МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

АН-ын бүлэг банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс 5 хоногийн завсарлага авлаа
2017.11.17
Эдийн засаг, Худалдаа

АН-ын бүлэг банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс 5 хоногийн завсарлага авлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкнаас банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно. Түүнчлэн, Банкны тухай хуулийн зарим зүйл, заалтын утга, агуулга нь олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаанд нийцсэн, илүү ойлгомжтой, тодорхой хэлбэрээр сайжрах болно гэж хууль санаачлагч үзжээ.

Харин хуулийн төслийн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хорооноос:

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Зээлийн хүүг бууруулах шаардлагатай боловч нөгөө талдаа зээлийн хямд эх үүсвэрээ хамтад нь авч үзэх нь зүйтэй. Мөн иргэдийн санхүүгийн боловсролд анхаарах шаардлагатай;

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтдөө дагалдсан хуулийн төслүүдийг нягт уялдуулах шаардлагатай. Тухайлбал, уг хуулийн төсөлд зээлийн хүүний асуудлыг тусгаагүй мөртлөө дагалдсан хуульдаа тусгаж хуулийн зөрчил үүсгэж байгааг анхаарах нь зөв. Мөн төсөлд охин компанитай асуудлуудыг зохицуулаагүй үлдээсэн байгааг анхаарах;

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Арилжааны банкууд өндөр хүүтэй мөнгө хүүлж байгаа учраас гадаадад хямд эх үүсвэртэй мөнгө оруулж ирэх сонирхолгүй. Банкууд нь Засгийн газар шиг уул уурхай, барилгын салбарын үйл ажиллагаа эрхлээд байгааг анхаарах, мөн хуулийн төслийг ажлын хэсэг дээр сайн ярилцах хэрэгтэй байгааг анхаарах зэрэг саналуудыг гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэлэв.

Улмаар гишүүдээр санал хураалгахад Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс дээрх хуулийн төслийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүслээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт УИХ-ын дарга тав хоногийн завсарлага өгөв.

Харин энэ хооронд УИХ дахь намын бүлгүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр зөвшилцөх, чуулганы нэгдсэн хуралдаан, Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гарсан гишүүдийн саналыг мөн авах. Үүний тулд Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдахад ч буруудах зүйлгүй гэж УИХ-ын дарга хэлэв. 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж чадаагүй. Тиймээс чуулганы хуралдаанаар хэлэлцэх нөхцөл хараахан үүссээгүй учраас тус хуралдааныг түр завсарлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ