МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гадаадад ажилладаг өндөр мэргэжилтэй иргэд эх орондоо ажиллах нөхцөл бүрдэнэ.
2010.07.16
Гадаад харилцаа

Гадаадад ажилладаг өндөр мэргэжилтэй иргэд эх орондоо ажиллах нөхцөл бүрдэнэ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Ц.Шинэбаяр, Ш.Сайхансамбуу, Н.Энхболд нар “Гадаад улсад ажилладаг Монгол улсын өндөр мэргэжлийн иргэдийг эх орондоо ажиллах нөхцлийг

 бүрдүүлэх тухай” хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна.

Өмнөд Солонгос, Хятад зэрэг улс орнууд гадаадад амьдарч байгаа өндөр технологи эзэмшсэн үндэсний сэхээтнүүддээ түшиглэн шинэ технологи нутагшуулах замаар өнөөгийн хөгжлийн түвшинд хүрсэн байна. Манай орны хувьд уул уурхай хөгжил, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны тэлэлтийг дагаад гарч ирэх шинэ салбар, технологийг хөгжүүлэхэд үндэсний боловсон хүчнээ ашиглах, бэлдэх асуудал чухал болох юм. 

Төрөлх эх орноо хөгжүүлэхэд монголчууд бид л илүү сэтгэл гаргаж, зүтгэх нь тодорхой билээ. Манай иргэд төрийн болон хувийн зардлаараа өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцаж төгсөж байна. Тэдгээрээс дийлэнх нь, ялангуяа өөрийн мэргэжлээрээ тэргүүний технологи эзэмших түвшинд мэргэжсэн төрөлхийн ур чадвартай иргэд маань амьдралын эрхээр гадаадад аж төрж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй байна.

Иймд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэл дүүрэн байдаг эдгээр иргэдийнхээ амьдралын орлогын асуудлыг шийдвэрлэж эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд урин оролцуулахад төр засгийн зүгээс бодитой анхаарах цаг болсон гэж үзэж уг хуулийн төслийг санаачилсан байна.

Энэ хууль гарсанаар манай орны хувьд хөгжүүлэх шаардлагатай байгаа чухал салбаруудад  гадаадад сурч өндөр мэдлэг, боловсрол эзэмшин өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж шинэ технологийн чиглэлээр туршлага хуримтлуулсан иргэдээ улс орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрийг нь оруулах нөхцлийг бүрдүүлэх юм байна.

 

ШИНЭ МЭДЭЭ