МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
2017.11.09
Улстөр

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр оролцсон юм. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан билээ.

Тэрээр “2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, мөн Төсвийн хуульд тавигддаг тодорхой шалгуур хангаагүй“ гэж үзсэн юм.

Ерөнхийлөгчийн хоригийн тухай Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энхболд уншиж танилцуулсан. Тус байнгын хорооноос 75 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй.


Харин Төсвийн байнгын хорооны салал дүгнэлтийг УИХ-ын гишүүнБ.Баттөмөр танилцууллаа. Тус байнгын хорооноос 84,2 хувийн саналаар хоригийг хүлээж аваагүй.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлж байлаа. 

Ч.УЛААН: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ӨӨРӨӨ ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЙСАН. ГЭХДЭЭ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОХ НЬ БУРУУ БИШ

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулиар төсөвд тодотголд хийх шалгуурыг тодорхой зааж өгсөн. Төсвийн тухай хуулийн 34-р заалт дээр 4 дэд заалттай. Төсвийн тодотгол өргөн баригдсан үндэслэл дотор тодотгол хийх 7 үндэслэлийг дурдсан. Эдгээр үндэслэлээс хуулиар зөвшөөрөгдсөн 4 үндэслэл хамаарахгүй гэдгийг би өмнө нь хэлж байсан. Уг нь засаад, хуулиндаа нийцүүлээд явсан бол нэг нэр, хоёр хоё дуулахгүй байж болох байсан.

Төсвөө сайжруулах, төрийн албан хаагчдад урамшуулал олгох, хүүхдийн мөнгө олгох асуудлыг хуулийн хүрээнд хэлбэрээ зөв олоод, томъёолоод явбал болохгүй зүйл байхгүй. Би үүнийг буруутгахгүй байна.

2017 оны төсвийн тодотгол 2018 оныхоо төсвийн төсөлтэй нягт уялдсан. Эдгээрийг салгах арга байхгүй. Ирэх оны төсөв батлагдах хугацаа тулсан. Хэлэлцүүлгүүд хийгдсэн учраас өөрчлөх аргагүй.

Би төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа ягштал мөрдөөд явах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй хүн.

Л.ЭНХ-АМГАЛАН: ХОРИГ ТАВЬДАГ БИШ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ЯРЬДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГААСАЙ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Энэ хоригийг Ерөнхийлөгч тавьж байна уу? Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тавиад байна уу гэж би асууж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч арай ч ийм асуудлаар хориг тавихгүй болов уу гэж эргэлзэж байсан. Та бол монголын ард түмний Ерөнхийлөгч. Үндэсний эв нэгдлийг сахиулах тангараг өргөсөн, үүрэгтэй хүн. УИХ-ын микрофон ашиглаад гишүүдийг доромжилж болохгүй.

Үндэснийхээ баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жил хийсэн дайн тулаанаа одоо зогсоох болсон. Засгийн газрын сайд дээр хориг тавиад, тэр сайдын өргөн барьсан төсөв дээр хориг тавиад богино зайн хориг тавиад байна. Хоолондоо хориг тавихаа больё. Монгол Улс хоригонд орчихоод байна. Монгол Улс дипломат хоригонд орчихлоо.

Өнөөдөр Монгол Улс 6 сая тонн нүүрс экспорттонд гаргах борлуулалтаа алдлаа. Сүүлийн 20 жилд 100 сая тонн нүүрс экспортлох боломжийг алдсан.  Энэ бол 10 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө. Дотоодын хагарлаас болоод бид энэ боломжоо алдсан.

Та Ерөнхийлөгч болоод таван сар боллоо. Нэг ч удаа аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсангүй. Монгол өрийн дарамтад орлоо. Энэ аюулгүй байдлын зөвлөлөөр ярих асуудал биш үү.

БНСУ-ын Элчинд өдөрт 1000 залуу виз хүсэж байна. Өдөр болгон хэдэн мянган залуу Солонгосын хил дээр зогсож байна. Энэ аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ярих асуудал биш үү.

Сүүлийн таван жилд 150 мянган залуу сүүлийн таван жилд гэмт хэрэгт холбогдлоо. Бусдын гарт 1144 хүн амь насаа алдсан байна. Хавдраар өдөрт 7 хүн нас барьж байна. Энэ аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ярих асуудал биш үү.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд 17 мянган баялаг бүтээгчээ хууль хяналтын байгууллагад өгч шалгуулсан байна.

ТАНЫГ БИ ХОРИГ ТАВЬДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ БИТГИЙ БАЙГААСАЙ.  ХӨГЖИЛ ДЭВШИЛ ЯРЬДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА.

26 жилийн хугацаанд 16 Засгийн газар сольсон. Ерөнхийлөгч та Үндсэн хуулийн асуудлыг ярихгүй юм уу, улс төрийн тогтворгүй байдлыг ярихгүй юм уу. Ийм юмыг Ерөнхийлөгч ярих ёстой. Ийм асуудлыг та УИХ-д оруулаад яриад сууж байх ёстой юм.

С.ЧИНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭМЭГДЭЛ БОЛ ЦАЛИНГИЙН УРАМШУУЛАЛ БОЛОХООС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БИШ. БҮХ ЗҮЙЛ ХУУЛИНД НИЙЦСЭН

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Бид энэ оны төсөвт туссан хүүхдийн мөнгөнд зориулсан мөнгөө дуусгасан. 8 сараас хойш хүүхдийн мөнгөө олгож чадаагүй. 2017 оны төсвийн тодотголд 8 сараас хойшхи хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байгаа 104,5 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ хоригийг хүлээж авбал хүүхдийн мөнгийг олгох асуудал бүрмөсөн зогсох нөхцөл байдал үүсч байна. Тиймээс энэ хоригийг хүлээж авах боломжгүй.

Төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд инфляци 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Тиймээс төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд төсвийн тодотголд туссан төрийн албан хаагчдын урамшуулал олгох асуудлыг дэмжиж байгаа. Нийгмийн зөвшлийн түншүүд ч мөн энэ асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ 2018 оны төсөв дээр ч мөн тусгах шаардлагатай байгаа.

Төсвийн тодотголд энэ асуудлыг тусгахдаа буцалтгүй тусламж биш ажлын үр дүнгийн урамшуулал гэсэн статусаар тусгасан. Яагаад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга буцалтгүй тусламж гэж яриад байгааг ойлгохгүй байна. Урамшуулал бол хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг. Хуулинд нийцсэн урамшуулал шүү дээ.

Төсөв захирагчид төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж  ажилладаг. Хөдөлмөрийн гэрээг дүгнэж урамшуулал олгодог хууль эрхзүйн зохицуулалт байгаа. Энэ цоо шинээр гаргаж ирж байгаа асуудал биш. Үүнийг нэг удаагийн халамжийн бодлого гэж ярих нь зохисгүй.

Я.СОДБААТАР: БИД САЙНДАА ОУВС-НД ХАМРАГДААГҮЙ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

ОУВС-нд МАН сайн дураараа гүйж ороогүй. 23 тэрбум долларын өртэй, төсвийн алдагдал 10 гаруй хувьд хүрсэн улс орныг хүлээж авсан. Хэн ийм байдалд оруулсан бэ? Өнгөрсөн 4 жил засаг барьж байсан, 14,5 хувийн өсөлттэй эдийн засгийг аваад 0 хувь болгож, өрийн хэмжээг хүнд байдалд оруулсан байдалд хэн аваачсан бэ? Өнгөрсөн 4 жилийн хугацаанд парламентыг удирдаад, АН-ыг толгойлсон З.Энхболдын балагийг л бид цэвэрлэх гэж энэ ажил хийх гэж байна. Сайндаа бид ОУВС-нд хамрагдаагүй.

Яагаад багш, эмч нарын цалинг 2013 оноос хойш нэмээгүй юм бэ? Энэ олон жил нэмээгүй асуудал явсаар байгаад өнөөдөр тэдний цалин үнэгүйдэж, ийм байдалд хүрч байна.

Гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийлсэн. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ БҮХ ЗҮЙЛД ХОРИГ ТАВИНА

Хоригт гишүүд гайхаад байх хэрэггүй. Н.Багабанди ерөнхийлөгчийн үед нэлээд хэдэн удаа хориг тавигдаж байсан.

2017 оны төсвийн тодотголд хориг тавьсан шалтгаанаа би тодорхой хэллээ.

Гишүүд Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч гэлээ. Төрийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг хувийн эзэмшилд авч мөнгөтэй болчхоод улс  төрийг худалдаж авсантай эвлэрч чадахгүй. Энэ хүмүүсийн төлөөлөл хүчтэй орж ирж байна гэдгийг анхааруулж хэлж байгаа.

Л.Энх-амгалан ярилаа байдал хүнд байна гэж. УИХ-д 65 гишүүнтэй нам энэ байдлаа засах ёстой.

Ч.Хүрэлбаатар их санаа зовж ярьж байна. Ажил хийж бизнес хийх асуудлыг та бүхэн шийдэх ёстой.

Сайд Ж.Бат-Эрдэнэ төмөр замын талаарх зөрүүтэй мэдээллийг цэгцлээрэй.

Үндэсний эрх ашийн эсрэг шийдвэр гаргавал хориг тавина. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг хуралдуулна. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хаалтай хуралдаж, ярилцъя гэсэн болдолтой байна.


Ерөнхийлөгч Х.Баттулгыг байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураасан. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.2 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж кноп даржээ.

ШИНЭ МЭДЭЭ