МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах уу?
2017.12.06
Эдийн засаг, Худалдаа

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах уу?

Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг “хэт үрэлгэн” гэж үзээд хэсэгчлэн хориг тавьсан.

Тэрээр: “Эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан УИХ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байна” хэмээн үндэслэлдээ дурьджээ.

Хоригийг өнөөдөр байнгын хороод хэлэлцэж, Хууль зүйн байнгын хороо 81.8 хувиар, Төсвийн байнгын хороо 90 хувиар дэмжээгүй.

Ерөнхийлөгчийн тавьсан гуравдахь хоригийн талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзсэн. Хоригт хэд, хэдэн алдаа харагдаж байна. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн харагдаж байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг.

Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой.

 Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9,5 хувь гэж ойлгож байгаад үнэхээр харамсч байна. Төсөвт алдагдлыг ДНБ-ийн найман хувиас доошгүй байхаар тооцож, баталсан. Төсвийн алдагдлыг 1,5 хувиар буулгана гэдэг 600 орчим тэрбум төгрөгийн зөрүүтэй. Аймаг, нийслэлийн төсвийг өчигдөр батлагдсан, мөн энэ сарын 20-оос өмнө сум, дүүргийн төсвийг батлах ёстой. Ингэж байж Монгол Улсын нэгдсэн төсөв бүрэн батлагдана. Тиймээс хуулийн хугацаатай, цаг хугацааны хувьд шахагдсан учир хоригийг яаравчлан шийдвэрлэх шаардлагатай. Үүний дараа төсвийг зохион байгуулах гэх мэт маш олон ажил явагдана.

 УИХ-ын гишүүн Л.Болд: -Төсвөө эрүүлжүүлж, нөхцөл байдлаа сайжруулах бололцоо олдож байна. Хоригийг хүлээж авч, ажлын хэсэг гарган яаралтай сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр нэг ч гишүүн үг хэлсэнгүй.

Төрийн ажлыг тоглоом мэтээр хүлээж авч байгаад харамсаж байна.

Төсвөө тухайн үедээ цагт шахагдаад чанаргүй баталсан. 5, 10 тэрбумаар ч болов төсвөө эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Төсөв хэлэлцэж байх үед Сангийн яамнаас гэнэт оруулж ирсэн жагсаалт гэхэд л 15 хуудас байна. Дээрээс нь авч үзэхэд УИХ-ын Тамгын газарт техник хэрэгсэл болгож 2 тэрбум төгрөг зарцуулж байна. Төрийн ордны их засварын барилга 1 тэрбум төгрөг, Чингэлтэй дүүргийн Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын барилгад 4 тэрбум төгрөг, Үндэсний телевиз 1.2 тэрбум төгрөг гэх мэт танах боломжтой зардлууд байна. Эдгээрийг засах бололцоог олгож байхад Төсвийн байнгын хороо анхаарч засах хэрэгтэй.

ОУВС-тай гэрээ хийсний дагуу цалин тэтгэмж нэмэхгүй гэсэн. Гэхдээ тэтгэвэрт 150 тэрбум тавьсан мөртлөө хүүхдүүдээс 50-хан тэрбум төгрөг харамлаж байна. Цалин нэмэхгүй гэж ОУВС-тай тохирсон ч төрийн албан хаагчдын урамшуулал гээд 56 тэрбум тавьсан. Энэ мэт өөрсдөдөө хэрэгтэй юмаа хийдэг. Харин Монгол Улсын 500 мянган хүүхдийг хохироох бодлого нь хэвээрээ байна.

 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Өчигдөр хоригийн тухай сонссон. Ирэх оны төсөвт бүх аймаг, дүүрэгт сургууль, цэцэрлэг барих асуудал туссан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа энэ үед нийгэмд хандсан хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж бодож байгаа. Тийм учраас хоригийг хүлээж авахгүй боломжгүй.

 УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Энэ удаагийн төсөвт боловсролын гол асуудлууд болох сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг нэг мөр шийдэгдсэн. 2019 оны зунаас эхлээд цэцэрлэгт хүүхдээ оруулахын төлөө оочерлодог байдлыг зогсооно гэж ойлгож байгаа. Мөн малчдын тэтгэврийн насыг наашлуулах, цалинтай ээж хөтөлбөр гэх мэт намын мөрийн хөтөлбөрт орсон гол гол заалтууд энэ жил хэрэгжинэ. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй.

Энэ удаагийн төсвийг батлахдаа гишүүдэд тодорхой мөнгөн дүн тавиагүй. Гишүүн болгон тойргийнхоо асуудлыг ярьдаг. Бид энэ удаагийн төсвөөрөө 100 гаруй цэцэрлэг, 90 гаруй сургуулийн асуудлыг шийдэж байгаа учраас гишүүн болгоны тойрог дээр сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Түүнээс яг одоо гишүүн бүрт 3 тэрбум өгсөн гэсэн асуудал байхгүй.

Түүнчлэн 2018 оны төсөвт хориг тавьснаар ямар үр дүн гарах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ:Монгол Улс ОУВС-тай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хоригт ОУВС-тай хамтарч байгаа хөтөлбөрийг буруутгасан зүйл бичсэн байсан. Түүний цаана манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт өгөх донор  улсууд, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна.
ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг Сангийн яаманд ирүүлсэн.  Энэ сарын 15-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлуудын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ