МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Төсөв сайн болсон гэж хэлэхгүй
2017.11.14
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төсөв сайн болсон гэж хэлэхгүй

Б.Баттөмөрийн байр суурь

-Монгол Улс эдийн засгийн гүн хямралтай байна. Хямралын үед боловсруулж оруулж ирсэн төсөв. Тийм сайн болсон гэж хэлж чадахгүй. Бас их муу төсөв ч биш. Боломж бололцоондоо тааруулсан л төсөв гэж хэлнэ, би. Нийт олох орлого нь 7.2 их наяд төгрөг. Зарлага нь 9.6 их наяд төгрөг байхаар тооцсон. 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай. Алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцүү.

Эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон. Засгийн газрын өрийн дээд хэмжээ 2.5 их наяд байна. Төсвийн алдагдлыг нөхөх хэмжээнд өр тавихаар тооцсон гэсэн үг. Ийм л төсөв. Шинэ соргог юм байхгүй. Эсрэгээрээ их муудсан юм алга. Төсвийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд тохирсон тоо хэмжээндээ л тааруулж хийж байгаа. Нэгэнт бид ОУВС-тай хамтарч ажиллахаар тохирчихсон учраас тэр хүрээндээ тоогоо барих нь зөв. Гэхдээ орлого нэмэх, зарлагын реформ хийх асуудлыг цаашид ярина. Зарлагаа танах байсан гэдэг байр суурийг олон хүн илэрхийлж байгаа. Гэхдээ бид 2020 он гэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжинд оруулна.

Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэсэн зорилт дэвшүүлсэн. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч Монголын төрөөс авч хэрэгжүүлэх ёстой ажил. Үүнд зориулж 625 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэхдээ бүгдээр нь цэцэрлэг, сургууль барих юм биш. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтууд тийшээ чиглэнэ.

Мөн зам тавих, эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх гээд олон төсөлд хөрөнгө оруулалт хийж байгаа. Түүнээс гадна, жижиг сажиг гэж болохоор сандал ширээ, бичиг цаас гэх мэт зардлыг гаргахаас өөр арга байхгүй. Гэхдээ төсөвт нэг их дарамт болохгүй.

Сэтгүүлч Н.Пунцагболд

ШИНЭ МЭДЭЭ