МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Худалдан авагч, үйлчилгээ үзүүлэгч хоёр нэг халаасанд орсон уу?
2017.11.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Худалдан авагч, үйлчилгээ үзүүлэгч хоёр нэг халаасанд орсон уу?

УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн тухай хуулийг энэ  долоо хоногт хэлэлцэж байгаа. Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн дотор Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүд байгаа.

Дээрхи хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамны харьяа болгохоор тусгаж Сангийн яам оруулж ирсэн. Өмнө нь энэ сан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа байсан юм. Энэ нь байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын чуулган дээр гишүүдийн эсрэг байр суурь илэрхийлэхэд хүргээд байгаа юм.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Мөнхбат нарын гишүүд "Тус сангийн хөрөнгийг ЭМЯамд өгч болохгүй, учир нь тус яам бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Харин Эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагчдын төлөөлж гэрээ байгуулан эмнэлгийн тусламж үйлчилгээг авдаг сан. Ингэхээр энэ хоёр нэг халаасанд орж болохгүй, хяналт байхгүй болно. Дэлхийн аль ч улсад ийм тогтолцоо байхгүй" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Мөн ХНХ-ын сайд С.Чинзориг "Засгийн газар кабинетын зарчмаар шийдсэн. Хувь гишүүнийхээ хувьд энэ саналыг дэмжихгүй байгаа" гэсэн юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, УИХ-ын  зарим гишүүд санг ЭМЯам руу шилжүүлэхийг дэмжиж байгаа юм. Тэд "Санг бие даалгах хэрэгтэй. Эрүүл мэндийн яам бол тусламж, үйлчилгээ үзүүлдэг газар биш салбарын бодлогыг гаргаж, хэрэгжүүлдэг байгууллага. Тиймээс энэ яамд байснаар даатгуулагчдад эрүүл мэндийн үйлчилгээ ойртоно" байр суурьтай байгаа юм.


Л.Энх-Амгалан: Сангийн сайд яах гэж 634 тэрбум төгрөгийг Д.Сарангэрэл сайдын төсөвт баталж өгч байгаа юм бэ?

Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгахыг эсэргүүцсэн хүн бол нэг ч байхгүй. Гол нь зөв яваасай гэж л энэ байр суурийг илэрхийлээд байгаа юм. Өнгөрсөн 4 жилд УИХ дээр баталсан гол хуулиудын хоёр нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль.

Ч.Хүрэлбаатар сайдыг гайхаад байх юм. Энэ хүнтэй гурван өдөр маргаж байна. Орж ирж байгаа зүйлээ сайн мэдэхгүй байж, зөрүүдлээд..Эрүүл мэндийн яам эмнэлгийн үйлчилгээ, тусламж үзүүлж байгаа яам мөн шүү дээ. Сумын, өрхийн, дүүргийн, улсын гээд эмнэлгүүд чинь хэний харьяа юм бэ Ч.Хүрэлбаатар сайдаа.

Та яах гэж 634 тэрбум төгрөгийг Д.Сарангэрэл сайдын төсөвт баталж өгч байгаа юм бэ? Сарангэрэл сайд чинь Монголын 3 сая хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэгтэй хүн. Бодлого, хөрөнгө оруулалт, хүний нөөцөөр хангах үүрэгтэй хүн. Нөгөө талдаа Эрүүл мэндийн даатгалын сан чинь 3 сая хүний эрүүл мэндийн даатгалын өөр дээрээ авч, тэдний өмнөөс эмнэлгүүдтэй гэрээ хийдэг тогтолцоо. Ингэхээр даатгуулагчдын эрх ашгийг хэн хамгаалах юм бэ? 

Ингээд зарим гишүүдийн байр суурийг хүргэе.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

-Энд буруу, зөв мэдээлэл тараад байна. Эрүүл мэндийн яам бол эмийн сан, эмнэлэг биш. Монгол улсын эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж явдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлчилгээ үзүүлдэг гэж буруу зөрүү яриад байх юм.

Ж.Мөнхбат өөрөө ЗГХЭГ дарга байсан сайн мэдэж байгаа. Тоог тохуу хийхээ боль.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр нэг дутагдал байна. УИХ-ын гишүүн үгээ хэлж байхад янз бүрээр зэрэгцэж хашигчаад, дайрчих юм. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэнийхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй юм. Би ерөөсөө тоглосон наргисан зүй байхгүй.

Энэ сан НХХЯамдаа байж л байг л дээ. Энэ юу нь болохгүй байгаа юм бээ. Олон улсынхаа жишигийн дагуу яваг  л дээ.


Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд нарын байр суурь
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: ХНХЯамд харъяатай байсан ч олигтой өөрчлөлт, ахиц гараагүй

Эрүүл мэндийн салбар ямар байгааг та бид сайн мэдэж байгаа. Тойрог тойрог дээрээ очиход хамгийн түрүүнд энэ салбарын асуудал хөндөгдөж байгаа.

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн салбартаа ойртуулах гэдэг нь эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах тухай асуудал юм.

Өнгөрсөн хугацаанд ХНХЯамд харъяатай байсан ч олигтой өөрчлөлт, ахиц гараагүй. Өнөөдөр иргэд эрүүл мэндээсээ болж ядууралд өртөж байна.

Тиймээс энэ эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалыг даатгуулагчид ойртуулах тогтолцоог бий болгох гэж зорьж байгаа болохоос Сайд өөртөө авч, завших гэж буй хэрэг биш юм. Өмнө нь ийм зүйл байсан юм байна лээ.

Миний хувьд хүүхэд нь шингэн алдаад хоолоо идэж чадахгүй байгаа эхийн нулимс, зовлон шингэсэн тэр мөнгийг идэж уух, хувьдаа зориулах асуудал байж таархгүй.

Гол нь иргэдийн нуруу дээр ирж байгаа эрүүл мэндийн зардлыг бууруулах зорилготой. Эрүүл мэндийн даатгалын сан ЭМЯам дээр ирсэнээр яам хочихгүй, ард түмэн хожино. Эмнэлэгүүдийн дарга нарыг ЭМЯ томилдог учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэж байна.  

Гэхдээ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг баталсан. Хуулиар эмнэлэгүүдийн дэргэд ажиллах удирдах зөвлөл нь эмнэлэгийн дарга нараа томилох юм.

Ингэснээрээ Эрүүл мэндийн яам эмнэлэгийн үйлчлгээг худалдан авагч юм.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: ХНХЯ харьяа байхад ямар ч үр ашиггүй байсан гэж салбар уруу дайрч бодохгүй

Энэ асуудлыг Засгийн газар дээр байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар олохоороо энэ шийдвэрийг гаргасан гэж байгаа учраас сайдын хувиар байр суурь илэрхийлэхэд төвөгтэй болчхоод байгаа юмаа.

Гэхдээ Нийгмийн хамгааллын яамны харьяа байхад ямар ч үр ашиггүй байсан гэж салбар уруу дайрсан өнгө аястай үг хэлээд байгаа учраас би өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Энэ бол дан ганц Засгийн газрын сангийн асуудал биш,

Эзэд, Үйлдвэрчин, Засгийн газар гэсэн 3 талын хөрөнгийн асуудал. Тиймээс ХНХЯамнаас санал авахаа байг гэхэд гурван талтаас нь Та бүхэн маань саналаа аваад орж ирсэн бол бас одоо яахав дээ гэсэн байр суурь Би  Засгийн газар дээр илэрхийлсэн.

Гэтэл Засгийн газар олонхоороо дэмжсэн гээд УИХ-д орж ирсэн.

Ер нь бол миний байр суурь он гараад нийгмийн даатгалынхаа багц хуулиудыг өргөн баръяа, энэ хүрээнд сангуудынхаа асуудлыг шийдвэл яасан юм бэ гэж байгаа юм.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийг нь тусдаа биз даалгаад өгчихсөн. Өнгөрсөн жил энэ асуудлыг УИХ дээр хэлэлцэж байх үед харин би Эрүүл мэндийн даатгалын сангийн зөвлөлийг ХНХСайд тэргүүлдэг нь буруу харин ЭМСайд нь тэргүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байсан.

Засгийн газар кабинетын зарчмыг барьж байгаа учраас саналаа хэлэхэд төвөгтэй байна.


Ингээд хэлэлцүүлгийн дараа санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэнээр Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамд шилжүүлж, тус яамны сайдын багцад тооцохоор боллоо.

 

ШИНЭ МЭДЭЭ