Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцлээ
2017.11.16
Улстөр

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцлээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. АБГББХ-ны хуралдаанаар нууцаар санал хурааж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхын санал авсан юм. Ийнхүү өнөөдөр УИХ дээр тэдний Тусгай хяналтын дэд хороонд оруулах эсэхийг хэлэлцсэн. Харин УИХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, мөн одоо байгаа бүрэлдэхүүнийг дахин өөрчлөх шаардлагатай гэдэг үндэслэлээр нэг хоногийн завсарлага авсан юм.

Хуралдааны үеэр гишүүдийн илэрхийлсэн онцлох байр суурийг хүргэе.
Д.ОЮУНХОРОЛ: ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАСАН

Тусгай хяналтын дэд хороонд өөрчлөлт оруулах талаар асуудлаар хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байна. Мөн хоёр гишүүн нэмэгдэж орж байгааг дэмжиж  байна.

Тусгай хяналтын дэд хороо өмнө нь маш хангалтгүй ажилласан юм байна гэдгийг өнөөдөр өглөө Ц.Нямдорж даргын хэлж байгаа тайлбараас сонсоход ойлгомжтой боллоо.

Өнөөдөр Монгол Улсад маш олон маргаантай сэдвүүд байдаг. Тэр тусмаа төрийн нүд чих болсон тагнуулын байгууллага мэдээллийн зөрөөтэйгөөс болж маш их дайрах хандлага газар авсан.

Энэ асуудалд цэг тавиад, хоёр талд шийдэж ярих ёстой газар нь Тусгай хяналтын дэд хороо. Тусгай хяналтын дэд хороо маш хангалтгүй ажилласан.

Ер нь бараг ажлаа хийдэггүй гэж ойлгож байна. Тиймээс энэ байнгын хороог бүрэн бүрэлдэхүүнээр шинэчлээд, энэ хоёр гишүүн дээр нэмж шинэ гишүүдийг оруулаасай гэж бодож байна. Бид энэ хорооны үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Энэ асуудлыг байнгын хороон дээр дахин хэлэлцээрэй.

Ж.ЭНХБАЯР: ХЭН ДУРТАЙ НЬ ОРДОГ БАЙНГЫН ХОРОО БАЙЖ БОЛОХГҮЙ

Олон хүн дэвшээд, нууц санал хураалт гаргаад, олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хороонд орох гишүүдийг сонгож байгаа үйл явц харагдлаа. Би үүнийг маш зохисгүй зүйл боллоо гэж харж байна.

Хэн дуртай нь оръё гэж хүсдэг байнгын хороо байж болохгүй гэдэг байр суурьтай байна.

Тусгай хяналтын дэд хороо Монгол Улсын гүйцэтгэх ажиллагаа явуулдаг чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилт, бусад байгууллагуудын нууц төсвийг баталдаг. Түүний хэрэгжилтийг шалгадаг гээд маш олон эрхтэй.

Байнгын хороонд орох гишүүд нь УИХ-д дор хаяж 3 удаа сонгогдсон, олон түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн, нөгөө талдаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ойлгодог, үндэсний язгуур эрх ашигаа эрхэмлэн дээдэлдэг, гадаад бодлого болон батлан хамгаалах бодлогын уялдааг сайн ойлгодог, урт хугацааны төрийн бодлогын учир шалтгааныг гадарладаг гишүүн орж байж ямарваа асуудалд тулхтай шийдвэр гаргах учиртай.

Энэ зарчим алдагдаж байгаа гэж УИХ-ын даргад хэлэхийг хүсч байна.

Ардчилал нэрийн дор, санал хураах нэрийн дор хамаагүй хүмүүсийг оруулаад, улс орны нарийн ширийн юмыг олон түмэнд гаргах цаг нь мөн үү биш үү гэдгийг бодох хэрэгтэй. Таатай зүйл биш.
Х.НЯМБААТАР: ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГ 7 ГИШҮҮНТЭЙ БОЛГОЖ БОЛОХ УУ?

Тусгай хяналтын дэд хорооны өчигдрийн хуралдаан дээр бид санал хураалт явуулсан. Дэгийн дагуу явагдсан. Олон санал авсан хоёр хүнээ өнөөдөр УИХ-д оруулж ирж байна. Тусгай хяналтын дэд хороонд оръё гэсэн саналтай гишүүд байна. Тиймээс гишүүдийн тоог 7 болгож болохгүй юу?

ШИНЭ МЭДЭЭ