МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахаратай уулзав
2017.11.02
Гадаад харилцаа

НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахаратай уулзав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Сайд Д.Сарангэрэлд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд, шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдээс Гадаад харилцааны сайдтай уулзаад Эрүүл мэндийн сайдтай анхлан уулзаж байгаадаа, УИХ-ын туршлагатай гишүүн, эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр тууштай ажилладаг, маш эрч хүчтэй хүнтэй хамтран ажиллахдаа нэн таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн Амын Сантай эрүүл мэндийн салбарт өсвөр үе, залуучууд, охид, эмэгтэйчүүд эхчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлүүдээр хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах тогтворжуулах чиглэлээр ажиллахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх оновчтой, илүү үр дүнтэй ажлуудыг хамтран хийх шаардлага байгаа талаар ярилцав.

ШИНЭ МЭДЭЭ