Франц улсын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав
2017.11.17
Гадаад харилцаа

Франц улсын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав

Улсын их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар өнөөдөр (2017.11.17) манай улсад айлчилж байгаа Францын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ

“Манай парламент тун удахгүй эд хөрөнгийн багц хууль, нотариатын эрх зүйн байдлыг тогтоосон шинэ хууль хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд цахим нотариат гэсэн ойлголтыг дээр дурьдсан хуулиудад хуульчлах шаардлага гарч буй юм. Төрт, хууль цаазат ёсны олон мянган жилийн туршлагатай танай улсаас суралцах зүйл бидэнд бий. Цахим нотариат гэх шинэлэг зохицуулалтыг хуульчлахдаа та бүхний үнэтэй зөвлөгөөг сонсох хүсэлтэй байна” гэв.

Төлөөлөгчдийн тэргүүн, Франц улсын Нотариатын Дээд зөвлөлийн Сахилгын хорооны дарга, нотариатч, Финестер мужийн Нотариатын танхимын ерөнхийлөгч Антуань Дезмиер Лигүе Франц улсад нотариат үйл ажиллагаа явуулдаг хэлбэр, эрх зүйн орчин болон онцлог, цахим нотариатын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын нотариатын эрх зүйн орчинтой холбоотой мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол, Францын нотариатын эрх зүйн орчны ижил төстэй зүйл болон ялгааг тодруулан асуулт асууж, хариулт авлаа.

Ингэснээр уулзалтад байлцсан Парисын шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Шарль Гизбер, Франц, Хятадын туршлага солилцооны төвийн захирал Марилиз Хебрард нар мөн УИХ-ын гишүүдтэй санал бодлоо солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төлөөлөгчдийг Монголд тавтай морилохыг хүсээд,

“Манай улсад шинэ тутам ч харьцангуй зөв чиглэлд хөгжиж байгаа нотариатын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход сургалт авах зэргээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэн, ажлын амжилт хүслээ.

Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай улсад хүрэлцэн ирж харамгүй зөвлөгөө, мэдээллээ хуваалцаж байгаа төлөөлөгчдөд дахин талархал илэрхийлэв.

Төлөөлөгчдийн тэргүүн Антуань Дезмиер Лигүе УИХ-ын гишүүдийг Франц улсад айлчилж, нотариат хэрхэн ажилладаг, эрх зүйн ямар орчинтой вэ гэдгийг судалж үзэхийг урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ