Эмэгтэй гишүүд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ
2017.11.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Эмэгтэй гишүүд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Ж.Батзандан, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллаж, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл авлаа.

Ажлын хэсгийн гишүүдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун тэргүүтэй албаны хүмүүс ГБХЗХГ-ын хурлын байранд хүлээн авч уулзав.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил болон цаашид тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Тэрбээр “Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг даган нийт 14 журам, дүрэм баримт бичиг гарах ёстой. Хамгийн сүүлд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр батлагдлаа. Хууль эрхзүйн орчин бүрдсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад хэд хэдэн бэрхшээлтэй талууд бий. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэй.

Үүнтэй холбогдуулан бид 2017 оныг хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд сургалтын цогц модуль боловсруулж, 75 сургагч багш бэлтгээд байна. Мөн үндэсний хэмжээнд ажиллаж байгаа 609 хамтарсан багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаар хууль эрх зүйн болон үйлчилгээний талаархи мэдээлэлтэй болж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүй, ойлголт сайжирч, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бодитой үр дүн гарна гэж харж байгаа.

Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа гол зүйл нь санхүүгийн асуудлаас илүү ойлголтын асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, бүх шатны салбаруудад хүүхэд хамгааллын тухай ойлгуулах нь чухал. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд дээрх хуулиудыг улсын төсөвт нийт 396 сая төгрөг тусгагдсан. Бид энэхүү санхүүжилтийг 21 аймаг, есөн дүүрэгт хуваарилсан.

Тодруулбал, хамтарсан багийг дэмжихэд 6.8, хүүхдийн аюулгүй байдал, түр хамгаалах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын өрөө бэлтгэхэд 6.7, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд 2.4, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлж, эрхийг нь хамгаалахад 1.1, зорилтот гэр бүл, хамтарсан баг, хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийн боловсролыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад 16.4, эрсдлийн үнэлгээний программ хийж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэх ажилд 5.6, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг дүгнэхэд 2.5 хувийг хуваарилж, зарцуулсан.

Орон нутаг болон дүүрэгт хуваарилж байгаа санхүүжилт хүн амын тооноос хамаарч харилцан адилгүй байна. Жишээлбэл, Монгол Улсын хамгийн жижиг аймаг бол Говьсүмбэр. Тус аймагт жилд 600 орчим мянган төгрөг хуваарилагдаж байна. Гэтэл хамгийн их хүн амтай аймагт 13 сая төгрөг хуваарилж байх жишээтэй. Үүнээс харахад хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх шаардлага байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Гурван сая иргэнтэй Монгол Улсын хувьд хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлын тоон мэдээлэл нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт. Тэр дундаа олон нийтийг цочроосон мэдээлэл, тохиолдол сүүлийн үед ойр ойрхон олон нийтэд ил болсон. Тиймээс холбогдох газрууд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэхээр ийм асуудал далд хэлбэрээр байсаар ирсэн үү, ойрын хугацаанд огцом нэмэгдэж байна уу, эсвэл илрэлт нь сайжирсан уу гэдгийг судлан, асуудлыг шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл түгээхэд санаачилгатай оролцох шаардлагатай байна” гэв.

Уулзалтын төгсөлд УИХ-ын гишүүн Н.Оюундарь  “Манай улсад олон хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байна. Тэр дундаа гэр бүлийн гишүүд уг хэргийг үйлдэж байгаа нь та бүхний хэлсэнчилэн гэр бүлийн боловсролыг олгоход анхаарч ажиллах хэрэгтэй болсныг харуулж байна. Үүнд төрийн болон төрийн бус байгууллага+, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй.

Зөвхөн нэг жилийн хугацаанд хүүхдийн хүчирхийллийн 200 гаруй тохиолдол илэрсэн нь нийгмийн хамгийн том асуудал болсоны нэг илрэл. Цаашид бид боловсролын хөтөлбөрт гэр бүлийн боловсролыг олгох тухай асуудлыг оруулах, хүүхэд хамгаалал, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад хамтарч ажиллахад бэлэн байна. Тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд хамгааллын асуудалд тусгайлан цаг гаргаж, нэвтрүүлэг бэлтгэхэд анхаарч ажиллана. Мөн  төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын үйлчилгээний хамгийн анхан шатны туслагч болох багийн даргын оролцоог идэвхжүүлэх ажлыг хамтын ажиллагааны хүрээнд хийе.

Түүнээс гадна нэн тэргүүнд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллая. Өнгөрсөн жилийн хугацаанд нийт 396 сая төгрөг зарцуулсан гэж ярилаа. Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдана. Энэ үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх саналыг оруулна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хилийн бүсийн аймаг, сумдад хүүхэд хамгааллын үйл ажиллагааг илүү идэвхжүүлж, анхаарч ажиллах шаардлагатай байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудад хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ