МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн албаны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2017.10.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн албаны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Өнгөрсөн 7 хоногоос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Уг хуулийн төсөл нь  Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. 

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Н.Энхболдоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Я.Санжмятав, С.Чинзориг нар ажилласан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Энхболд, Н.Учрал, Ц.Мөнх-Оргил нар оруулсан саналтай холбогдуулан үг хэлэв.

Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг “төрийн тэргүүлэх үйлчилгээний алба” гэж өөрчлөн найруулж багш, эмч нарыг энэ ангилалд хамааруулах, харин төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “төрийн бусад үйлчилгээний алба” гэсэн агуулгатай 9.1.5 дахь заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй таван санал гаргасан үндэслэлээ тайлбарлаж үг хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд энэ хуульд ийм саналын томьёолол орвол түүхий болоход хүрнэ, харин салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хүрээнд энэ саналаа гаргаж хуульд тусгуулахад анхаарах нь зүйтэй гээд том хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл баримтлалыг эвдэхгүйн үүднээс саналаа татаж авахыг Н.Учрал гишүүнд санал болгосон юм. Мөн Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил ч ийм саналтай байгаагаа хэллээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал саналаа татаж авч буйгаа хэлээд энэ асуудлыг ажлын хэсэг дээр анхаарч сайн ярилцаад дахин оруулж ирвэл сайн байна, цаашдаа Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тусгуулахын төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.

Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ