Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нарын ЭСРЭГ ТЭСРЭГ байр суурь
2017.11.08
Улстөр

Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нарын ЭСРЭГ ТЭСРЭГ байр суурь

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ


Л.Энх-Амгалан. З.Энхболд миний нэр төрд халсан

-УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийсэн мэдэгдэл миний нэр төрд халдсан асуудал болсон. Тиймээс би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байгаа. 

ЕТГ-ын дарга чуулганы хурлын үеэр УИХ-ын гишүүний нэр хүндэд халдахаар мэдэгдэл хийснийг олон нийт харсан, үзсэн, сонслоо.

Энэ бол зохисгүй үйлдэл биз дээ. Ер нь УИХ-ын түүхэнд дархан эрхийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, бүрэн эрхээсээ татгалзсан анхны гишүүн нь би.

Энэ хүрээнд АТГ, Цагдаагийн ерөнхий газар, прокурорт бүх асуудлыг шалгуулахаар өгсөн. Хариу нь ирэхээр УИХ-ын ёс зүйн хороогоор хэлэлцэх байх.

Хувь хүн өөрөө ийм санал санаачилга гаргаж байхад нэр төрд нь халдаж байна. Түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн.

Тодруулбал, хувь хүний угсаа гарвал, мэргэжил, мэддэг, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхахгүй гэдэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Тиймээс нэр төрөө сэргээнэ. Түүний хэлсэн зүйлд ямар ч үндэслэл байхгүй.

З.Энхболд дарга яриад байгаа үндэслэлүүдээ шүүхийн байгууллагад гаргана биз. Хэн нь гэм буруутайг шүүх тогтооно.

Монгол Улс хуулийн засаглалтай орон. Тиймээс хэн гэм буруутайг шүүхийн эцсийн шийдвэр тогтооно шүү дээ.

Хэрэв би буруугүй нь нотлогдвол, ямар нэгэн байдлаар миний нэр төрд учирсан хохирлыг ЕТГ-ын дарга З.Энхболдоос нэхэмжилнэ.

Тэр хүн хувийн өс хонзонгоор улс төрийн зорилготой арчаагүй мэдэгдэл хийсэн шүү дээ Ерөнхийлөгчийн ажлыг өмнөөс нь хийж, Ерөнхийлөгч шиг аашлаж байгааг нь хэлсний төлөө намайг гүтгэсэн

С.Эрдэнэ: ЕТГ-ын дарга З.Энхболд үүргээ биелүүлсэн

-Ерөнхийлөгчийн тавьж байгаа хоригийг танилцуулах нь ЕТГ-ын даргын чиг үүрэг нь юм. ЕТГ-ын дарга З.Энхболд үүргээ биелүүлсэн, ажлаа хийсэн.

Тамгын газрын дарга З.Энхболд өөрөө санаачлаад, Ерөнхийлөгчийн өмнөөс хориг тавиад байгаа зүйл огт байхгүй.

Ерөнхийлөгч өөрөө зарлиг, захирамж гаргаад гарын үсгээ зурсан.

Тийм байхад хоригийг З.Энхболд гэж харах маш буруу. Асуудлыг мушгин гуйвуулах, улстөржүүлэх, ач холбогдлыг нь бууруулах гэж улайрч байгаа эрх баригчдын үйл ажиллагаа гэж харж байгаа. 2017 оны Төсвийн тодотголд тавьж байгаа хориг зүй ёсны асуудал.

Төсвийн тодотголд тавьж байгаа хориг ч Ерөнхийлөгчөөс тавьсан хориг юм. Ер нь 497 тэрбум төгрөгийг он гарах гэж байгаа энэ богино хугацаанд яаж шийдэх юм. Түүнчлэн тулсан асуудалд олон тэрбум төгрөгийг зарлагадаж байхаар ирэх оныхоо төсөвт тусгаад аажуу, уужуу хуулийн хүрээнд мөнгөө үр дүнтэй зарцуулаач ээ гэдэг асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа болов уу. Мөн 55 тэрбум төгрөгийг агаарт цацаж байгаа юм шиг асуудлыг шийдэж байна.

Тэр 55 тэрбум төгрөг чинь юань болоод л урагшаа гарна. Тодруулбал, Хятадад хөрөнгө оруулалт болоод дуусна. Эргээд баахан Эрээний бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэсэн үг. 

МАН-ын гишүүд 300 мянган төгрөгөөр төрийн албан хаагчид өр төлбөрөө төлнө гэсэн зүйл яриад байгаа юм. Түүн шиг худлаа зүйл байхгүй.

300 мянган төгрөгөөр өр төлбөрөө төлдөг төрийн албан хаагч байхгүй. Нэг удаагийн буцалтгүй тусламж хэлбэрээр очиж байгаа мөнгө хүнд үр ашгаа өгдөггүй юм. Харин цалин хэлбэрээр тодорхой хэмжээнд нэмээд өгвөл үр дүнгээ өгнө.

Түүнээс 300 мянга ч, гурван сая байсан ч үр ашгаа өгөхгүй. Ийм байдлаар төсвийн давсан орлогыг зарцуулаад яваад байж болохгүй л дээ. Яагаад хуримтлал бий болгож болохгүй байгаа юм бэ. Ийм байдлаар явах нь эдийн засгийн хувьд зөв зүйтэй асуудал биш. 

ШИНЭ МЭДЭЭ