2017.11.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Буяннэмэх агсны мэндэлсний 115 жилийн ой тохиож байна

Монголын утга зохиол, урлагийн ууган төлөөлөгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономбалжирын Буяннэмэх агсан 1902 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ.

Тэрбээр хэдийгээр богинохон насласан ч ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хийж бүтээсэн ажил үйлс, зохиол бүтээлээрээ мөнхрөн үлдсэн юм. 1920-оод оноос уран бүтээлээ эхэлж, Монголын орчин үеийн уран зохиолын тулгын чулууг тавилцсан бичгийн их хүн юм. Түүний “Монгол интернационал” дуу нь 1950-аад он хүртэл БНМАУ-ын төрийн сүлд дуу болон дуулагдаж ирсэн.

Түүний уран зохиолын болон түүх, орчуулгын бие даасан арав гаруй ном хэвлэгджээ. Зохиолч С.Буяннэмэх агсныг монгол соёл, утга зохиол, урлагийг хөгжүүлэхэд авъяас билгээ зориулсныг үнэлэн 1935 онд Улсын гавьяат, алдарт уран зохиолч цол хүртээж байжээ. Энэ жил зохиолч С.Буяннэмэх агсны мэндэлсний 115 жилийн ой тохиож байгаа юм.

Ойн хүрээнд “Монголын бичгийн их хүн Сономбалжирын Буяннэмэх” эрдэм шинжилгээний хурал болон “Сономбалжирын Буяннэмэх” номын дөтгөөр боть болох Судлал шүүмжлэл, утга зохиолын үүд номын нээлт боллоо. Энэ 4 боть ном 2008-2009 онд БНХАУ-ын Бээжин хотод монгол бичгээр хэвлэгдэж байсан бол энэ удаад 4-р ботийг кириллээр манай улсад хэвлэж байгаа юм. Ном хэвлүүлэх ажлыг эрдэмтэн Д.Цэдэв, Хэл зохиолын хүрээлэнгийн доктор Д.Болормаа нар гүйцэтгэжээ.

“Монголын их бичгийн хүн Сономбалжирын Буяннэмэх” эрдэм шинжилгээний хуралд 10 гаруй судлаач, эрдэмтэд түүний амьдрал уран бүтээлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавьж байсан юм. Зохиолч С.Буяннэмэхийн уран бүтээл олон талтай, баялаг агуулгатай байсан. Яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байсныг зохиолч, судлаачид ярьж байлаа.

Зохиолч С.Буяннэмэх 1937 онд улс төрийн хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэн ч 1962 онд Улсын Дээд шүүхийн хурлын тогтоолоор цагаатгасан байна. Тэрээр гадаад хэлтэст бичээч, Эрхүү хот дахь Коминтерны Дорнод хэлтсийн нарийн бичгийн дарга нарын газар, Цэрэг ардыг сурган боловсруулах газар, Намын төв Хорооны хэлтсийн эрхлэгч, МХЗЭ-ийн төв хорооны дарга, Уран зохиолын бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, бүлгэмийн тэргүүлэгч, Сангийн яамны нягтлан бодох, Театрын зохиолч, Үндэсний эрх сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Уран зохиолчдын холбооны дарга, Соёлын ордны дарга зэрэг хариуцлагатай ажил албыг эрхэлж байжээ.

ШИНЭ МЭДЭЭ