МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.11.09
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Залуучуудын хөгжлийг дэмжих санг хөрөнгө оруулалтыг орхигдуулсан байна

Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа.

Ё.БААТАРБИЛЭГ: ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ОРХИГДУУЛСАН БАЙНА

Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулах тухай асуудлыг холбогдох хуулинд нь баталсан. Хуулиндаа баталсан сангаа байгуулах ёстой. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд энэ санг байгуулах асуудлыг орхигдуулсан байна гэж Д.Гантулга гишүүнээс зарчмын зөрүүтэй санал гарсан боловч Төсвийн байнгын хороо дэг зөрчсөн гэж үзээд санал хураалгаагүй. Хуулийнхан Засгийн газрын тусгай сангийн төрлийг хөндсөн учраас сангийн төрөлд нэмж оруулах учраас дэг зөрчихгүй гэж үзсэнийг Төсвийн байнгын хорооны гишүүд сүүлд нь хүлээн зөвшөөрсөн. Түүнийгээ мөнгөнгүй учраас сан байгуулахгүй гэж тайлбарласан. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

Алдар цолтой ахмад настанд төрөөс дэмжлэг үзүүлэх тухай хууль батлагдсан. Тэр хуулинд Ардын бага хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн хүмүүсийг оруулъя гэж баталсан. Энэ хүмүүст олгох тэтгэмжийн асуудал нь төсөвт суусан. Гэхдээ УИХ-ын тогтоолд нь ороогүй учраас тэр хүмүүс мөнгөө авч чадахгүй болж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЗАСГИЙН ГАЗРААС ОРХИГДУУЛЖ ОРУУЛСАН БАЙСАН

Залуучуудыг дэмжих сан байгуулах асуудлыг төсвийн төсөл дээр Засгийн газар хөндөж оруулж ирээгүй учраас дэг зөрчигдөнө гэж үзээд санал хураагаагүй.

ХУУЛИЙН ЭРХЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМГАЛАН: ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД САНАЛ ХУРААГААГҮЙ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20-р зүйлийн  2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэхдээ хууль санаачлагчийн төсөлд тусгагдаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэр болон төслийн зүйл хэсэг заалтад өөрчлөлт оруулах тухай санал дүгнэлт оруулахыг хориглоно гэсэн заалтын хүрээнд санал хураагаагүй.

Ё.БААТАРБИЛЭГ: ОРХИГДУУЛСАН ЯВДЛЫГ ЦААШИД ЯАЖ ЗАЛРУУЛАХ ВЭ?

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5-р зүйл Тусгай сан, түүний төрөл болох 5.4.36, 5.4.39 дэх заалтад өөрчлөлт оруулахаар заасан нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг хөндсөн байна гэж үзээд Залуучуудын хөгжлийг дэмжих тусгай санг Засгийн газрын тусгай сангийн төрөлд нэмж оруулах санал дэмжигдээгүй. Хамгийн гол нь энэ хоёр асуудал орхигдсон учраас цаашид Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?

ШИНЭ МЭДЭЭ