МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалын санг салбарт нь хариуцуулах нь зөв
2017.10.30
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалын санг салбарт нь хариуцуулах нь зөв

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын санг салбарын яаманд хариуцуулах талаар хэлэлцэж дэмжлээ. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлээс тодруулсан юм.

-Салбарын яаманд Эрүүл мэндийн даатгалын санг хариуцуулах нь ямар үр дүнтэй гэж та харж байна вэ?

-Өнөөдөр эрүүл мэндийн өндөр өртөгтэй үйлчилгээ, мэс заслын төлбөр ард олны нуруун дээр тун хүндээр тусч байна. Зарим тохиолдолд айл өрхийг ядуурлын төвшинд оруулах нөхцөл болж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) салбарын яамныхаа харьяалалд ирснээр энэ байдлыг өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хамаарч иргэд ядууралд өртдөг нөхцөл байдлаас сэргийлэх боломж нээгдэнэ.

Нөгөө талаар ажлын ачаалал нь их боловч түүнтэй дүйцэх хэмжээний цалин хөлс авч чадахгүй байгаа эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудалд ч бодитой хувь нэмэр үзүүлэх байх гэж найдаж байна.

-Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлж буй иргэдэд энэ нь эргээд хэр нөлөөлж байгаа бол?

-ЭМДС-гийн хөрөнгийг бид захиран зарцуулдаг болбол анхан шатны буюу дүүрэг хороо, сум, багийн эрүүл мэндийн салбарууд бэхжихэд тодорхой нөлөө үзүүлнэ.

Одоогийн байдлаар нийслэлийн өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн 14.6 мянга, сум оронд 12.0 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авна гэдэг жилийн хугацаанд чамлалттай үзүүлэлт. Энэ байдал илүү дээрдэх байх гэж бодож байна.

-Таны саяхан хүлээж авсан салбарынхан цалин хөлсөө нэмүүлэх талаар тууштай тэмцэл өрнүүлж байгаа. Энэ талаар та ямар санал бодолтой байна вэ?

-Тэдний буруу биш. гэхдээ улс орны эдийн засаг хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэнд, төсвийн байгууллагын ажилтнуудад 300 мянган төгрөгийг нэг удаа олгоё гэдэгтэй би санал нэг биш байгаа. Гэвч одоохондоо өөр арга алга.

Сэтгүүлч Д.МӨНХ

ШИНЭ МЭДЭЭ