийгмийн үндсээр нь өөрчлөх хэрэгтэй

Ард түмний хүсээд байгаа зүйл бол цагдаа болчихлоо. Аж амьдрал тааруу байгаагаас шалтгаалан гэмт хэрэг өссөн байна. Ард түмний амьдрал сайжирбал энэ байдал багасна. 

Гэмт хэргээс сэргийлж энд тэндгүй цагдаа, эргүүл тавих нь зөв байх. Гэхдээ л цагдаагаар хүчээр бүх зүйлийг хийж болохгүй учраас уг сурвалжийг нь олж, үндсээр нь цэгцлэх нь чухал. Засгийн газарт энэ чиглэлээр олон жил явсан хүний хувьд зөвхөн хууль хяналтаас гадна аль чиглэлээс эхэлж энэ ажлыг эхлүүлэх вэ гэдгийг тодорхой сонсмоор байна.

Ц.Нямдорж: Цагдаа хүчний байгууллага улстөрийн цагдаа болсон явдлыг таслан зогсооно

Засгийн газраас хууль зөрчсөн аливаа шийдвэр гаргуулахгүй байх явдал Хуульзүйн сайдын хийдэг гол ажлын нэг. Би энэ зарчмыг барьж ажиллана гэдгийг манай Засгийн газрын гишүүд ойлгож байгаа. Хууль дагасан улстөр гэж байдаг. Улстөрийн алдаатай хуулийн шийдвэр гаргуулахгүй байх явдал бол миний Ерөнхий сайдад туслах хоёрдахь том ажил.

Салбарын тухайд цагдаа хүчний байгууллагыг улстөрийн цагдаа болсон явдлыг таслан зогсоох нь миний эхний алхам. Би хэзээ ч улстөрийн зорилгоор цагдаа, хүчний байгууллагыг ажиллуулахгүй. Ийм зүйл хийдэг хүмүүст цагдаад ажиллах орон зай байхгүй.

Эрдэнэтийн асуудал бол нэн яаралтай. Данс тооцоог нь цэгцлэх асуудлыг өдөр болгон Засгийн газрын бусад гишүүдтэйгээ ярьж, хурдан шийдвэр гаргуулахын төлөө ажиллана.

Л.Оюун-Эрдэнэ: 100 хоногийн дотор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхэд УИХ-аас ямар дэмжлэг хэрэгтэй вэ?

Шударга бус зүйлийг хийхгүй л бол би энэ Засгийн газрыг дэмжин ажиллана. Шударга ёсыг тогтоож чадна гэсэн ард түмний 71 хувийн итгэл байна. Хэрэв энэ Засгийн газар үүнийг хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар гуравдагч хүчин гарч ирнэ. Эсвэл хувьсгал болно.

100 хоногийн дотор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхэд УИХ-аас ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Б.Золжаргал тэргүүтэй нөхдүүд хэзээ хариуцлага хүлээх вэ?

Ц.Нямдорж: 100 хоногоос ч наана шийдвэр гарах ёстой гэж үзэж байна

Эрдэнэтийн асуудлаар маш яаралтай шийдвэр гаргах ёстой. Би 100 хоногоос наана шийдвэр гарах ёстой гэж үзэж байна. Ер нь бол улс төр дэх мөнгөний нөлөөллөөс ангижрах, мөнгөний богцноос улс төрийг гаргах ажлыг би тууштай хийнэ. Ийм зүйл хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс хэлчихье, энэ ажлаа зогсоо, хууль бусаар авсан зүйлээ буцааж өг. Тэгэхгүй бол хууль хөдөлнө шүү. Энэ Монголын оршин тогтнох эс тогтнох асуудал.

МИНИЙ ГОЛ ЗОРИЛГО МАФИГҮЙ ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОХ. ГУРВАН САЯ ХҮН ЭНЭ ЗҮЙЛИЙГ ТАСАЛЖ БАЙЖ ЗӨВ АМЬДРАХ ЁСТОЙ.

Хөгжлийн банк 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан байшингаа буцааж өгөх ёстой. Би өмнө нь сайд байхдаа улс төр ярьдаггүй байсан. Одоо бол улс төр, хууль, хариуцлагыг нь ч ярина. Ертөнцийн жамаар миний амьдрах хугацаа цөөрч байгааг би мэдэж байгаа учраас хэлэх юмаа хэлж, хийх юмаа хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ