Х.Нямбаатар: Цалин нэмээд дампуурлаа зарлах, ОУВС-гийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх хоёр л сонголт бий
2017.11.06
Эдийн засаг, Худалдаа

Х.Нямбаатар: Цалин нэмээд дампуурлаа зарлах, ОУВС-гийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх хоёр л сонголт бий

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гарагт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас байр суурийг нь тодруулсан юм.

-Төсвийн тодотголд хориг тавьсан асуудлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерөнхийлөгч Монгол Улсын 2017 оны тодотгосон төсөвт хориг тавьж, хэд хэдэн зүйлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Гол зүйл нь 53.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж хэлбэрээр олгох нь Төсвийг үр дүнгүй захиран зарцуулж буй хэрэг гэж үзсэн байсан.
Монгол Улсад хэрэгжиж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр”-ээр төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэхгүй гэсэн үүрэг хүлээсэн. Гэвч эрүүл мэнд, боловсрол, урлагийн ажилтнууд цалин нэмэхийг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулж байна. Тэгэхээр бидэнд хоёр л сонголт байгаа. Нэг бол бид цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмээд ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах, эсвэл огт нэмэхгүйгээр байгаа түвшинд нь хадгалж, ОУВС-гаас санхүүгийн дэмжлэг авах л зам байна.
-ОУВС-гийн хөтөлбөрөөс гарвал Монгол Улсад ямар хохиролтой байх бол?
-Хөтөлбөрөөс гарвал ямар хохиролтой байхыг хүмүүс тэр бүр ярихгүй байгаа. Монгол Улсын Төсвийн алдагдал 2 их наяд орчим төгрөгт эргэлдэж байна. Тэгвэл төсвийн алдагдал гэдгийг зарим хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улс 6 төгрөг олоод 8 төгрөгийн зардал гаргаж байгаа.
Үлдсэн 2 төгрөгийг хаанаас олж байна гэвэл дотоод бонд гаргах замаар төсвийн алдагдлыг нөхөж, цалин, тэтгэвэр тэтгэмж, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах бүх зардлыг санхүүжүүлж байна. Дотоодын арилжааны банкуудаас мөнгө босгож төсвийн алдагдлаа нөхөхөд ойролцоогоор 15-16 хувийн буюу өндөр хүүтэй авч байна.
Төсвийн бүтцийг харвал бараг 1.3 орчим их наяд төгрөг нь зээлийн хүү, концессын төлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн бондын төлбөрт зарцуулагдсан эрүүл бус тогтолцоотой байгаа. Үүнийг ОУВС-гийн экспертүүд дүгнээд  Төсвийн алдагдлаа бууруулж, зардлаа танан, орлогоо нэмэгдүүлэх шаардлагыг манайд тавьсан.
Тэгээд "Хэрэв бидний оношилсон эмчилгээг зөв хийвэл дотооддоо 16 хувийн хүүтэй босгож байгаа мөнгийг 2 хувийн хүүтэй олгож өгье" гэсэн санал тавьсан юм. Үүгээр Төсвийн алдагдлаа нөхөж, бондын хүүний зөрүүнээс 14 орчим хувийн хэмнэлт хийх зөвлөмжийг өгч ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнээс гадна хэрэв бид төсвийн алдагдлаа бууруулж чадвал ОУВС-тай тохиролцсоны дагуу 2023 он гэхэд өрнөөс бүрэн гарна гэсэн өрийн менежмент хуваарийнхаа дагуу явж байна.
-Төсвийн алдагдал ийм өндөр байхад цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй байх л даа. Гэсэн ч иргэд шаардлага тавьсан хэвээр байна. Хэрхэн зохицуулах нь зүйтэй юм бэ?
-Гадаа жагсаал хийж, шаардлага тавьж байгаа нь зүй ёсны хэрэг. Яагаад гэвэл дөрвөн жилийн дотор тэтгэврийг 40 мянган төгрөгөөр л нэмсэн. Гэтэл инфляци хэдэн хувьд хүрч, өргөн хэрэглээний барааны үнэ ямар түвшинд байгааг хүн бүр мэдэж байгаа. Ийм хоёр хайчин дунд орчихоод байна.
Тийм учраас Төсвийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд буцалтгүй тусламж хэлбэрээр сард 20 гаруй мянган төгрөг цалинд нь нэмэгдэл болгож буй хэлбэрээр 300 мянган төгрөгийг нэгтгэж олгох ийм л шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын цалинг 20 гаруй мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн, үүнийгээ сар бүр биш нэг дор олгох болж байгаа юм.
-Буцалтгүй тусламж гэж нэрлэхээр халамжийн мөнгө тараах гэж байна хэмээн шүүмжлээд байна?
  
-Хэрэв нэг удаагийн урамшуулал гэдэг хэлбэрээр олговол 300 мянган төгрөгөөс Хүн амын орлогын албан татвар суутгагдах хуультай. Тиймээс буцалтгүй тусламж гэж нэрлэн татваргүйгээр олгох гэж байгаа юм.
-Бидэнд хоёрхон сонголт байна гэж хэлсэн. Цалин нэмэх ачааллыг дийлэх чадамж Төсөвт бий юу?
-Дахиад хэлэхэд нэг бол цалин, тэтгэврээ нэмээд 2017 онд Монгол Улс дампуурлаа зарлах, эсвэл ОУВС-гийн хөтөлбөрөө дагаж, эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдлаа эрүүлжүүлэх. Дэлхийд маш олон улс орон дампуурлаа зарлаад байна. Өнөөдөр сөрөг хүчин хэдийгээр чангаар дуугарч, шүүмжилж байгаа ч энэ байдал үүссэн шалтгаан нөхцөл юу вэ гэдгийг бодох ёстой.
“Чингис бонд”-ыг өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид үр дүнгүй зарцуулсан, идсэн, уусан асуудал нь одоо хуулийн байгууллагад шалгагдаж байна. 2018 он гараад “Чингис”, “Димсан”, “Өгөөдэй” бондуудын эргэн төлөлт бидний өмнө тулчихсан байна. Ийм зүйлээр улс төржилт хийхийн оронд эдийн засгаа хэрхэн яаж тэлэх үү, улсын төсвийн орлогыг хэрхэн нэмэх вэ гэсэн асуудлаар бодлого ярих цаг болсон. 
Сандал суудал, албан тушаал яриад бид нэг жилийг ардаа үдчихлээ. Дээр нь Ерөнхийлөгчийн институци УИХ-ын  шийдвэр бүрт хориг тавиад байвал эдийн засгийн нөхцөл байдал ээдрээ төвөгтэй байгаа энэ үед зохимжгүй. Бидэнд юу юунаас илүү шуурхай шийдвэр гаргах нь чухал байна. Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө шийдвэр гаргаасай гэж хүсч байна.
-Хэрэв шаардлагын дагуу цалин нэмэгдүүлбэл Монгол Улс дампуурлаа зарлах магадлалтай гэсэн үг үү?
-Бид жагсаал хийж байгаа хүмүүсийн хүсэлтийг хангаж, багш нарын цалинг 1.5 сая төгрөг болговол улсын төсөв энэ ачааллыг даахгүй гэдэг нь хэнд ч илэрхий ойлгомжтой. Би сая хэлсэн 6 төгрөг олоод, 8 төгрөг зарцуулдаг гэж.
Тэгвэл орлогын энэ 6 төгрөгийнхөө бараг 2 төгрөгийг нь буюу 3-ны 1-ийг боловсролын салбарт зарцуулдаг улс шүү дээ. Цаана нь батлан хамгаалах, хууль шүүх, төрийн захиргааны байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбай, гэрэлтүүлэг гээд л ямар их зардал гардаг билээ.
Би энэ жагсаал цуглааны ард зарим нэг улс төрийн хүчнүүд байна гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл жагсаал цуглааныг идэвхийлэн дэмжиж байгаа зарим нэг улс төрийн хүчнүүд байна. Бид нэг зүйл дээр тогтох ёстой. Энэ Монгол Улс МАН-ын улс уу, АН-ын улс уу эсвэл нийт монголчуудын улс юм уу гэж бодож л шийдвэрээ гаргах учиртай юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

ШИНЭ МЭДЭЭ