УИХ-ын зарим гишүүд “TBC-2MC” агаарын хөлгийн их засварын ажилтай танилцлаа
2017.11.08
Зам, Тээвэр

УИХ-ын зарим гишүүд “TBC-2MC” агаарын хөлгийн их засварын ажилтай танилцлаа

УИХ-ын зарим гишүүд өнөөдөр (2017.11.08) “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа “ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явц, байдалтай танилцав.

Гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Учрал нар  ирж ажилласан юм. Түүнчлэн “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир, ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон албаны бусад хүмүүс байлцав.

“АН-2” онгоцыг олноор ашиглаж байсан өмнөх нийгмийн үед “АН-2” онгоцны их засварын ажлыг МИАТ компаний инженер техникийн хамт олон гүйцэтгэж байсан туршлагад суурилан хуучин “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс тавьж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг бүтэж байгааг МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр, дэлхий дээр хамгийн их ашиглагддаг онгоц бол “АН-2” юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг Монголдоо хөгжүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг тодотголоо.

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал,

ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ хүртээмжтэй болохоос гадна бизнес аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэргээр нийгмийн болон бизнесийн бусад салбарт нисэхийн үйлчилгээг ашиглах нөхцөл бүрдэнэ гэдгийг тайлбарласан юм.

Харин тулгарч байгаа гол асуудал нь хөрөнгө оруулалт учраас Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Танилцуулганы дараа УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, “ТВС-2МС” агаарын хөлгийн засварын ажлыг үзэж сонирхов.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,

“TBC-2MC” агаарын хөлгийг засварлах ажилд дэмжлэг үзүүлнэ, гэхдээ хууль, олон улсын дүрэм, журамд нийцүүлэн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас олгодог бүх зөвшөөрөл гэрчилгээжүүлэлтийг авсан байх ёстой гэдгийг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,

энэхүү онгоц шинэчлэгдсэнээр хөдөлгүүрийн жин 680 кг-аас 140 кг болж, 1400 км буулгүй нисэх чадвартай, олдоц ихтэй ТС-1 маркийн нисэхийн шатахуун хэрэглэж ашиглалтын зардлыг бууруулж байгаа юм байна. Иймээс уг онгоцыг эх орондоо албан ёсоор угсарч эхэлснээр улс орны эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэллээ

 

ШИНЭ МЭДЭЭ