МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.10.27
Улстөр

Д.Сарангэрэл: Ажлын байрны тодорхойлолтыг төрийн албаны зөвлөл гаргах нь буруу

УИХ-ын 2017.10.27-ны үдээс өмнөх хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах байр суурийг илэрхийлэв.

Төрийн албанд одоо байгаа зөрчил дутагдлыг арилгах, хамгийн гол нь ард түмэндээ үйлчилдэг тогтолцоог бүрдүүлэх нь гэж би ойлгож байна.

Зөвхөн эрүүл мэндийн салбар гэлгүй төрийн албаны авлига, хүнд суртал, чирэгдүүлэлт, харилцааны соёл нь Монголын ард түмнийг бухимдуулж байна.  

Өнөөдөр эрүүл мэндийн салбарт соён гэгээрүүлэх чиглэлд хамтарч ажиллая гэдэг саналыг авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлж байгаа.

Би Учрал гишүүнтэй санал нийлж байна. Ажлын байрны тодорхойлолтыг төрийн албаны зөвлөл гаргах нь буруу.

Байгууллага маш цомхон бүтэцтэй өндөр ур чадвартай, өндөр цалин авдаг тийм л бүтэцтэй байхыг эрхэмлэнэ.

Тухайн байгууллагын мэргэжлийн онцлог, ачааллыг төрийн албаны зөвлөл бүхэлдээ мэдэх боломжгүй.

Хүн амын тоо, олон улсын стандарт, хүн амын тоо зэргийг тооцож мэргэжлийн байгууллага нь оновчтой шийдэл гаргах нь зүйтэй гэж бодож байна. Иймээс норм норматив, ажиллах хүчийг мэргэжлийн байгууллага нь тооцдог байсан өмнөх чиглэл рүү буцаан оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Норм нормативыг тогтоохгүйгээр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тоо их байна данхар бүтцийг багасгана эсвэл цөөн байна нэмнэ гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй.

Эдийн засгийн хямрал нүүрлэж, хэмнэлтийн горимд шилжих шаардлага нийгэмд үүсдэг.

Энэ тохиолдолд жирийн төрийн албан хаагчдын удаан жилийн болон ур чадварын нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдлийг хасаад явчихдаг. Хэмнэлтийн горимд шилжинэ, цалин мөнгийг төр тэвчинэ гээд ирэхээрээ дарга нар биш жирийн албан хаагчид өртдөг. Өнгөрсөн хугацаанд ийм дутагдлууд их гарсан. Тийм учраас хэмнэлтийн горимд ажиллахдаа төрийн жирийн албан хаагчдын эдгээр нэмэгдлүүдийг хасахгүй байх заалтыг заавал оруулах ёстой гэдэг саналтай байна.

ШИНЭ МЭДЭЭ