МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
2017.11.16
Эдийн засаг, Худалдаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Тэрээр: “Тогтоолын төсөлд эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломжтой орон сууцны ипотекын тогтолцоог хөгжүүлэх, банкны салбар дахь чанаргүй зээлийг бууруулах, чанаргүй зээл үүсэхгүй байх орчныг бүрдүүлэх, стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Засгийн газрын дотоодын үнэт цаасыг бууруулах, арилжааны банкин дахь Засгийн газрын үнэт цаасыг мөнгөний бодлогын хэрэгсэл болгон ашиглаж эхлэх, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээн, хадгалах үүднээс ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгох зэрэг зарчмын саналуудыг нэг бүрчлэн тусгасан” гэлээ.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр сууриас онцлон хүргэе.
Д.ТЭРБИШДАГВА: МӨГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ДУНД ХУГАЦААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ ТАЛ ДЭЭР САЙТАР БОДОХ ЁСТОЙ

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах гэж байгаа. Үүнийг бид сайтар бодох ёстой. ОУВС “тэгсэн”, тийм учраас бид “тэгэх” ёстой  гэж ярьдаг боллоо. Монгол Улсын Засгийн газрын бодлогын дагуу ОУВС бидэнд дэмжиж, тусалж байгаа гэж ярьвал өөр. Харин ОУВС-гаас шахаж шаардаж болохгүй.

АТГ байгуулахдаа авилгалгүй болно гэсэн зорилт тавьсан. Гэтэл АТГ нь “айдсын” байгууллага боллоо. Үүнтэй адил болох вий.

Бодлогын баримт бичиг дээр: “Монгол Улс ажиглалтын үе буюу 2018 оны 10 сараас өмнө ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчноо яаралтай өөрчилж, холбогдох олон тооны ажил хийж гүйцэтгэснээр эрчимтэй хяналтаас гарах боломж бүрдэнэ” гэж байна. Монгол Улс эрчимтэй хяналтанд орчихсон юм байна. 3-хан сая хүнтэй Монгол Улсад тэгж их терроризмын мөнгө орж ирээд байгаа юм уу? Харин ч Монголоос буруу аргаар олсон мөнгийг оффшор данс руу оруулаад байгаа.

АТГ байгуулагдсанаас хойш аж ахуйн нэгжүүд, жирийн ажилчид айдас, хүйдэстэй болсон. Түүнтэй адил энэ хөтөлбөрийг боловсруулахаас өмнө зөвлөлөөс нь боловсруулсан ажлыг УИХ дээр сонсмоор байна. Мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн нотлох баримттай зүйл байгаа юм уу?

Б.БАТТӨМӨР: ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС МАНАЙ БАНКНЫ СИСТЕМД ХИЙЖ БАЙГАА АУДИТЫН ДҮНГ СОНСОХ ЁСТОЙ

Инфляц Эхний 10 сарын байдлаар 6.8 хувьтай гарч байна. Инфляцыг цаашдаа дээд хязгаар нь 8.6 байхаар аль болох бага түвшинд барих бодлого баримтлах ёстой. Эдийн засгийн өсөлтийг дагаад дифляц өсдөг онол бий. Гэхдээ өнөөдөр дэлхийд удирдагч нарыг эдийн засгийн өндөр өсөлт, нам түвшний инфляцаар шалгаж байна. Тиймээс Монголбанк инфляцыг онилсон бодлого явуулахдаа нам түвшинд барих ёстой.

Уул уурхайн бус салбарын идэвхжлийг хангах чиглэлээр мөнгөний бодлогыг чиглүүлж ажиллах шаардлагатай. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр мөнгөний бодлогын баримт бичигт тусгасан байна. Зээлийн хүүг Монголбанкны мөнгөний бодлогоос гадна эдийн засгийн чадавхтай холбох ёстой. Иймээс сангийн бодлого, мөнгөний бодлого хамтарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүдээс дээд түвшинг тогтоох хуулийн төсөл оруулж ирж байгааг би дэмжиж байгаа. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа энэ үеийг дагаж банкны чанаргүй зээл нэмэгдэж байгаа. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 14.9 хувь болж байна. Энэ асуудалд маш сайн шинжилгээ хийж, тохирсон арга хэмжээг авах хэрэгтэй.

Олон улсын байгууллагаас манай банкны системд аудит хийж байгаа. Энэ аудитын дүнг бид сонсох ёстой. Энэ дүнгийн дагуу цаашид авах арга хэмжээг тодорхойлж, төлөвлөгөө гаргах ёстой. Дахин хөрөнгөжүүлэлт, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийх ёстой.

ОУВС-тай хамтарч өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бид хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Энэ үүргээсээ гажих ёсгүй.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөр гээд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрт маш олон асуудал тусгасан. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг Монголбанкнаас санал санаачилга гаргаж, мөнгөний бодлогын арга хэмжээг авахадаа энэ хөтөлбөрийг хамтад нь авч хэрэгжүүлэх ёстой.

Монгол төгрөгний үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд их зүйл хийх шаардлагатай.
С.ЭРДЭНЭ: БАНК САНХҮҮГИЙН ТАЛЫН ОЙЛГОЛТ БАГАТАЙ ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААСАН ЮМ ЯРИАД СУУЖ  БАЙГААДАА МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ИЧИХ ХЭРЭГТЭЙ

Хасах үзүүлэлттэй эдийн засгийг аваад 5.3 хувь болгож чадсан гэж их ярьж байна. 2016 онд Б.Чойжилсүрэнд 1.3 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээлгэж өгсөн.

Монголбанкны гавъяа байгуулаад 2.2 тэрбум долларын нөөцтэй болсон юм шиг ярьдгаа болих хэрэгтэй. 2016 онд Монголбанкны гадаад валютын нөөцийг 1.5 тэрбум доллараар үлдээсэн. Своп хэлэлцээрийн үр дүнд 2 тэрбум доллартай тэнцэх юаны хадгаламж байсан. Тэрийг Баяртсайхан төлнө гэж ойлгоод 1.5-ыг хасахаар цаана нь -400 сая долларыг үлдэж байгаа гэж ойлгосон.

Би Баяртсайханы өнгөрсөн жилийн мэдэгдлийг эдийн засгийн талаас нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж ойлгож байна. Санаатайгаар валютын ханшийг унагааж, зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж хардаж байна.

Өнөөдөр 1964 байсан долларын ханшийг Баяртсайхан гарч ирээд гадаад валютын нөөц -400 сая гэж зарлаад, 2700 хүртэл огцом өсгөсөн. Одоо тэрийгээ буулгаад 2450 болгосныгоо гавъя байгуулсан мэтээр яриад сууж байгаад би харамсаж байна.

2.2 тэрбум болсон гадаадын валютын нөөц гэж яриад байна. 1.5 дээр нэмэх нь 2 тэрбум гэж үзвэл 700 сая долларын нөөц л нэмэгдсэн байна.

Энэ мэт банк санхүүгийн талын ойлголт багатай хүмүүсийн тархийг угаасан юм яриад сууж байгаадаа ичих хэрэгтэй. Бодит тоон үзүүлэлтийг үнэн шударгаар ярь.

1.3-ын инфляцтай байсан эдийн засгийг өнөөдөр 5.7 хувьтай болгоод явж  байна. Удахгүй 8.2 болгоно гээд яриад сууж байна. Бараг хасах руу орох гэж байсан инфляцыг өнөөдөр  5.7 болгосон Монголбанкийг гайхамшигтай сайн ажилласан гээд зарим гишүүд магтаж байгаад гайхаж байна. Арилжааны банкуудын зээлийн хүү өнөөдөр тамтгаа алдлаа. Ямар ч хяналт алга. Зээлийн хүүд дарлуулаад аж ахуйн нэгж, иргэд сөхөрч байна. Үүд хаалгаа барьж байна. Тоо баримтаар мэтгэлцэж болно. Шаардлагатай бол Эдийн засгийн байнгын хороон дээр Монголбанкны мөнгөний бодлогын асуудлаар мэтгэлцэж болно. Бүх юмыг өнгөрсөн 4 жил рүү чихдгээ боль. Одоо та нарын үүрэг хүлээдэг цаг. Үүргээ биелүүл. Ажлаа хий.

УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалаа. Хуралдаанд оролцсон 56 гишүүний 67.9 хувь нь дэмжснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

ШИНЭ МЭДЭЭ