МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгой -Гашуун сухайит чиглэлийн төмөр замд 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
2017.11.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгой -Гашуун сухайит чиглэлийн төмөр замд 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

Суравжлага, Үндэсний шуудан сонин, 2017.11.5 №224(2921)

Говийн намхан бор толгод дундуур зурайн харагдах олон салаа замаар хурдлан өмнийн их говьд ирлээ. Зам тээврийн хөгжлийн сайд, Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн Л.Энхболд нараар ахлуулсан сурвалжлах баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллахаар ирж буй нь энэ юм.

Эхний ээлжид тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцав. Манай улсын экспортын орлогын ихээхэн хувийг эдгээр нүүрсний компаниуд бүрдүүлдэг. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой бүтээн байгуулалтыг орон нутагтаа хийж, нутгийн болон монгол залуучуудаа ажлын байраар хангадаг. Бидний нэн тэргүүнд очсон газар бол Ухаа Худаг коксжих нүүрсний ордод 2009 оноос хойш ажиллаж буй “Энержи ресурс” компани байлаа. Авто засварын газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа баяжуулах үйлдвэртэй танилцсан юм.

Тус баяжуулах үйлдвэр нь нүүрсийг дотооддоо угааж, баяжуулан экспортолдог манай улсын цор ганц үйлдвэр. Харин Ухаа худаг уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн ба ахуйн хэрэглээний ус хангамжийн систем нь малчид, иргэдийн гүний усанд нөлөөлөхгүй байхаар шийдэгдсэн буюу 100 метрээс дооших гүнээс усаа татдаг онцлогтой гэнэ. 

Дараагийн компани болох “Эрдэнэс тавантолгой” компани нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 343 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 977 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 220 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж улсад төвлөрүүлсэн байна. Тус компани энэ жил 13 сая тонн нүүрс олборлож, 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс одоогоор 7.7 сая тонныг экспортлоод байгаа ажээ. Одоогоор овоолгодоо 3.8 сая тонн нүүрсний нөөцтэй байгаа аж.  

Ингээд салбарын сайд нар уурхайнуудын үйл ажиллагаатай танилцсаны дараа уурхай хариуцсан удирдлага, төлөөллүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Хэдийгээр эдгээр уурхайнууд өөрсдийн хүчин чадлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ч  өнгөрсөн долдугаар сараа хойш Хятадын тал хилийн боомтын хяналт шалгалтаа чангатгаж эхэлсэн байна. Үүнээс шалтгаалж өдөрт дунджаар 1500 гаруй нүүрсний хүнд даацын автомашин ордог байсан боомтоор өдгөө 500 гаруйхан авто машин нэвтэрч байгаа юм.

Энэ нь Гашуун сухайтын хилийн боомт нүүрсний уурхай хоёрын хооронд автомашины урт дараалал үүсэх гол шалтгаан болжээ. Ийнхүү Хятадын талын нүүрсний автомашин татан авалт өдөрт 500-гаас хэтрэхгүй байгаатай холбогдуулан “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудад Засгийн газраас квот тогтоосон байна.

Тодруулбал, өдөрт 500 машинаар тооцож “Энержи ресурс”-т 40 хувь, “Эрдэнэс Тавантолгой”-д 45 хувь, “Тавантолгой”-д 15 хувь гэж тооцсон байна. Уурхайнууд тогтоосон квотын дагуу ачилт хийж байгаа ч боомтод үүссэн ачаалал буурахгүй байгаа талаар уурхайн төлөөллүүд хэлж байлаа.

Өмнө нь өдөрт 1500 орчим хүнд даацын машин гардаг байсан учир уурхайнууд нүүрсний экспортоо сайжруулахын тулд аль болох олон хүнд даацын авто машинтай компанитай гэрээ байгуулдаг байжээ. Үүнээс шалтгаалан автомашины илүүдэл үүсч, дараалал бий болох шалтгаан болж байгааг ч энэ үеэр онцолж байлаа.

Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ компаниуд гэрээгээ хийхдээ ачих нүүрсний хэмжээгээ гаргаж, түүндээ тулгуурлан тооцоолсон машины тоог ч гаргах хэрэгтэй байсан талаар хэлж байлаа. Гэхдээ өвлийн хүйтэнд тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэнд болон амь насыг хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал болохыг энэ үеэр салбарын сайдын зүгээс онцолж байв.

Энэ үеэр “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл дараах саналыг тавьсан юм.

Тэрбээр “Цагаан хад хүртэлх замын даацаас шалтгаалж, нүүрсний хэмжээг 65 тонноор хязгаарлаж байгаа. Харин хилийн бүсийн 10 гаруй км-ийг шороон замаар явуулбал 100-110 тонныг ачих боломжтой. Авто замаар явж байгаа учир 65 тонноор хязгаарлагддаг. Мэдээж бид малчид, орон нутгийн иргэдийн асуудлыг ойлгож байгаа. Тиймээс ч энэ замыг анх санаачилж тавьсан. Цагаан хад дээр 65 тонноор асгаж, нөөцөө бүрдүүлсний дараа түүнээс цааш 110 тонноор зөөвөл бидний зөөх нүүрсний хэмжээ 40-50 хувь нэмэгдэнэ” гэдэг саналыг хэл байв.

 
Сүүлийн үед Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх замд үүсээд байгаа асуудал бол яах аргагүй нүүрс ачсан автомашины цуваа юм. Зарим нь үүнийг дэлхийн хамгийн урт машины цуваа гэж хошигнох нь ч бий.

Гэхдээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд биднийг очих үед хошигнол гэхээс илүүтэй эмгэнэл гэмээр байлаа. Хилийн боомтоор гарах гэж дугаарласан жолооч нар энд 13-15 хонож байна. Тэд энэ хүйтэнд даарахгүйн тулд байнга халаагч ашигладаг ажээ. Үүнээс болж тэдний уруул, хоолой хатах зэрэг асуудал үүсдэг аж. Мөн хоол, ундны ус тэдэнд тулгамдаж байгаа асуудлын нэг.

Биднийг очиход тэнд байсан жолооч нар Засгийн газрийн зүгээс өөрсдийн асуудлыг сонсохоор биечлэн уулзалт хийж байгаад талархаж буйгаа илэрхийлж байв. “Хятад эздийн хувьд нүүрсээ ачуулах нь чухал болохоос тэнд ажиллаж байгаа монгол залуусын асуудал ямар ч хамаагүй. Тиймээс хятад эздийн бизнесийг жолоочдынхоо нуруун дээр болон зам дээр авахаа болъё” гэх мэт үгсийг тэд хэлж байлаа. Мөн хятад компанийн эзэд дугаар дайрч хурдан ирсэн тохиолдолд нэмэлт урамшуулал өгөх санал тавьдаг талаар ч хэлж байв.

Сайд Ж.Бат-Эрдэнэ “Зургадугаар сард өдөрт 1500 орчим хүнд даацын автомашин гарч байсан. Боомтын ачааллын хүндрэлээс болж 600 орчим л гарч байна. Үүнээс өмнө нь нэвтэрдэг байсан 6000 гаруй тээврийн хэрэгсэл зам дээр ачаалал үүсгээд байна. Цаашид тээвэр хийлгэж байгаа аж ахуй нэгж, тээвэрлүүлж байгаа уурхайнууд хамтарч гэрээ хийх хэрэгтэй.

Мөн Цагаан хадны тээвэрлэлтийг өргөжүүлж, богинын тээврийг уртын тээвэртэй хослуулан, тээвэрлэгч байгууллага жолооч нарын саналыг авч гурвалсан гэрээ хиймээр байна. Одоо хүйтэрчихлээ. Энэ байдлаараа байвал та бүхэн машиндаа хонож, хүйтэнд даарч хөрөх асуудал гарч байна. Тиймээс төрийн талаас ч асуудлаа хэлэлцэж, хил гаальдаа хяналт тавья. Мөн тээвэрлэгч байгууллага өөрийн гэсэн хотхонтой байх ёстой. Та бүхэн ч мөн өөрийн компанидаа энэ шаардлагыг тавьж, нийгмийн даатгалаа төлж өөрсдийн баталгаагаа гаргуулах хэрэгтэй. Бид ч тээврийн байгууллагын хувьд энэ шаардлагуудыг тавина” гэлээ.

Жолооч нар ч үүнийг нааштай хүлээн авч, урт болон богинын тээврийг хослуулахыг дэмжиж байв. Хүнд даацын автомашины жолооч Б.Отгонбаатарын хувьд энд ирээд 13 хонож байгаа гэнэ.

Тэрбээр “Машиндаа орж хонохоос халширч байна. Гэхдээ намайг хүчээр авчраагүй. Би амьдрахын тулд мөнгө олох гэж энд ирсэн. Түүндээ болоод л явж байна. Эндээс явлаа гэхэд өөр газар ажил байхгүй байна. Улаанбаатарт очоод ч ажил олдохгүй. Ингээд амьдралын баталгаагүй явж байна” гэв. Түүнчлэн халаагчаа ажиллуулах боломжтой нэг нь байхад халаагчгүй машинтай жолооч нар байгаа гэнэ.

Тэрбээр “Байнга халаагчтай байхаар түлш нь дуусчихдаг. Тэгэхээр Хятадууд биднийг түлшээ зарчихлаа гэдэг. Түлш дуусчихвал хажуугаар олон машин гарчихна. Үүнээс хүйтэрвэл бүр л их түлш хэрэгтэй болно байх” хэмээв. Энэ мэтчилэн ар гэрээ залгуулах гэсэн монгол залуус “Тавантолгой”-н нүүрсний ам болон Гашуун сухайтын хилийн боомтод дугаарлан хонож байна. Тиймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд цэгцлэх, жолооч нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэх үүднээс Салбарын сайд нар болон холбогдох албаныхан, уурхайн удирдлагууд шуурхай хуралдаж асуудлаа дахин хэлэлцсэн юм.

Үүний дараа ЗТХ сайд Ж.Бат-Эрдэнээс дараах зүйлийг тодруулсан юм.  

-Гашуун сухайтын хилийн боомтод үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Үүнээс ямар шийдэлд хүрэв, цаашдаа ямар зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

-Энэ намраас эхэлж Гашуун сухайт боомтын ачаалал нэмэгдсэн. Үүнээс болж 100 км хүртэлх дараалал бий боллоо. Үүнтэй танилцлаа. Хамгийн гол нь боомтын болон жолооч нар, тээвэрлэгч байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал мөн нөгөө талаас нийлүүлэгч байгууллагын нүүрс нийлүүлэлтийн байдлыг бүгдийг нь харж зохицуулах асуудал байна.

Ингээд хэд хэдэн байгууллагатай уулзаж ярилцахад, уртын тээвэр гэж яриад байгаа Таван толгой- Гашуун сухайт гэсэн тээвэрлэлтийг хувааж, Таван толгой- Цагаан хад, Цагаан хаднаас цааш Гашуун сухайт хүртэл үргэлжлүүлье гэсэн байдлаар зохицуулахаар болж байна. Ер нь жолооч, тээвэрлэгч нараас гарч буй санал ийм байна.

Цагаан хадан дээр очиж тээвэрлэгч болон нүүрс хүлээж авдаг складынхантай уулзлаа. Энд складыг цогц байдлаар складны үйл ажиллагааг жигдрүүлж, тээврийг зөвхөн Таван толгойгоос буулгадаг байя гэсэн шийдэлд очлоо. 

-Богино эрээсийг дахин явуулахаар байгаль орчин бохирдлоо гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Зарим жолооч нар богиноор яваад дараалал буурахгүй гэдэг саналыг хэлж байсан?

-Яг өнөөгийн хувьд нэлээн хүйтэрчихлээ. Энэ хүйтэн нөхцөлд жолооч нарыг аль болох богино хугацаанд тээвэрлэлт хийдэг, тээврийн хэрэгсэлдээ хонодоггүй байх нөхцөлөөр хангах шаардлагатай байна. Хятад, Монголын хилээр өмнө нь 1600 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан.

Өнөөдөр 500-600 тээврийн хэрэгсэл нэвтрэх бололцоотой байна. Үүнд тохируулан ачааллыг багасгах зорилгоор богино тээвэрлэлтийг явуулья гэдэг асуудлыг тавьж байгаа. Байгаль орчны хувьд шороон замын цаана зам явж байгаа. Түүнийг хурдасгая гэж байна. Нөгөө талаас өвлийн улирал болж байна. Цас орсон нөхцөл байдлыг ашиглаад хавар болтол бөглөрлийг арилгах тал дээр гол нь анхаарахгүй бол болохгүй байна. Тиймээс шороогоор явдаг замыг багахан хугацаанд ч болов нээхээс өөр аргагүй байна. 

-Замын асуудалтай холбоотойгоор төмөр замын асуудал мөн сөхөгдөж байна. 2013 онд эхэлсэн төмөр замын далангийн бүтээн байгуулалтын ажилтай мөн танилцлаа. Энэ асуудал дээр ямар шийдвэртэй буцаж байна вэ?

-Зам тээврийн хөгжлийн яамны нэн тэргүүнд хийх ажлын түрүүнд энэ төмөр замын асуудал байгаа. Тиймээс Таван толгой- Гашуун сухайтын төмөр замтай мөн танилцлаа. Хийгдсэн далан, сувгийн ажил гээд бүх зүйлтэй танилцаж, үзэж харлаа. Хамгийн гол нь бидэнд хөрөнгө оруулалтад 400-500 сая ам.доллар босговол энэ замыг маш яаралтай ашиглалтад оруулна гэсэн байдлаар ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалт зогссоноос хойшхи гурван жилийн хугацаанд гарсан эвдрэлийг мөн харлаа.

Манай мэргэжилтнүүдийн харж байгаагаар цас, борооноос үүссэн 400 мянган ам.долларын эвдрэл, байна. Энэ эвдрэлийг цаашдаа засах, хөрөнгө оруулалтын асуудал байна. Гэхдээ үүнийг авто зам, Таван толгойгоо цаашид яаж ашиглах вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

Мэдээж хамгийн том хэрэглэгч тал болох Хятадын талтай гурвалжилсан байдлаар бүхэлд нь цогцоор нь авч хэлэлцээд, төмөр зам, авто зам, Таван толгой, хэрэглэгч хаана байгаа вэ гэдгээ томоор харж хөрөнгө оруулалтаа шийдэх шаардлагатай байгаа.

Хөрөнгө оруулалтыг шийдэх ямар гарц байна гэж харж байгаа вэ?

-Мэдээж том хэрэглэгч Хятадын тал байгаа. Тиймээс эдгээртэй ярьж таарна. Ер нь Хятадын Элчин сайдтай уулзсан. Урьд өмнө нь хийж байсан уулзалтын протколыг харлаа. Эдгээрийг цогцоор нь хүлээж авъя, шийдвэрлэе гэж байгаа. Хэн худалдаж авах, эндээс нийлүүлэгч нь хэн байх, Таван толгойгоо яаж ашиглах гэх мэт. Мөн хөрөнгө оруулалтаа яаж босгох хамтрах уу эсвэл өөр гарц байна уу, угаах үйлдвэрлэлээ хаана байлгах, өртөг шингэсэн байх уу. Шууд ачилтаа хийх үү. Ачлаа гэхэд замаар явах уу, төмөр замаар явах уу гээд бүхэлд нь авч хэлэлцье гэж байгаа. 

Сэтгүүлч Б.Номин

ШИНЭ МЭДЭЭ