МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дуусгах зорилт тавина
2017.12.04
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дуусгах зорилт тавина

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГЫН ХУВЬД ТОДОРХОЙ ШИНЭЧЛЭЛҮҮДИЙГ ХИЙХ ЁСТОЙ-

-Засгийн газраас төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жилийн тарифын хөнгөлөлт эдлүүлэхээр боллоо. ОХУ руу төмөр замаар нүүрс тээвэрлэх асуудал хүлээлттэй байгаа энэ үед уг тарифын хөнгөлөлт хэдийнээс ажил хэрэг болох нь ихээхэн анхаарал татаж байна?

-Энэ асуудал 9 жилийн хугацаанд яригдаж байна. Монгол Улсын нүүрсийг тээвэрлэх, зарж борлуулах, гуравдагч зах зээл рүү аваачих замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилтын хүрээнд бид ОХУ-тай хэлэлцээр хийсээр ирсэн байдаг. Тодорхой үе шаттайгаар явж байсан хэлэлцээр өнгөрөгч наймдугаар сард нэлээд нааштайгаар шийдэгдсэн гэж болно.

Тодруулбал, хоёр улсын салбар хариуцсан яамдын дэд сайд нар уг хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Анхан шатны бичиг баримт бэлэн болсноор өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжүүлээд байна. Хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулж, миний бие гарын үсэг зурах юм. Одоогоор асуудал ийм түвшинд л яригдаад байна.

-Манай улс урд хөршийн Тяньжин боомт руу төмөр замаар нүүрс тээвэрлэж байгаа. ОХУ руу нүүрс тээвэрлэхэд тээврийн зардал нь Тяньжин боомт хүртэлх зардалтай ойролцоо тусч чадах болов уу?

-Манай улс одоогоор зөвхөн урд хөрш рүү нүүрсээ тээвэрлэж байгаа. Үүний тодорхой хэсэг нь Өвөрмонголын Бугат тэргүүтэй хотуудын үйлдвэрийн бүсүүдэд тараагддаг. Улмаар цаашаа угаагдаж боловсруулагдаад, Тяньжин хүрч байгаа гэсэн тооцоо бий.

Тэгэхээр гадаад далайн бусад боомтуудад хүрэх Тяньжины үнэ, манай улсаас ОХУ-аар дамжаад далайн гарцууд дээр очих үнийн дүн хоёр адилхан байх ёстой.

Ийм бодлогыг бид барьж байгаа. Хэдийгээр хойгуур тойрч явах зам нь таван мянга гаруй км байгаа ч тээврийн хөнгөлөлт эдлүүлчихээр Тяньжины тээврийн зардалтай уялдаж өгч байгаа юм.

-Тээврийн зардлыг яг хэд орчим ам.доллараар төсөөлж байгаа бол?

-Бидний тооцож буйгаар, ОХУ-ын Владивостокт очих нэг тонн нүүрсний тээврийн зардал 64 ам.доллар болж байгаа. Тяньжин дээр манай нүүрс очих тээврийн зардал нь 65 ам.доллар байна гэсэн судалгаа бий. Ийм байдлаар харилцан уялдаатай,өрсөлдөхүйц болгож, гэрээ хийж байгаа.

-Нөгөө талаас урт хугацаанд тээврийн тарифын хөнгөлөлт тогтоочихоор эргээд төмөр замын салбартаа эдийн засгийн тодорхой хүндрэл гарах эрсдэл байгаа юу?

-Төмөр замын бодлогын хувьд тодорхой шинэчлэлүүдийг хийх ёстой. Таван толгойн орд газраас Сайншанд, Чойр хүрэх, тэндээсээ хойд замаараа дамжих. Эсвэл Хөөт, Бичигт зэрэг замуудаар дамжиж, далайд гарах гарцыг хийнэ гэж ярьдаг. Ийм тохиолдолд ОХУ-ын төмөр замын тариф мөн нам дор байх ёстой гэсэн үүднээс хэлэлцээр хийж байна гэсэн үг.

-ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ТАВАН ТОЛГОЙН АСУУДАЛТАЙ УЯНА-

-Төмөр замын чиглэлүүдээ өргөтгөх тухай яригдах бүрт асуудалтай тулгарч, хойшилж, гацдаг. Тухайлахад, өнгөрсөн жил УИХ дээр эсэргүүцэлтэй тулгарч байсан Зүүн баян-Хангийн асуудал ирэх оны төсөвт багхан төсвөөр суутгагдсан. Энэ төсвөөр ТЭЗҮ нь хийгдэнэ гэсэн үг үү?

-Манай босоо тэнхлэгийн гол төмөр зам Зам-Үүдээр урагшаа гардаг. Замын-Үүд боомтоор нунтаг ачаа тээвэрлүүлэхгүй байх шаардлагыг урд хөршөөс тавьсаар ирсэн. Боомтынх нь зориулалт нь өөр юм. Тиймээс Зам-ын Үүд боомтоор маш бага хэмжээний нунтаг ачаа гардаг.

Нүүрс болон төмрийн хүдрийн хэмжээ 10 сая тонн орчимд хэлбэлзэж байна. Гэтэл нунтаг ачаа энэ боомтоор гаргах эдийн засгийн өгөөжийн хувьд харьцангуй өндөр.

Гол үйлдвэрийн бүсүүд нь ойр байршилтай. Тиймээс бид Зүүн баянгаас Ханги руу төмөр зам татчихвал тэндээсээ 400 км яваад л Бугатын үйлдвэрийн бүс рүү орчих юм. Өөрөөр  хэлбэл, Зам-ын Үүд боомтын дэргэд цэвэр ачаа тээврийн өөр нэг боомт нээх гарц нь өөрөө Зүүн Баян-Ханги чиглэл. БНХАУ-ын талаас ч энэ асуудлыг дэмждэг. Тиймээс ирэх онд ТЭЗҮ хийгдэхээр төсөвлөсөн байгаа.

-Цариг тойрсон маргаанаа яаж шийдэх юм?

-Цариг дээр хоёр үндсэн маргаан байгаа. 

Нэгдүгээрт, БНХАУ-ын талаас Бугатын үйлдвэрийн бүсүүд рүү чиглэсэн төмөр замаа тавиач ээ. Бид үүнд тань оролцоё гэсэн саналуудыг мэр сэр тавьдаг бололтой  юм билээ. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар над дээр ирсэн санал байхгүй. Ер нь бол яригддаг. Ийм тохиолдолд, бидний босоо тэнхлэгт байгаа ОХУ-ын төмөр замын  нэг хэсэг нь нарийн царигаар хийгдэх шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ынх нь биш, шинэ зам үүснэ гэсэн үг. Үүн дээр нэг маргаан үүснэ. 

Хоёрдугаарт, манай төмөр замын бодлогод УБТЗ-ын гол  шугамаас салаа замууд нь өргөн байна гээд заачихсан байдаг. Энэ бодлогооро шинэ салаа нь өргөн байх шаардлагатай болно. Шинэ салаагаа бодлогодоо нийцүүлж, өргөн царигаар хийлээ гэхэд бид санхүүжилтээ хаанаас босгох вэ гэдэг асуудал байна. Бодлогынхоо хүрээнд шинэ салаа зам нь өргөн царигтай хийгдэж, ачилт буулгалтын цэгээ хилийн цаана гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл, ачилт, буулгалтын цэг нь  нарийн царигтай байж болно гэсэн үг.

-Таван толгой-Гашуун сухайт чиглэлд төмөр зам барих асуудал үе үеийн сайд нарын мөрөөдөл байдаг ч биеллээ олохгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Танд ч бас энэ замыг урагшлуулчих юм сан, ажил хэрэг болгочихно гэсэн хувь хүний амбиц байгаа гэдэгт итгэж болох уу?

-Энэ чиглэлд эхэлсэн төмөр замын ажлаа дуусгах хэрэгтэй байна. Урд нь хэн барьсан, ямар чанартай нь хамаагүй. Яадаг ч байсан бид дуусгаж, бодлогоо үргэлжлүүлэх ёстой гэсэн чиг барина. Миний хувьд 2012 онд энэ төмөр замын талаарх ажлын хэсгийг ахалж, биечлэн гарын үсэг зурж явсан. Таван толгой-Сайншанд, Таван толгой-Гашуун сухайт гэсэн хоёр чиглэлийн  төмөр  зам 2016 онд ашиглалтад орно гэж гэрээнд тусгагдаж байлаа. Ингээд дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн, хоёр ч гэрээ бий. Гэтэл өнөөдөр  2017 он болчихсон. Аль ч төмөр зам нь баригдаагүй байна.

Концесс эзэмшигч нь гэрээний дагуу 2016 онд төмөр замаа ашиглалтад өгч, 30 жилийн хугацаатай замыг ашиглахаар байсан. Дараа нь Монгол Улс 51 хувиа шилжүүлэн авах төмөр зам барих төсөөлөл бидэнд байлаа. Нийтдээ 650 км орчим төмөр замын асуудал л даа.

Одоо миний хувьд ядаж Таван толгой- Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах чиглэл барина.

Мөн Таван толгой-Сайншанд чиглэлийг эхлүүлэх зорилго тавиад зүтгэнэ.

-Өнөөгийн нөхцөлд  ажил хэрэг болж явах болов уу. Та үүн дээр хэр итгэлтэй байна?

-Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг бид Таван толгойн асуудалтай уях хэрэгтэй. Энэ бол зайлшгүй шаардлага. Энэ бүс ордоо цаашид хэрхэн ашиглах юм. Борлуулалтаа яаж хийх, нүүрсээ хаана яаж зарах юм гэх мэтээр асуудлуудаа цогцоор нь ярих ёстой юм. Маш яаралтай энэ асуудлаа ярих ёстой гэсэн байр суурьтай байна.

-АЛТАНБУЛАГ, ЗАМЫН-ҮҮДИЙГ ХОЛБОСОН ХУРДНЫ АВТО ЗАМ ТАВИХ БОДЛОГО БАРИНА-

-Та ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ерөнхий байдлаар салбарынхаа голлох асуудлуудыг харж, шийдлээ ямар байдлаар төсөөлж байна. Авто ба төмөр замын  асуудлаас эхлүүлье?

-Авто замын асуудал хамгийн эхэнд яригдана. Гол асуудал нь, Улаанбаатар хотоо аймгуудынхаа төвтэй нэн тэргүүнд бүрэн холбох зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудын замын ажил ерөнхийдөө эзэнжчихсэн. Одоо замын ажлыг сайжруулах, хурдасгах, богино хугацаанд холбох ажлууд хийгдэх юм. Ингэснээр авто замаар аймгуудаа холбох ажлууд биелэнэ. Мөн боомт газруудынхаа замын асуудлыг шийдэх. Аялал жуулчлалын гол замуудаа сайжруулах, шинээр тавих зэрэг асуудлууд орж ирнэ. Энэ бүхэнд гол нь замын чанарыг сайжруулж, арчлалтыг эрс шинэчлэх асуудал хүлээгдэж байгаа.

Хоёр хөрштэйгөө хамтраад, “Бүс ба Зам” гэсэн эдийн засгийн коридор байгуулах бодлого барьж ирсэн. Энэ хүрээнд бид манай улсаар дамжин өнгөрч байгаа босоо тэнхлэгийн  төмөр замаа сайжруулъя. Дамжин өнгөрөх чадварыг дээшлүүлж, даац, засварын ажлыг сайжруулъя. Хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчилье гэсэн бодлого барьж байна. Хоёр хөрш маань эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудлыг идэвхтэй ярих боллоо. Үүнтэй нийцүүлэх замаар Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон хурдны авто зам тавих бодлого барина. Хоёр улс маань ч үүнийг дэмжсэн учир санхүүжилтээ шийдчих гарц байгаа юм.

-Иргэний нисэхийн салбарт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэх ёстой вэ?

-Иргэний нисэхийг либералчлах, өргөтгөх, нислэгийн замыг нэмэгдүүлэх, чиглэлээ өсгөх  бодлогыг зайлшгүй барих шаардлагатай байна. Бид хоёр төм хөршийн дунд байршилтай улс. Наад зах нь бид энэ хоёр улсын иргэдийн дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх учиртай. Манайд аялж, хөрөнгө оруулалт оруулж, дамжин өнгөрч байна уу гэдэг чинь их чухал. Үүний нэг хаалга нь өөрөө иргэний нисэхийн салбар. Гадны гуравдагч улс ож ирдэг. Аялал жуулчлал нээлттэй бодлогын хүрээнд хөгждөг. Ийм бодлогыг бид нэвтрүүлэх хэрэгтэй байна. Үндсэндээ бид хоёр хөршийнхөө хувьд хаалттай хэвээр байна. Улсдаа нэг сая жуулчин авна  л гээд байдаг. Жилдээ 400 мянга орчим  жуулчин ирсэн мэдээ байна. Гэтэл үүний тал хувь нь барилгын ажил дээр ажиллах гадны ажиллах хүчин байх жишээтэй. Энэ хаалттай байдлаа халахын тулд иргэний нисэхийн салбартаа олон ажлууд хийх шаардлагатай байна.

-Нисэхийн салбар ярихаар бид ганц МИАТ-аа хөгжүүлье л гэдэг?

-Нисэхийн салбарт бид зайлшгүй хувийн ААН-үүдээ дэмжих шаардлагатай. Ганц  МИАТ гэдэг монополь байгууллагатай баймааргүй байна. Нэн тэргүүнд бид билетийнхээ үнийг буулгаж, гадагшаа зорчдог нөхцөл байдлаа нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай.

-Таны бодлогын хүрээнд төсөөлж байгаа эдгээр ажлууд хэдий хугацаанд ажил хэрэг болж, тодорхой байдлаар үр өгөөжөө өгөх бол?

-Ажлуудаа эхнээс нь явуулж л байна. Одоо бидэнд 2020 онд хүртэл  хоёр жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд эхний алхмуудаа ямар ч байсан хийнэ гэж харж байгаа. Том хөрөнгө оруулалт шаардагдсан ажлууд санхүүжилтээс шалтгаалж жаахан хойшилж магадгүй. Бодлогын чанартай  ажлуудаа бол шууд хийгээд явна гэсэн бодолтой байна.

-ХЭН НЭГНИЙ ЛОББИНЫ ХҮН  ГАЗРЫН ДАРГА ХИЙЖ БОЛОХГҮЙ-

-Та яаман дээрээ очоод халаа сэлгээ хэр хийв?

-Халаа, сэлгээ хийх зав олдсонгүй. Төсвөө батлуулах том ажилтай байлаа. Ерөнхий бодлогын ажлуудаа үргэлжлүүлж, алдаа оноог нь засч залруулах асуудлууд дээр голчлон төвлөрлөө. Ер нь бол халаа, сэлгээ хийнэ. Ажлын байрны шаардлага  хангахгүй байдлууд эхнээсээ харагдаж байгаа. Улс орны бодлогыг тодорхойлдог том яам учраас бид маш сайн ажиллах учиртай. Бодлого тодорхойлдог, салбараа маш сайн мэддэг хүмүүс манай яаман дээр газрын дарга хийх ёстой. Түүнээс биш хэн нэгний лоббины хүн  газрын дарга хийж болохгүй. Тэр өнцгөөс нь харж байгаа.

-Засгийн газар бүрдэхдээ эрх баригч намын 32/33-ын бүлгээс сайд нарын нэрийг тодруулж, танхим руу оруулсан. Шинэ бүрэлдэхүүн хэд хэдэн удаа хуралдлаа. Танхимаараа ажиллах зарчим, дотоод уур амьсгал, эв нэгдэл нь хэр байгаа бол?

-Зүв зүгээр, ямар ч асуудалгүй. Танхимын зарчим бүрэн хэрэгжиж байгаа. Үүн дээр эргэлзэх шаардлага байхгүй.

-Төсөв хэлэлцэх үеэр 32-ын бүлгээс танхимд орсон сайд нарын багцыг хаслаа гэсэн шүүмжлэл явсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Тийм зүйл бараг байхгүй дээ. УИХ-ын гишүүдийн хувьд ч гэсэн, дөрвөн тэрбум орчим төгрөгт тойрогтоо хийх ажлыг тусгуулсан. Аймгуудад долоон тэрбум төгрөг орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилсан. Хэдийгээр улсын төсөв хүнд байгаа ч мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа боломжийн хэмжээнд ахиулах гэж тал талдаа хичээж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.МЯДАГБАДАМ

ШИНЭ МЭДЭЭ