МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгохыг дэмжив
2017.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгохыг дэмжив

Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. Тиймээс үргэлжлүүлэн уг тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөл нь Төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгний урамшууллыг олгох болон хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд олгох тухай юм.

Тогтоолын төслийн талаар хэлэлцсэн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.

О.БААСАНХҮҮ: 55 ТЭРБУМЫГ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ОЛГОЁ

Багш, эмч нар 55 тэрбумыг дэмжихгүй байгаа. Жагсаалын ард манай намын зарим нөхдүүд явж байгаа юм шиг байна лээ. Хүсэхгүй байхад битгий өгөөч ээ гэсэн байр суурьтай байна. Харин өвөө, эмээ нар тэтгэвэр нэмээч ээ, 300 мянгыг бидэнд өгөөч ээ гээд байна. Тиймээс цагаан сар ойртож байгаа учраас 55 тэрбум төгрөгийг хөгшчүүдэд буцалтгүй тусламж маягаар олгох нь зүйтэй гэсэн горимын саналтай байна.

Сэтгэцийн өвчтэй хүнийг асраад, 64 мянган төгрөгийн тэтгэмжээр амьдардаг хүн байна. Тиймээс энэ хоригийг хүлээж аваад, оронд нь тэр мөнгийг эдгээр хүмүүст тарааж өгье. Хүн дургүй байхад л мөнгө өгье гээд байх юм. Ахмадууддаа өгсөн нь зөв шүү дээ.

С.ЭРДЭНЭ: БҮХ АЛБАН ХААГЧ ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ АВАХААР АЖИЛЛАСАН ЮМ УУ?

55 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгохдоо ажлын үр дүнгийн урамшуулал хэлбэрээр олгох редакцийн өөрчлөлт хийсэн байна. Хууль зөрчсөн дээрээ улам хууль зөрчсөн юм хийгээд байна.

Төсвийн тухай хуулинд үр дүнгийн гэрээг дүгнээд, хангалттай тохиолдолд гэрээний дагуу цалингийн урамшуулал олгодог. Түүнээс биш нэг удаагийн мөнгө тараах гэж байгаа зүйлээ ажлын үр дүн гэж шууд нэрлэж болохгүй. Тэдгээр төрийн албан хаагч бүгдээрээ урамшуулал авах хэмжээнд ажилласан юм уу? Хэн тэрийг тогтоосон юм бэ?

180-аад мянган албан хаагч бүгд онц дүн аваад, үр дүнгийн урамшуулал авч байгаа юм уу?

Амьжиргааны түвшин хүнд байна гэдэг асуудлаа яриад, ОУВС-гийн шахалтаас бултаж, мөнгө өгч байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй.

Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явагдаж нийт оролцсон гишүүдийн 78,9 хувь нь тогтоолын төслийн бүхэлд нь батлах кноп дарж, төрийн албан хаагчдад урамшуулал олгох нь зөв гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ